Дэлхийн Монгол булангийн зочноор “Opera Australia” болон “Sydney Theatre” компанид тайзны зураачаар ажилладаг Лундаагийн ГАНБОЛД (Гаваа)-ыг урьж ярилцлаа. Тэрээр Монголын говь нутагт төрж өсөж, 20 гаруй насандаа өөрийгөө нээхээр гадаад орныг зорьжээ. Монголын нийгмийн шилжилтийн үеийг туулж, ахуй амьдралын замаа хилийн чанадаас хайж нүүсэн олон монголчуудын нэг тэрээр өнөөдөр Австралийн хамгийн том Дуурийн театр болон Сиднейн театр компаниудад тайзны зураачаар ажиллахаас гадна контемпорари арт чиглэлээр бүтээлээ туурвиж, Герман, Итали, Япон, Австрали, Монгол гэх мэт улсад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан байна. Мөн контемпорари артыг Монголд хөгжүүлэх төвийг байгуулах, соёлын солилцооны хөтөлбөрийг эхлүүлж, уран бүтээлчдийн үзэл санааг нь тэлэх, дэмжих, хамтын оршихуй, хамтын туурвил бүтээх орон зай буюу коммюнити үүсгэх ажлыг идэвхтэй хийж “M.A.R.S” буюу Mongolian Art Residency Studios төвийг санаачлан ажиллаж байна.
Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны танилцуулга мэдээллийг харахад Монголын говьд төрж өссөн гэдгийг нэлээд тодотгосон байсан. Харин яг аль аймагт төрж өссөн талаар байгаагүй. Тиймээс хоёулаа таны төрсөн нутаг, эцэг эх, бага насны дурсамжаас нь яриагаа эхэлье?
-Би Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрж, өссөн. Бусдын л адил өвөө эмээ дээрээ мал маллаж, 22 нас хүртлээ сумандаа амьдарсан. Зах зээл, нийгмийн шилжилтийн бүх үед ажил хөдөлмөр хийе, сургуульд суръя гэхээр нийгмийн аж байдал, санхүү мөнгөнөөс эхлээд нэг л болж өгдөггүй үе байсан. Манайх 1998 оны үеэр Улаанбаатар хотод нүүж ирсэн. Нүүж ирээд удаагүй байхад Америкаас төслөөр ирсэн хүнд нэлээд тусалж, хамт хөдөөгүүр явсан. Тэр найз маань буцаж очоод намайг урьсан. Тэгээд Америкт жил орчим болоод Монголдоо ирээд өөр нэг ажил хийж яваад Австрали эмэгтэйтэй танилцаж, гэр бүл болсон. Ингээд 2000 оны эхээр Австралид ирж, 20 гаруй жил амьдарч байна. Харин арав гаруй жилийн өмнө Австралийн хамгийн том Opera Australia болон Sydney Theatre Company-д тайзны зураачаар ажилд орсон. Байнгын ажлынхаа хажуугаар нь орчин үеийн урлагийн уран бүтээл туурвидаг ийм нэгэн хүн байна.
-Яагаад урлагийн хүн болъё гэж шийдсэн бэ. Багаасаа л зурах авьяастай байсан уу?
-Монголд байхдаа их, дээд сургуульд явж байгаагүй. Австралид ирээд 30 гарсан хойноо Сиднейн урлагийн коллежид сурч, төгссөн. Багаасаа зураг зурдаг, харандаа цаас олдвол морь, хонины толгой, уул, үүлсийн дүрс зурдаг байлаа. Бидний үед ханын зураг, сонин гэж хийдэг байсан. Тэрийг хийхэд надад их гоё санагддаг байсан. Харин урлагийн хүн болох замыг Америк найз маань илүү өдөөж өгсөн юм байна гэж боддог. Тэр найз маань “чи уран бүтээлч болох хүн юм шиг санагдсан” гэж хэлж байсан. Америкт уриад ажлынхаа зав чөлөөгөөр надад тэндэхийн томоохон музей, галерейг үзүүлсэн. Тэр үед өөрийнхөө юу хүсээд байгаа учрыг бага ч гэсэн олж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. “Хөөх, ийм зүйлс байдаг юм уу гэж гайхаж байсан. Тэр найз маань надад зургийн хэрэглэл авч өгөөд цэцэрлэгт хүрээлэн орж зургаа зураад суу гэдэг байсан. Гэхдээ би удахгүй нутаг буцаж, Монголдоо ирээд мартах шинжиндээ орсон. Тэгж явж байгаад эхнэртэйгээ танилцаад Австралид амьдрахаар ирсэн дээ.
-Австралид очоод шууд урлагийн сургуульд сурсан уу?
-Гүй, гүй. Ажил, мэргэжилгүй хүн чинь эхлээд амьдрахын тулд хүний хийдэг бүх л хар ажлыг хийсэн. Аяга тавгыг нь угаасан, цэвэрлэгээг нь хийсэн, автобус, таксиг нь ч барьсан. Нэлээд хугацаанд хар ажил хийж амьдралаа бага сага залгуулж, хэл ус ч гайгүй нэвтэрдэг болсон. Манай эхнэр урлагийн талын хүн байсан. Тухайн үед “чи одоо ингээд яваад байх юм уу, сургуульд сурсан дээр юм биш үү” гэдэг байсан. Бид хоёр хэсэг хугацаад хамт амьдраад удалгүй соёлын ялгаа зэргээс болоод амьдралын зам салсан. Дундаасаа нэг хүүхэдтэй. Эхнэрээсээ салсан гээд шууд нутаг буцаагүй. Нэгэнт л энд ирсэн, хүүхэд маань энд байгаа учраас Сиднейд очиж ажиллаж, амьдрахаар шийдсэн. Сиднейд очоод гэнэт л эрх чөлөөтэй болсон юм шиг санагдаад, ер нь тэр хүртэл явахдаа амьдрал ямар байдгийг зах зухаас нь таньж, мэдэж, өөрийгөө жаахан сонссон. “Чи урлагийн авьяастай шүү, сургуульд сураарай” гэсэн эхнэрийнхээ үгийг санаад урлагийн сургуульд бүртгүүлсэн.
Ингээд Сиднейн урлагийн коллежид хоёр жил сурсан. Сурч байх хугацаандаа Сиднейн “New Town” гээд уран бүтээлчдийн дүүрэгт амьдарч, маш олон уран бүтээлчидтэй танилцсан. Ингэж урлагт илүү хайртай болж, нэг л мэдэхэд 16 жил өнгөрсөн байна. Одоо манай хотхонд урлагийн өөр өөр салбарын 26 уран бүтээлч амьдардаг. Дотроо урлан, орон сууц, галерейтай урчууд дандаа амьдардаг хотхон. Энэ газраар орж гараагүй уран бүтээлч тун ховор. Хотхоныхоо уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэн гаргана, гадаадын үзэсгэлэнд оролцоод нэг нэгнээсээ суралцаад явж байна. Яг үнэнийг хэлэхэд урлагийнхан чинь нэрд гарахгүй бол ядруухан л амьдардаг юм шүү дээ. Гол нь хүрээлэл, уран бүтээлчдээр дамжуулж маш олон хүнтэй танилцдаг нь сайхан.
-Одоо таны ажиллаж байгаа Opera Australia болон Sydney Theatre Company-ийн тухай яривал. Хэрхэн ажилд орж байсан вэ?
-Манай хотхоны зураач найзын эхнэр надад байнгын ажилд орох санал тавьсан. Тэр найзын эхнэр явж, явж манай Opera Australia театрын дарга байж таарсан. Ингээд 2016 оноос театрын тайзны зураачаар ажиллаж ирлээ. Мөн эндэхийн хамгийн том театр болох Sydney Theatre компанид ажиллаж байна. Театрын урлал дотроо маш олон төрөлтэй, би зөвхөн тайзны зургийн хэсэгт ажилладаг.
Хамгийн сүүлд Австралийн Дуурийн театрт ажиллаж байна. Тэнд тоглогдох бүх тоглолтын тайзны зураг дээр багаараа ажилладаг гэсэн үг. Маш олон төрөл жанрын тайзтай бөгөөд манай баг зөвхөн дуурийн тайзны зураг дээр ажилладаг. Эмээтэйгээ мал маллаад, тоос өшиглөөд явдаг байсан хүү Австралийн хамгийн том театрын тайзны зураачаар ажиллаж байна даа. Хэн төсөөлөх билээ. /инээв/
-Хажуугаар нь өөрийн сонирхлоороо зургаа зурж, үзэсгэлэнгээ гаргаад явдаг байх нь ээ?
-Тийм ээ. 2010 оноос хойш жил бүр өөрийн гэсэн үзэсгэлэнгээ гаргаад явж байна. Ажлынхаа хажуугаар өөрийн уран бүтээлээ байнга хийнэ, янз бүрийн л үзэсгэлэнд оролцоно. Сүүлийн өдрүүдэд ихэвчлэн урландаа ажиллаж байна. Учир нь энэ зун, долдугаар сард Монголдоо очиж үзэсгэлэнгээ гарна. Тэнд дэлгэх ихэнх уран бүтээлээ Монгол руу явуулчихаад байж байна.
-Уран бүтээлч бүрд өөрийн гэсэн жанр төрөл байдаг шүү дээ. Таны хувьд ямар жанраар түлхүү уран бүтээл туурвидаг вэ?
-Contemporary art буюу нэн орчин үеийн урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг. Энэ чиглэлийн гол амин сүнс нь концепц, санаа маш чухал. Чи хэн бэ, юу бодож, юу хүсэж, юунд хүрэх гээд байгаагаа илэрхийлэх урлаг гэх юм уу. Чиний гаргаж байгаа санаа яг үнэн юм уу, юу туулж, юу үзсэн, цаашаа юу харах гээд байна вэ, үзэгчдэд юу хэлэх гээд байна вэ гэх мэт. Уул, нутаг ус, гоё хөрөг зураг зурах бол тусдаа реализм. Харин нэн ррчин үеийн урлаг арай өөр.
-Санаа, концепц гаргахад таны үзэж харсан, туулсан амьдрал, ертөнцийг харах өнцөг бас нөлөөлж таарна биз?
-Тийм ээ. Тэр нь бусдаас, ижил төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээчдээс ялгарах зүйл юм. Хувь хүн нь ямар вэ, ертөнцийг хэрхэн хардаг, үнэнээрээ энэ амьдралаас юу олж харав, чиний санаа, бодол чинь юу юм гэсэн зүйл дээр үндэслэн уран бүтээлээ гаргадаг гэсэн үг. Тэгэхээр би хэн байх, юу үзэж туулсан нь мэдээж чухал. Ер нь үнэнээрээ л байж чадвал жинхэнэ урлаг гэж үздэг.
Миний хувьд чамгүй зүйлийг үзэж харж, энэ ерцөнцийг таньж мэдэх гээд явсаар л байна.. Нутагтаа нийгмийн өөрчлөлтийг туулаад гэнэт өндөр хөгжсөн оронд ирээд амьдрах гэж бүх л болж бүтэхгүй зүйлийг давсан. Өөрийгөө хоёр дахь соёлдоо амьдарч байна гэж боддог. Хааяа “би чинь монгол хүн үү, австрали хүн үү” гэж бодтолоо л ажиллаж, амьдарсан байна.
Ярилцлагын эхний хэсэгт Гаваа гэх уран бүтээлчийг төрсөн нутаг, төгссөн сургууль, ажиллаж буй газраар нь “цоллох” гэж оролдсоноо анзаарсан юм. Түүний ертөнцийг илтгэх “Тойрог”, “No Bullshit” зэрэг бүтээлүүдийг нь үзэж, өөртэй нь ярилцсаны дараа уран бүтээлчийнх хувьд түүнийг тодорхойлох өөр хэн нэгний танилцуулга үгүйлэгдэж байгаа санагдаад түүний багын найз, зураач С.Заяасайхантай холбогдсон юм.

2016 оны Монголын урлагийн музейн зургийг ашиглав.
Тэрээр “Гавааг уран бүтээлчийнх нь хувьд тодорхойлохын тулд контемпорари урлагийн мөн чанараас ярьж эхлэх нь зүйтэй байх. Контемпорари бол өнөө цагийн сэтгэлгээ, нийгмийн эсвэл нийтийн захиалгаар бус өөрийн дотоод дуу хоолойгоор бүтдэг эрх чөлөөт урлаг. Энэ бол зөвхөн гоо зүйн тухай бус харин ч асуулт тавьж, хариулт эрж, нийгмийн тогтсон ойлголтыг сэгсэрч чаддаг хувьсгалч урлаг.
Гаваа бол энэ урлагийн илэрхийллээр өөрийн дотоод ертөнц, үзэл бодлоо шинжлэх ухаанчаар илчилж чаддаг төрмөл авьяастай. Шинжлэх ухаанч гэж хэлээд байгаагийн учир нь үзэгдлийг ажиглаж, урлаг үйлдэхдээ орчин цагийн ололт амжилтыг ашиглаж чаддаг байх тухайг хэлж байгаа юм. Гаваагийн хувьд аливааг маш их судалдаг, үүнийгээ уламжлалт хүрээнээс ангид, өөрийн гэсэн өнцгөөс харж, академик нөлөөгөөр хязгаарлалгүйгээр бүтээдэг. Энэ нь түүний бүтээлүүдэд мэдрэгддэг гүн гүнзгий судалгаа, олон давхар санаа, материалын туршилт, хэлбэрийн эрэл хайгуулаар илэрдэг. Тэрээр зөвхөн бүтээл туурвидаггүй, харин бүтээлийнхээ санаагаар “амьдарч”, түүнийг өөрийн оршихуйнхаа нэг хэсэг болгодог.
Гаваагийн бүтээлүүдэд зураг, олдвор материалууд ашигласан баримал, микс медиа, land art, performance, дижитал техник зэрэг олон төрлийн арга барилууд уялдан шингэсэн байдаг.
Гаваа өөрийн хүлээн зөвшөөрч чадахгүй үзэл санаа, орчныг зоригтойгоор орхиж чаддаг, эрх чөлөөг эрхэмлэдэг хүн. Энэ нь монгол хүний нүүдэлчин сэтгэлгээтэй гүн холбоотой байх. Гаваа өөрийгөө “Lost Nomad” /төөрсөн нүүдэлчин/ гэж ёжилсон байдлаар нэрлэсэн байдаг. Гэхдээ би бол түүнийг газар орны хил хязгаарт баригдахгүй, үзэл санааны нүүдэлчин гэж нэрлэнэ.
Гаваагийн уран бүтээлүүд нь уламжлалт уг сурвалжийг хадгалсан хэрнээ глобал түвшний хэлээр ярьдаг. Түүний бүтээлүүд дэлхийн хаана ч үзэгчтэйгээ харилцаж, ойлголцож чаддаг, учир нь үнэнийг илчилж, нүүдлийн болон суурин соёлын аль алинд хамаатуулж үзэл санаагаа илэрхийлж чаддаг чадвар нь уран бүтээлчийнхээ хувьд олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг нээдэг” гэсэн юм.
Зураач Б.Заяасайханы тодорхойлсон болон өөрөө ярилцаж, танилцсаны хувьд “Гаваа бол Говиос төрсөн глобал артист, контемпорари урлагийг түгээгч үзэл санааны нүүдэлчин” гэж тодорхойлж болохоор санагдсан юм.
-Та Монголтойгоо орчин үеийн урлагийг холбож тайлбарлавал...?
-Орчин үеийн урлагийн онцлог нь амьдарч байгаа нийгмийг гэрчлэх гэрээ нь болон үлддэг. Энгийн иргэдийн хувьд нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрсөн байна. Харин уран бүтээлчдийн хувьд нийгмийг хажуугаас нь хараад сууж байгаа учраас ажлаа хийж, түүх үлдээх ёстой л доо. Миний харж байгаагаар манай Монголын соёл маш хурдан алга болж, мөн өөрчлөгдөж байна. Намайг бага байхад морио унаад үхэр, хонио хариулаад, нүүдэллээд, жинхэнэ монголоороо амьдарч байсан санагддаг. Өнөөдөр энэ байдал улам бүр алдагдаж, мотоцикл, машинаар малаа хариулж, өвөлжөө хаваржаандаа байшин барьчихсан, гар утастай, телевизтэй, интернэттэй болсон байна. Улаанбаатарт байгаа бүх зүйл малчдын гарт байх шиг байна.
-Урлагт талаас нь харвал соёл ингэж хурдтай өөрчлөгдөх нь байх ёстой үзэгдэл юм уу, эсвэл муу зүйл үү?
-Хөгжил дагаад юмс өөрчлөгддөгийн жишээ л дээ. Зогсооё гээд зогсоох боломжгүй. Болдог зүйл болоод явна. Хамгийн эмзэглэж буй байгаа зүйл нь хурдтай байна. Танаас, надаас хамаарахгүй нийгэм аясаараа өөрчлөгдөнө. Нүүдэллэж амьдардаг байдал ирээдүйд хашаанд, фермийн л үйл ажиллагаа явуулдаг байдал руу орох байх. Бэлчээр, газрын асуудал одооноос хөндөгдөж байна шүү дээ. Монгол Улс харьцангуй хүн ам цөөтэй учраас гадныхан шиг газар дээрээ алалцаад байх нь гайгүй байх.
Болдог бол нүүдлийн мал аж ахуйгаа удаан хадгалж, энэ чигээр нь байлгавал том соёл юм. Улаанбаатар хотын хувьд соёл хурдтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр Бага тойруу, Их тойруу дотор монголжуу юмс тун ховор болсон байна лээ. Гудамжаар явж байгаа залуучууд ч монгол гэж харагдахаа больж, солонгос, япон стиль имижтэй болсон байна. Монгол соёл, уламжлаа шингээсэн хувьцастай хүн бараг л харагдахаа больсон нь жаахан гунигтай санагдсан.
-Монголдоо хэр олон удаа уран бүтээлээ дэлгэсэн бэ. Ямар уран бүтээлчидтэй түлхүү хамтран ажиллаж байна вэ?
-Монголд 2020, 2021 онд хоёр үзэсгэлэн гаргасан. “Хөх нар” гээд орчин үеийн урлагийн төвийнхөнтэй холбоотой ажилладаг. Мөн Урчуудын эвлэлийн уран бүтээлчидтэй холбоотой байдаг. Гадаадад олон жил ажиллаж амьдраад ирэхээр их юм боддог юм байна. Монголын орчин үеийн урлагт миний чадах дэмжлэг туслалцаа юу байна гэдгийг эрэлхийлж байна. Мөнгөөр биш юмаа гэхэд үзэж, харсан, сурсан зүйлээ хуваалцах зорилгоор Монголд хөтөлбөр зарлаад байгаа. Уран бүтээлчдийг түр хугацаагаар байрлуулж, яг уран бүтээлдээ цаг зав гаргах боломжийг нь бүрдүүлж, гол нь уран бүтээлээ хийх урлангаар хангах хөтөлбөр юм.
Дэлхий улс орон бүрд байдаг, тогтсон хөтөлбөр л дээ. Өөр улс, дүүрэг, мужийн хүмүүс ямар бодолтой байгааг таньж мэдэх, хоорондоо санал бодол туршлагаа хуваалцдаг хөтөлбөр. Ийм хөтөлбөрийг Төв аймагт эхлүүлээд явж байна, M.A.R.S гэж нэрлэсэн. Энэ хөтөлбөр гадаадын болон дотоодын уран бүтээлчид нэг дор цуглах урлангаар хангаж байна. Өнгөрсөн жил Австралийн Маярон гээд уран бүтээлч ирээд хоёр сар болоод явсан. Мөн дотоодын 2-3 уран бүтээлч Монголын Урлагийн Зөвлөлөөр дамжиж хамрагдсан. Цаашдаа энэ хөтөлбөрөө тогтмол явуулах зорилготой байгаа бөгөөд гол нь уран бүтээлчдэд зориулсан урлан, яваандаа галерей байгуулж, урлагийн солилцооны hub байдлаар хөгжүүлэх зорилготой.
Олон улсын Merrell брэнд Л.Гаваагийн уран бүтээлээр шинэ цуврал гаргасан байна. Зургийг Р.Эрдэнэмөнх.
-Уран бүтээлчид бүтээлээ зардаг шүү дээ. Нууц биш бол таны хамгийн өндөр үнэ хүргэж зарж байсан уран бүтээл юу вэ?
-Маш их үнэд хүргэж зарсан уран бүтээл ховор. Миний хувьд хоггүй, цэвэрхэн хээр талд өсөж, төрсөн хүн. Социализмын үед шил лаазаа ч хаядаггүй дахин ашигладаг байсан. Тийм орчинд байж байгаад хөгжсөн оронд ирээд жаахан гайхаж байсан. Мөнгөтэй хүмүүс маш их хог хэрэглэж, их зүйл хаядаг юм байна. Энэ сэтгэхүй нөлөөлдөг юм уу, яадаг юм миний уран бүтээлүүд аливаа зүйлийг дахин хэрэглэх байдлыг давхар илэрхийлдэг байсан. Зургийн хэрэгслүүдээ ч дахин ашигладаг. Хүмүүсийн хаясан хогийг ашиглаад уран бүтээл ч хийж байсан. Тиймээс уран бүтээлээ хэт үнэтэй зардаггүй.
Хамгийн гол илэрхийлэх санаагаа хурдан ажил болгож, түүнийг хямд төсөр аргаар хийхийг илүүд үздэг. Ер нь зураг зураад сайхан амьдарч хүрэлцэхгүй учраас байнгын ажлын байртай байхыг илүүд үздэг. Капиталист нийгэмд амьдарч байгаа учраас ажил хийж л өдөр тутмын амьдралын хэрэгцээ, асуудлаа шийднэ. Мөн олон мянган уран бүтээлчтэй, өрсөлдөөн ихтэй улсад монгол хүн од болон гялалзана гэдэг тун ховор. Товчхондоо, Монголоос нэг гар ирээд шууд од болоод мундаг уран бүтээлч болно гэж байхгүй шүү. Миний бодлоор хүн яг өөрийнхөөрөө байж чадвал бусдаас ялгарч чадна. Жүжиглэж, бусдыг дуурайх биш өөрийнхөө л явбал амжилт руу дөхнө.
-Та цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Орчин үеийн урлагийг сонирхдог, гарч ирэх зорилготой залуусыг мөн одоо бүтээлээ хийж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Орчин үеийн уран бүтээлчид гоё зүйл хийгээд байхад ойлгохгүй, үл ойшоох байдал байгаа л санагдсан. Тиймээс багахан ч гэсэн боломж үүсгэж, орчин үеийн урлагийг ойлгуулж, хуваалцахад өөрийн чадах зүйлээ зориулж, туршлага солилцох сонирхолтой.
Одоогоор орчин үеийн урлагийн “Хөх нар” төвийнхөнтэй илүү харьцдаг. Маш сайн бүтээл гаргадаг, сайн уран бүтээлчид байгаа.
Одоо ихэнх хүн орчин үеийн урлагийг ойлгохгүй ч ирээдүйд чухал өв болж мэднэ. Тиймээс нийгэмдээ энэ талын ойлголт өгөхөд, мөн нийгмээ баримтжуулж ажиллах нь энэ цаг үед хамт амьдарч байгаа хүмүүсийн үүрэг юм болов уу.
Тиймээс энэ ярилцлагыг уншиж байгаа та боломж байвал орчин үеийн урлаг, орчин үеийн уран бүтээлчдийг бага багаар дэмжиж байгаарай гэж хэлмээр байна. Хүн бүрийг ойлго гэх нь хаашаа юм. Гэхдээ ойлгохгүй бол асууж, сонирхоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Учир нь Монголын орчин үеийн уран бүтээлчид маш сайн уран бүтээл туурвиж, энэ жанрыг сонирхож байна. Гэхдээ нийтийн дэмжлэггүйгээс болоод бүтээлээ туурвихгүй, орхих хандлагатай байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.