Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Ерөнхий сайд Г.Занданшатарын амлалт

Ерөнхий сайд Г.Занданшатарын амлалт
Нийтэлсэн 6 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж,  Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг 94 хувийн саналаар томиллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан. Ихэнх нь улс орноо ямар бодлогоор удирдан чиглүүлж ажиллахыг нь тодруулсан. Ингээд Ерөнхий сайд Г.Занданшатарын хариултаас нь бодлогын шинжтэй амлалтыг түүвэрлэн хүргэж байна.
  • Хэмнэлтийн шинжтэй төсвийн тодотголыг оруулж ирж, батлуулна. Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол төсөв эдийн засгаа дэмжих бус ханшид, инфляцад нөлөөлөх хэмжээнд хүрч байна.
  • Татварын реформыг хийнэ. Ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг багасгана. Тансаг хэрэглээ болон хэт өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлж, татварын тэгш шударга нөхцөлийг хангана.
  • Эдийн засаг таагүй, төсвийн орлого тасалдаж байгаа энэ үед татварыг огцом бууруулна гэж амлахгүй. Харин ам.доллар гадагшаа их урсахад нөлөөлж байгаа архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Ялангуяа өндөр үнэтэй виски, тансаг машины татварыг нэмнэ.
  • Ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна. Шинээр томилох Хууль зүй дотоод хэргийн сайдыг хүний эрхийн мэдрэмжтэй , хүний эрхийг хангаж ажиллах хүнийг томилно.
  • УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан хаагч хахуул авбал бүх насаар нь хорих хүртэл ялыг чангатгасан. Ялын дээд хэмжээг тогтоосон. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталсна. Энэ дотор үндэслэлгүй хөрөнгөжих, орлогоосоо давсан зарлагыг хянах зохицуулалтыг хийсэн. Эрүүгийн хуулийн ялтай. Үндэслэлгүй хөрөнгөжих нь иргэний журмаар хөрөнгөө хураалгаад шийдчихдэг иргэний хэрэг биш. Одоогийн хуулиар эрүүгийн гэмт хэрэг. Гол нь хууль сахиулах байгууллага дабль стандарт байдлаар ажиллаж байна. Заримд нь үйлчилсэн хууль заримд үйлчилдэггүйд олон нийт дургүй байгаа. Тиймээс хууль тэгш үйлчлэх зарчмыг баримталж ажиллахыг хууль сахиулах байгуулагад шаардана.
  • Үнэнээ л хэлье, энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдэх боломжгүй. Харин цаашдаа эрүүл мэндийн салбарын төсвийг ДНБ-ий зургаан хувьд хүргэж, нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэхийн төлөө ажиллана.
  • Төрийн өмчит 129 компани ажиллаж байна. Энэ тоог хоёр дахин бууруулж, менежментийн хувьчлалыг зохион байгуулна. Ашиггүйг нь татан буулгаж, төрийн хэт оролцоог багасгана.
  • Чөлөөтэй хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээлэл бол ардчиллын дархлаа засаглалын нэг багана мөн. Харин бусдыг харлуулах, үнэнийг гуйвуулах, иргэдийг талцуулах замаар ашиг хонжоо олох зорилготой үйлдлийг ард түмний татварын мөнгөөр угждаг үйлдэл байж таарахгүй.
  • Үндэсний баялгийн санг яаж бүрдүүлэхийг тов тодорхой зааж өгсөн. Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л чадлаараа ажиллана.
  • Алт -3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна, алт худалдан авалтыг илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай. 2025 оны байдлаар 3.4 тонн алт Монголбанкинд тушаагдсан нь өнгөрсөн оныхоос буурсан чамлалттай үзүүлэлт.  Төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх замар валютын нөөцийг өсгөх нь Монгол төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, инфляциас ангид байх гол нөхцөл болно. Ийм учраас нийт алт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан аваалтад зориулж, бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулж, татварын уян хатан нөхцөлөөр хангах нь алтны нийлүүлэлтийн сайжруулна.
  • Авлигатай тэмцэх бол амаргүй ажил. Авлигатай попролоор тэмцэхгүй бодит ажлаар тэмцэнэ.
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлийн тулд тогтвортой, залгамж халаатай бодлогыг эрх зүйн болоод институтын түвшинд баталгаажуулах шаардлагатай. Ер нь хэрэгжиж байгаа болон хүндрэлтэй байгаа төслүүдээ санхүүжилт, боломж, шаардлагаар нь эрэмбэлнэ.
  • Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. 
  • Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.
  • Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн