Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Төсвийн орлого 2.5 их наядаар тасарчээ

Төсвийн орлого 2.5 их наядаар тасарчээ
Нийтэлсэн 7 минутын өмнө
2025 оны төсвийн орлого эхний зургаан сарын байдлаар 2.5 их наядаар тасарчээ. Оны эхнээс л нүүрсний үнэ огцом унаж, төсвийн орлого тасарч эхлээд байсан бол Засгийн газрыг огцруулах асуудал дэгдээд нүүрсний экспорт, цаашилбал олборлолт хүртэл ихээр буурсан байна. Зарим нүүрсний уурхайнууд сул зогсолт хийгээд эхэлжээ.
2025 оны төсвийн хуульд нүүрсний үнийг дунджаар 105 ам.доллар байхаар тооцсон бөгөөд 83 сая тонн нүүрс экспортлохоор төвлөсөн. Гэтэл энэ үнэ тасралтгүй унаж өнөөдөр 44 хувиар буураад байгаа юм. Үнэ буурсан ч экспортын хэмжээг нэмж чадвал төсөв тасрахгүй гэдгийг өмнөх Засгийн газрын сайд нар хэлж байсан ч өнөөдөр экспорт ч зогсонги байдалд оржээ. Тэр дундаа манай нүүрсний экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлдэг "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний экспорт буурсан байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат чуулганы хуралдаанд асуултад хариулахдаа "Улсын төсвийн орлого 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 их наяд төгрөгөөр тасарсан үзүүлэлттэй явж байна. Эхний дөрвөн сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ адил ч, үнэ бууралттай байна. Нүүрсний үнэ он гарсаар 44 хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлогын гол бууралт үүсэж байна. Хэрвээ үнэ буурахгүй, оны эцэс хүртэл явбал төсөв 2.3 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй байна. Хэрвээ экспортоо нэмэгдүүлж чадвал энэ бууралт багасах боломжтой" гэсэн юм.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар нүүрсний үнэ буурсны дараа Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулж, экспортыг дэмжих ажлын хэсгийг байгуулаад байсан бөгөөд тус ажлын хэсгийн үр дүнд нүүрсний экспорт нэмэгдээд байсан юм. Харин Засгийн газар унасан нь нүүрсний экспорт зогсонги байдалд хүрэхэд нөлөөлсөн байна. Тиймээс шинэ Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулж, ажлыг нь эхлүүлэхгүй бол нүүрсний экспорт зогсож, тэр хэмжээгээр төсвийн орлого буурна. Ерөнхий сайдаар томилогдох гэж буй Г.Занданшатар төсөвт тодотгол хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тиймээс шинэ Засгийн газрын ажил төсвийн тодотголоор эхлэх бололтой.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн