Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Дональд Трамп: Хятад ховор металлаа нийлүүлбэл АНУ хятад оюутнуудыг хүлээн авна

Дональд Трамп: Хятад ховор металлаа нийлүүлбэл АНУ хятад оюутнуудыг хүлээн авна
Нийтэлсэн 1 минутын өмнө
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ, Хятадын хооронд бүрэн тохиролцоо хийгдсэн бөгөөд Хятад улс Америк руу ховор металл болон соронз нийлүүлэх бол АНУ хятад оюутнуудад коллеж, их сургуульд суралцах боломж олгоно гэжээ.
Трамп өөрийн Truth Social цахим хуудсаар дамжуулан Лондон хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээний анхны дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцсан байна. Тэрээр “Хятадын талаарх бидний тохиролцоо бүрэн дууссан, зөвхөн Ши Жиньпин дарга болон миний эцсийн баталгаажуулалт үлдсэн. Бүх төрлийн соронз ба шаардлагатай бүх ховор металлыг Хятад урьдчилан нийлүүлнэ. Мөн бид Хятадад тохирсон зүйлсээ хэрэгжүүлнэ. Үүнд хятад оюутнууд манай коллеж, их сургуульд суралцах боломж ч багтаж байна. Бид нийт 55 хувийн тариф авч байгаа, харин Хятад 10 хувийн тарифтай байна” хэмээн бичжээ.
Цагаан ордны нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр, уг гэрээгээр АНУ БНХАУ-аас импортлох бараанд нийт 55 хувийн татвар ногдуулах эрхтэй болж байгаа аж. Үүнд:
  • 10 хувийн үндсэн “харилцан” татвар,
  • Фентанил мансууруулах бодисын наймаанд хариу болгон 20 хувийн татвар,
  • Өмнө нь байсан 25 хувийн татвар зэрэг багтаж байна.
Харин Хятад улс АНУ-ын бараанд 10 хувийн татвар ногдуулахаар тохиролцсон гэж тус улсын төлөөлөгч хэлжээ.
Америк, Хятадын албаныхан мягмар гарагт мэдээлэхдээ, ховор металлд тавьсан Хятадын экспортын хязгаарлалтыг цуцлах, худалдааны зөрчлийг бууруулах зорилготой хэлэлцээний хүрээг тохиролцсон гэжээ. Гэсэн хэдий ч урт хугацааны худалдааны маргааныг бүрэн шийдэх тодорхой гарц хараахан гараагүй байна.
Лондон хотод үргэлжилсэн хоёр өдрийн ширүүн хэлэлцээний дараа АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник сэтгүүлчдэд "Уг хэлэлцээ нь өнгөрсөн сард Женевт хийгдсэн эхний тохиролцоог “бодит агуулгатай болгож өглөө”" хэмээн онцолжээ. Уг тохиролцоо нь харилцан ногдуулсан их хэмжээний татварыг бууруулах зорилготой байв.
Гэвч Женевийн хэлэлцээр Хятадын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтын улмаас саатсан бөгөөд АНУ хариу болгож Хятадад зориулсан зарим өндөр технологийн экспортод (жишээ нь хагас дамжуулагчийн программ хангамж, нисэх онгоцны эд анги г.м) хориг тавьсан юм.
Трампын өөрчлөгдөж буй татварын бодлого нь дэлхийн зах зээлийг донсолгож, гол боомтуудад бөөгнөрөл, хүндрэл үүсгэж, компаниудад арван тэрбум ам.долларын борлуулалт, зардлын алдагдал авчирсан гэж мэдээлэлд дурджээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн