Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Хүүхдүүдийн цахим хэрэглээнд насны хязгаарлалт тогтоосон орнууд

Хүүхдүүдийн цахим хэрэглээнд насны хязгаарлалт тогтоосон орнууд
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 10
Өдөр өдрөөр цахим сүлжээнд шинэ платформууд гарч, ухаалаг утсыг бараг л хүн болгон ашигладаг болсон энэ үед өсвөр насныхны нийгмийн сүлжээний ашиглалт хяналтаас гарч байна. Судалгаагаар АНУ-ын өсвөр насныхны 93 гаруй хувь нь нийгмийн сүлжээ ашигладаг бөгөөд 70 орчим хувь нь донтох хэмжээнд хүрсэн аж. Үүнээс л уг асуудал анхаарахгүй өнгөрөхийн аргагүй ноцтой асуудал болсон нь илт харагдаж байна.
Тэгвэл ямар улсууд өсвөр насныхны цахим хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч байгаатай танилцацгаая.

АНУ

АНУ-д өсвөр насныхны нийгмийн сүлжээ ашиглалтыг зохицуулсан холбооны хууль харьцангуй зөөлөн. Жишээ нь, "Хүүхдийн онлайн нууцлалыг хамгаалах тухай журам"-д зааснаар 13-аас доош насны хүүхдүүд TikTok, Facebook, X гэх мэт платформд бүртгүүлэхдээ эцэг эхийн зөвшөөрөл авахыг шаарддаг.
Сүүлийн үед батлагдсан “Хүүхдүүдийг нийгмийн сүлжээнээс хамгаалах тухай хууль” нь платформуудыг хэрэглэгчийн насыг баталгаажуулах үүрэгтэй болгожээ.
Түүнчлэн, Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом өнгөрсөн онд өсвөр насныхны нийгмийн сүлжээний донтолтыг бууруулах хуульд гарын үсэг зурсан бөгөөд энэ хууль 2027 оноос хэрэгжиж эхэлнэ. Хуульд зааснаар TikTok зэрэг платформууд өсвөр насны хэрэглэгчдэд харуулж буй контентоо хувь хүний зан төлөв, өмнө нь үзсэн зүйл дээр үндэслэн тохируулж үзүүлэхийг хориглох аж.

Австрали

2024 оны арваннэгдүгээр сард Австрали улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ хязгаарлалт TikTok, Twitter, Facebook зэрэг платформд хамаарч байгаа бол YouTube боловсролын агуулгатай гэж үзэн уг хоригт хамрагдаагүй юм.
Ерөнхий сайд Энтони Албанезе “Нийгмийн сүлжээний өсөлт болон Австралийн залуу үеийн сэтгэцийн эрүүл мэндийн доройтлын хооронд тодорхой шалтгаант холбоо бий” гэж мэдэгдсэн юм.

Их Британи

Их Британи 2023 онд “Онлайн аюулгүй байдлын тухай хууль”-ийг баталсан. Энэ хууль нь нийгмийн сүлжээний платформуудад хатуу шалгуур тавихын зэрэгцээ насны хязгаарлалтыг чангатгажээ.
Хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд шинжээчид өсвөр насныхны нийгмийн сүлжээ ашиглалтыг хатуу хянах шаардлагатай гэж үзэж байна. Шинжлэх ухаан, инноваци, технологийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Питер Кайл “Австралитай адил 16-аас доош насныханд хориг тавих ажлыг хэлэлцэж байгаа” гэж мэдэгдээд, хүүхдүүдийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” хэмээн BBC-д ярьжээ.

Норвеги

Норвеги улс одоо мөрдөгдөж буй 13 насны доод хязгаарлалтаа 15 болгож нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Ерөнхий сайд Йонас Гар Стере “Нийгмийн сүлжээ бол хүүхдийн тархинд аюул учруулж буй хүчирхэг платформ” хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хүнд байхыг хүлээн зөвшөөрчээ.
Хэдий 13 насны хязгаарлалт одоо мөрдөгдөж байгаа ч, судалгаагаар 10 настай хүүхдүүдийн 58 хувь, 11 настнуудын 72 хувь нь аль хэдийн нийгмийн сүлжээ хэрэглэж байна. Иймээс шинэ хуулийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд банкны данс ашиглан насыг баталгаажуулах зэрэг шийдлүүдийг хэлэлцэж эхэлжээ.

Франц

2023 онд Франц улс 15-аас доош насныхныг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль баталсан. Европын Холбооны өгөгдөл хамгаалах журмын дагуу 16 нас хүрсэн хүн л өөрийн мэдээлэл боловсруулах зөвшөөрлийг өгөх эрхтэй байдаг боловч гишүүн орнууд энэ хязгаарыг бууруулах эрхтэй.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европ даяар 15 насыг “дижитал насанд хүрсэн байдал” гэж стандарт болгохыг уриалсан. Энэ нь эцэг эхчүүдэд 15 нас хүрээгүй хүүхдүүдээ нийгмийн сүлжээ ашиглах эсэхийг шийдэх эрх мэдэл олгосон явдал юм.

Герман

Герман улсад 13–16 насны өсвөр насныхан нийгмийн сүлжээ ашиглахын тулд эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ нь харьцангуй зөөлөн журам боловч Герман дахь нийгмийн сүлжээний хэрэглээ бусад оронтой харьцуулахад бага. Pew Research Center-ийн судалгаагаар 40-өөс доош насныхны 79 хувь нь нийгмийн сүлжээ ашигладаг бол Францад энэ хувь 90 хувьд хүрч байна.
Австрали маягийн хатуу хориг тогтоох төлөвлөгөө одоогоор байхгүй ч хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд илүү хатуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж.

Итали

Италид 14-өөс доош насныхан нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийн тулд эцэг эхийн зөвшөөрөл заавал шаардлагатай. Гэвч Италийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн мэдээлснээр өсвөр насныхны 80 хувь нь өдөр бүр нийгмийн сүлжээ ашигладаг ба 10 хувь нь донтох шинжтэй хэрэглээтэй байна. Түүнчлэн 13 настай охидын 40 хувь нь "асуудалтай хэрэглээтэй" гэж үзжээ.

Өмнөд Солонгос

2011 онд Өмнөд Солонгос улс “Шидэт үлгэрийн хууль” нэртэй хуулийг хэрэгжүүлж байсан. Энэ хууль нь 16-аас доош насныхныг шөнийн 00:00–06:00 цагийн хооронд онлайн тоглоом тоглохыг хориглож байв. Энэхүү хууль тоглоомын донтолтыг бууруулах зорилготой байсан ч хожим нь хүчингүй болсон.

Грек

2024 оны арванхоёрдугаар сард Грек улс 15-аас доош насныхныг хамгаалах шинэ журам боловсруулж буйгаа зарласан. Шинэ журамд насыг шалгах, мөн эцэг эхэд тодорхой үг, хэллэгийг хянах, хаах боломж бүхий хяналтын систем нэвтрүүлэхээр тусгасан байна.
Яагаад улс орнууд өсвөр насныхны нийгмийн сүлжээ ашиглалтыг хориглож байна вэ?
Өсвөр насныхныг нийгмийн сүлжээнээс хол байлгах шаардлагатайг илтгэх нотолгоонууд улам нэмэгдэж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) мэдээлснээр дэлхий даяар 10–19 насны хүүхдийн 7 хүн тутмын 1 нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна. Үүний шалтгаанууд олон талтай, нарийн төвөгтэй боловч хуурамч мэдээллийн тархалт, “гоо сайхны шүүлтүүр”-ийн хэрэглээ, хиймэл оюун ухааны хэт их хэрэглээ зэрэг нь сөрөг нөлөө үзүүлж буйг үгүйсгэх аргагүй. Үүний тод жишээ нь TikTok-ийг сэтгэцийн эрүүл мэндийн хямралд нөлөөлсөн гэх шалтгаанаар шүүхэд өгсөн хэргүүд юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн