УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилбол Ерөнхий сайд тогтоол гаргаж танхимын сайд нараа томилно. Хэрвээ Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдвол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах магадлалтай. Тэрээр зарим чиг үүргийг нэг нэгтгэх байдлаар бүтцээ багасгана гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр ирэх долоо хоногоос шинэ Засгийн газар бүрдэж, сайд нар ажилдаа орох төлөвтэй байна. Шинэ Ерөнхий сайд, түүний танхимыг шийдлээ хүлээсэн олон асуудал хүлээж буй. Үндсэндээ төрийн ажил, тэр дундаа яамдын ажил зогсоод сар шахам боллоо. Монголын эдийн засгийг итгэх гол индикаторууд сайнгүй байгаа нь доорх статистикаас харж болно.
-2025 оны тавдугаар сарын байдлар улсын нэгдсэн төсвийн орлого хоёр их наяд орчим төгрөгөөр тасраад байна. Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг айлын олохоор төлөвлөсөн орлого хоёр их наяд төгрөгөөр тасалдаж, нөгөө талд төлөвлөсөн зардал яг хэвэндээ, зарим тохиолдол худалдан авалт нь нэмэгдсэн байдалтай байна. Ялангуяа, төрийн худалдан авалт, Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим бүтээн байгуулалтыг дагасан импорт өсжээ. Тухайлбал, тавдугаар сарын нийт экспортын орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 931.3 сая ам.доллароор буурсан бол 150 сая ам.доллароор өссөн байна. Нэгэнт олохоор төлөвлөсөн орлого их хэмжээгээр тасарч байгаа учраас Монгол Улс 2025 оны төсөвтөө тодотгол хийж, зардлаа бууруулах бодит шаардлагатай нүүр тулсан.
-Төсвийн орлогын 30 гаруй хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбар дундаа нүүрсний орлогоос дийлэнхийг нь бүрдүүлдэг. Он гарсаар нүүрсний үнэ 40 гаруй хувиар буурсан төсвийн орлого тасалдахад голлон нөлөөлж байна. Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын эцсийн байдлаар 29,3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй дүйцэж байгаа ч үнэ нь 42 хувиар унасан. Монгол Улс 2025 онд 80 сая тонн нүүрс борлуулж, тонныг нь багадаа 105 ам.доллароор зарахаар төлөвлөсөн. Гэвч нүүрсний үнэ төлөвснөөс доогуур байх нь оны эхэнд тодохой болсон ч өнөөдрийг хүртэл төлөвлөгөөгөө өөрчилсөнгүй. Биет хэмжээгээ нэмлээ ч үнэ доогуур байвал орлогоо нөхөд хүндрэл үүснэ. Мөн цаашид шинэ Ерөнхий сайд урд хөрштэй хэр сайн тохиролцоонд хүрч ажиллахаас нөхцөл байдал хамаарна.
-Монгол Улсын эрчим хүч, дулааны тун хүнд байдалд байна. Ирэх өвөл хотоороо хөлдөх бодит эрсдэл үүсчихсэн. Шинэ Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд хоёрын хамгийн түрүүнд шийдэх асуудал бол ТЭЦ III дээр үүссэн асуудал. Дулааны гуравдугаар станц дээр Улаанбаатар хотын дулааны 32 хувийг дангаараа хангадаг гинератор дахин засвар авахааргүй эвдэрснийг мэдээлсэн. Шинээр авахад 100 сая ам.долларын төсөвтэй, цаашлаад дахин ажиллагаанд оруулж, тохируулахад 24 сар буюу хоёр жил шаардлагатайг мэргэжлийнхэн онцолсон. Тэгэхээр ирэх өвөл дулааны 30 хувийг ямар эрх үүсвэрээр хангах, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардах зэрэг шийдлээ хүлээсэн асуудлууд хүлээж байна.
-Сүүлийн таван жил Монгол Улсын өр түүхэн дээд хэмжээндээ буюу 38 тэрбум ам.доллар хүрлээ. Үүний 8.6 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр бөгөөд өнөөгийн үнэ цэнээр 30 их наяд төгрөг давсан. Монгол Улс уул уурхайн салбараас хэт хамааралтай учраас зах зээлийн нөхцөл байдал хүндрэх тусам өрийн гүн хямралд орох эрсдэлтэйг олон улсын байгууллагууд сануулж буй. Түүнчлэн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх том төслүүд дандаа гаднын улсын зээллэгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь эдийн засгийн хараат байдалд улам эрсдэл учруулахыг анхааруулсан.
-Дээрд дурдсан эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч өдөр ирэх тусам иргэдийн худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Тавдугаар сарын эцсээр улсын хэмжээнд инфляц 8.3 хувьтай гарлаа. Жилийн өмнө нь 5.6 хувь байсан инфляц ингэж хурдтай өсөж байна. Эдийн засагчдын таамгаар 2025 оны сүүлийн хагас жилд инфляц хоёр оронтой тоо руу орох суурь нөхцөл бүрдээд буй. Өнгөрсөн сарын сүүлээс өргөн хэрэглээний АИ-92 автобензин литр тутамдаа 200 төгрөгөөр өсөж, үүнийг дагаад гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар өсөж байна.
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж 12 хувь болгосон. Энэ сараас банкууд хадгаламж, зээлийн хүүдээ бодлогын хүүгийн нөлөөллийг шингээж, бүсээ чангалж эхлэв. Иргэдийн хэрэглээний зээлд хязгаар тогтоож, өр орлогын шинэ харьцаа тогтоов.
-Төгрөг суларч, ам.долларын ханш өдрөөр чангарч байна. Жилийн өмнө нэг ам.доллар 3380 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3575 төгрөгтэй тэнцлээ. Он гарсаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 195 төгрөгөөр суларсан байна. Юм үйлдвэрлэдэггүй Монгол Улсын хувьд ам.долларын ханш чангарах нь бүх юмны өсөх нэг суурь шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, төгрөг суларсаар байвал монголчуудын худалдан авах чадвар дагаад суларсаар байна.
Дээрх эдийн засгийн амаргүй нөхцөл байдал шинэ Ерөнхий сайд, түүний танхимыг хүлээж байна.