Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Монголоос олдсон “Khankhuuluu” нэрт үлэг гүрвэл Т-Rex-ийн өвөг байсныг тогтоожээ

Монголоос олдсон “Khankhuuluu” нэрт үлэг гүрвэл Т-Rex-ийн өвөг байсныг тогтоожээ
Нийтэлсэн 17 минутын өмнө
Монголын нэгэн хүрээлэнгийн шургуулганд 50 жилийн турш буруу ангилалттай хадгалагдаж байсан яснууд хүчирхэг Ти-Рексийн угсаа гарвалыг дахин тодорхойлоход хүргэсэн, шинэ төрлийн тираннозаврынх болохыг тогтоожээ.
Энэхүү шинэ, нарийвтар биетэй тираннозавр нь асар том Tyrannosaurus Rex-ийн өвөг бөгөөд ойролцоогоор 4 метр урт, 750 кг орчим жинтэй байсан гэж Nature сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд дурдсан байна.
Эдгээр чулуужсан яснуудыг анх 1970-аад оны эхээр Монголын зүүн өмнөд хэсгээс малтан гаргасан ч тухайн үед өөр төрлийн тираннозавр болох Alectrosaurus-ийнх гэж андуурсан байна.
undefined
"Тэр тухайн үед маш том морь шиг хэмжээтэй байсан" хэмээн судалгааны хамтран зохиогч, Канадын Калгарийн их сургуулийн Дарла Зеленитски AFP-д ярьсан байна.
Энэхүү чулуужсан яснууд Улаанбаатар хот дахь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн шургуулганд хагас зуун жилийн турш хадгалагджээ. Хожим нь тус хүрээлэнд зочилж байсан докторын оюутан Жаред Ворис шургуулгыг ухаж үзээд нэг зүйл буруу байгааг анзаарсан тухай Зеленитски ярьжээ.
Эцэст нь эдгээр яснууд маш сайн хадгалагдсан, хоёр өөр шинэ төрлийн тираннозаврын хэсэгчилсэн араг яснууд болох нь тогтоогджээ. "Иймэрхүү нээлтүүд өөр олон музейн хадгалагдсан үзмэрүүд дунд нуугдаж байгаа байх магадлалтай" гэж Зеленитски нэмж хэлсэн байна.
Шинэ төрлийг Khankhuuluu mongoliensis гэж нэрлэжээ. Энэ нь "Хаан" Ти-Рексээс хэмжээгээр жижиг тул "Монголын ханхүү луу" гэсэн утгатай нэр ажээ. Зеленитскигийн хэлснээр энэ нээлт нь тираннозаврын бүлгийн гэр бүлийн түүхийг тодорхой болгоход ихээхэн тус болсон байна.
undefined
Ти-Рекс энэ овгийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд 66 сая жилийн өмнө дэлхийд тохиосон сөнөтгөлийн үе хүртэл Хойд Америкт орших идэш тэжээлтийн оргил дээр байсан юм. Тухайн үед Эверест уулнаас ч том хэмжээтэй сөнөөгч солир Мексикийн буланд унаснаар дэлхийн амьд биетийн гуравны нэг нь үгүй болж, үлэг гүрвэлүүд шувуу болж хувьссан хэсгээс бусад нь мөхсөн юм.
Харин үүнээс 20 сая жилийн өмнө Khankhuuluu буюу түүний ойрын төрөл садан Азиас Хойд Америк руу Сибирь ба Аляскыг холбож байсан хуурай газрын гүүрээр дамжин нүүдэллэсэн хэмээн эрдэмтэд үзэж байна.
Энэ шилжилтийн улмаас тираннозаврууд Хойд Америк даяар хувьсан өөрчлөгджээ. Тийнхүү эдгээр төрлүүдийн нэг нь дахин Ази руу эргэн очсоноор хоёр дэд бүлэг бий болжээ. Нэг нь маш жижиг биетэй, 1 тонн хүрэхгүй жинтэй, урт хоншоортой учраас Пиноккио рекс гэж хочлогдсон. Харин нөгөө бүлэг нь аварга биетэй бөгөөд Tarbosaurus зэрэг аваргуудыг агуулдаг байв. Tarbosaurus нь T-Rex-ээс арай бага хэмжээтэй байжээ. Эцэст нь эдгээрийн нэг нь дахин Азиас Хойд Америк руу шилжин, тэнд T-Rex-ийг үүсгэжээ. 
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн