Вьетнамын нийслэл Ханой хотод тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 6-ны хооронд “COVID-19”-ийн 156 шинэ тохиолдол бүртгэсэн талаар мэдээлжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт аж. 2025 он гарснаас хойш тус хотод нийт 558 халдварын тохиолдол бүртгэгджээ.
Ханой хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв орон нутгийн байгууллагуудад COVID-19 болон бусад улирлын чанартай өвчний талаар олон нийтэд мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.
Харин Хо Ши Мин хотод сүүлийн долоо хоногт “COVID-19”-ийн хоёр нас баралт, 79 шинэ тохиолдол бүртгэснээр олон долоо хоногийн нам жим байдлын дараа халдвар дахин дэгдэх вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Нас барсан хоёр иргэн хоёулаа суурь өвчтэй хүмүүс байжээ.
Сүүлийн үед халдварын нэмэгдэлд Omicron хувилбарын дэд төрөл болох NB.1.8.1 гол нөлөө үзүүлж байгаа гэж үзэж буй. Уг хувилбар Сингапур, АНУ, Австрали, Өмнөд Солонгос, Канад, Их Британи, Хятад, Япон, Тайланд зэрэг 23 оронд илэрсэн байна. ДЭМБ уг хувилбар дархлаанаас зайлсхийх чадвар өндөртэй биш учир шинж тэмдэг хүндэрдэггүй гэж мэдэгджээ.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Вьетнамын Эрүүл мэндийн яам иргэдийг сонор сэрэмжтэй байх, ялангуяа зуны аялал, олон нийтийн үйл ажиллагаа нэмэгдэх энэ үед халдвар тархах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар мөрдөхийг уриалжээ.
ДЭМБ-ын мэдэгдснээр, 2023–2024 онд Ковидын нийгмийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө буурсан ч вирус дэлхий даяар тогтвортой тархаж буй хэвээр байна. Одоогийн хувилбарууд илүү ноцтой хүндрэл үүсгэж буй нотолгоо одоогоор байхгүй бөгөөд ДЭМБ-аас шинэ сэрэмжлүүлэг гараагүй байгаа билээ.
Халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин Сайдын Яам дараах мэдэгдлийг гаргажээ.
Вьетнам Улсын томоохон хотуудад коронавирусийн халдвар /КОВИД-19/-ын NB.1.8.1 хувилбарын тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрсөн 7 хоногт буюу 5 дугаар сарын 26-30-нд Ханой хотод 156 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Хочиминь хотод 79 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2 нас баралт гарлаа. 2025 оны 5 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдварын дэгдэлт аажмаар ихсэж байгаа бөгөөд Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар явахдаа болон нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, шаардлагагүй бол олноор цуглахгүй байх, гарын ариун цэвэр сахих, дасгал хөдөлгөөн хийж шим тэжээлтэй хооллох, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох үед цаг алдалгүй өөрт ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандах зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргүүлж эхэлсэн болно.
Иймд Вьетнам Улсад ажиллаж, амьдарч байгаа болон тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа иргэд Та бүхэн КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэм баримтлаж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг хүсье.