Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Японд бүх цусны бүлэгт тохирох хиймэл цусны туршилт хийжээ

Японд бүх цусны бүлэгт тохирох хиймэл цусны туршилт хийжээ
Нийтэлсэн 34 минутын өмнө
Японд бүх төрлийн цусны бүлэгт тохирох хиймэл цусны клиник туршилтууд хийж эхэлжээ. Энэхүү судалгааг профессор Хироми Сакайгийн лаборатори удирдан явуулж байгаа бөгөөд хоёр жил хадгалах боломжтой, бүх цусны бүлэгт тохирох хиймэл цусыг боловсруулж, яаралтай болон архаг эмчилгээний үеийн цусны хомсдолыг шийдвэрлэх зорилготой аж.
Нарагийн Анагаах Ухааны Их Сургуулийн хийж буй туршилтаар гуравдугаар сард 16 эрүүл насанд хүрсэн сайн дурын оролцогчдод 100–400 мл хиймэл цус тарьсан тухай Kyodo News мэдээлжээ. Хэрвээ ямар нэг гаж нөлөө илрэхгүй бол дараагийн шатанд эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг шалгах юм. Гуравдугаар сарын туршилтад оролцсон хүмүүст гаж нөлөө илэрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнө нь АНУ, Их Британид хиймэл цусны талаарх туршилтууд хийгдэж байсан ч Японы энэ оролдлого нь цусны хомсдлоос үүдэлтэй асуудлыг шийдэх шинжлэх ухааны шинэ хандлагын нэг хэсэг болж байна.
Сакайгийн лабораторийн вэбсайт дээр дурдсанаар энэхүү хиймэл цус нь уламжлалт цусны сэлбэлттэй холбоотой дараах асуудлуудыг шийдэх боломжтой ажээ. Халдвар дамжих эрсдэл, цусны бүлэг тохироогүйгээс үүсэх хүндрэл, дархлааны хариу урвал, богино хадгалах хугацаа зэргээс шалтгаалан онцгой нөхцөлд цус нөөцлөх боломжгүй байдаг.
Хиймэл цусыг гурван долоо хоногоос илүү хугацаатай болсон донорын цуснаас хүчилтөрөгч тээвэрлэгч гемоглобиныг ялгаж аваад липидэн бүрхүүлд оруулан капсул хэлбэрт оруулсан байна. Эдгээрийг "гемоглобины везикул" гэж нэрлэдэг ба хүний улаан эсийн үүргийг дуурайж, хүчилтөрөгчийг үр дүнтэй зөөвөрлөх чадвартай. Цусны бүлгийн маркер агуулаагүй учир бүх бүлэгт тохирдог бөгөөд вирусгүй байдаг.
Судалгааг 2022 онд Японд хийсэн өмнөх туршилт дээр үндэслэж байгаа бөгөөд тухайн үед хиймэл гемоглобины везикул нь хүчилтөрөгч зөөвөрлөх чадвартай эсэхийг шалгасан байна. Тухайн туршилтад оролцсон хүмүүс хөнгөн халуурах, тууралт гарах гэх мэт гаж нөлөө үзүүлсэн ч богино хугацаанд эдгэрсэн байна.
ДЭМБ-ын тооцоолсноор жил бүр 118 сая гаруй хүн сайн дураараа цусаа хандивладаг бөгөөд тэдгээрийн 40 хувь нь дэлхийн хүн амын 16 хувийг эзэлдэг өндөр орлоготой орнуудаас бүрддэг. Үүнээс дэлхийн ихэнх хүн ам цус сэлбэх эмчилгээ хийлгэхэд хязгаарлагдмал нөөцтэй гэдэг нь харагдаж байна. Хэрвээ бүх бүлэгт тохирох хиймэл цус амжилттай болвол осол гэмтэл, мэс засал болон төрөх үеийн олон тооны урьдчилан сэргийлж болох нас баралтыг бууруулах боломжтой. Цусны хангалтгүй нөөцөөс үүдэн жил бүр олон сая хүн бага орлоготой улс орнуудад амь насаа алдаж байна.
Нарагийн Анагаах Ухааны Их Сургууль сайн дурынхныг хамруулсан аюулгүй байдлын туршилтаас дараагийн шат руу шилжиж, хиймэл цусны үр нөлөөтэй байдлыг баталгаажуулж, клиникийн зөвшөөрөл авч, 2030 он гэхэд бодитоор хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү туршилт амжилттай хэрэгжвэл дэлхийн цус сэлбэлтийн анагаах ухааныг шинээр тодорхойлж, гэмтэл, мэс засал болон архаг өвчлөлийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг эрс өөрчлөх боломжтой.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн