Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Дэлхийн Банк: 1960-аад оноос хойших хамгийн удаан өсөлттэй арван жил нүүрлэж байна

Дэлхийн Банк: 1960-аад оноос хойших хамгийн удаан өсөлттэй арван жил нүүрлэж байна
Нийтэлсэн 3 минутын өмнө
Дэлхийн Банкны таамаглалаар, дэлхийн эдийн засаг 1960-аад оноос хойших хамгийн удаан өсөлттэй арван жилтэй тулгарч байна. Энэ нь Дональд Трампын татварын бодлогын үр дагавар илэрч эхэлсэнтэй холбоотой аж.
Дэлхийн улс орнуудын бараг гуравны хоёрын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг тус банк өнгөрсөн зургаан сарын өмнөх таамаглалаасаа бууруулжээ.
Банкны мэдээлснээр 2025 онд дэлхийн эдийн засаг ердөө 2.3 хувь өсөх төлөвтэй байгаа нь энэ оны нэгдүгээр сард таамагласан түвшнээс 0.4 хувиар бага байна. Харин 2027 онд өсөлт 2.6 хувь байх төлөвтэй байна. Япон, Европ, АНУ зэрэг томоохон эдийн засагтай орнуудын өсөлтийн төлөв ч буурсан байна.
Банкны нэгдүгээр сард гаргасан өмнөх таамаглал Трамп албан тушаалдаа орсны өмнө хийгдсэн байсан. Харин түүнээс хойш Трамп АНУ руу орж ирэх бүх импортод 10 хувийн татвар оноох шийдвэр гаргаж, мөн ган, хөнгөн цагаанд өндөр татвар тогтоосноор санхүүгийн зах зээлд дөрөвдүгээр сарын эхээр огцом уналт бий болжээ.
Тавдугаар сард олон улсын худалдааны байгууллага Трампын татваруудын ихэнхийг хууль бус гэж дүгнэсэн ч АНУ-ын Засгийн газар давж заалдсанаар татварууд түр хугацаанд хүчинтэй хэвээр үлдсэн байна.
Дэлхийн Банк АНУ-ын 2025 болон 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан нь нэмэгдэж буй худалдааны зөрчил, хувийн хэрэглээний уналтаас үүдэлтэй бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг доройтуулж байна гэжээ.
Харин АНУ-ын гол өрсөлдөгч Хятадын хувьд Дэлхийн Банк өсөлтийн төсөөллийг бууруулаагүй. Учир нь тус улс дэлхийн улс төрийн тодорхойгүй байдлын "нэлээд хүчтэй сөрөг нөлөө"-г даван туулах санхүүгийн тогтвортой байдалтай гэж үзсэн байна.
Тус тайланд “Бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж, худалдааны саад бэрхшээл өссөн энэ нөхцөлд дэлхийн эдийн засгийн орчин улам сорилттой болж байна” хэмээгээд, улс орнуудын худалдаанд хориг тавих хурдан, гэнэтийн шийдвэрүүд цаашид ч бодлогын итгэлцлийг бууруулж, тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлнэ хэмээн анхааруулжээ.
Хэрэв АНУ татвараа дахин нэмбэл өсөлтийн төлөв улам буурах бөгөөд инфляц өсөх аюултайг банк мөн дурдсан байна. “Ийнхүү татвар нэмэгдсэн тохиолдолд дэлхийн худалдаа энэ оны сүүлийн хагаст үндсэндээ зогсож, итгэлцлийн уналт, тодорхойгүй байдал нэмэгдэж, санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй” гэж тайланд дурджээ.
Гэсэн ч Дэлхийн Банк дэлхийн эдийн засаг уналтад орох (рецесс) магадлал 10 хувиас бага гэж үзэж байгаа бөгөөд ийм нөхцөл үүсэхийг одоогоор урьдчилан таамаглаагүй байна.
Энэ хугацаанд АНУ, Хятад хоёрын хооронд үүсээд буй худалдааны дайнтай холбоотой шинэ хэлэлцээ Лондон хотод үргэлжилж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн