АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хатуу цагаачлалын бодлогын эсрэг Калифорнид өрнөж буй эсэргүүцлийн жагсаал хурцдаж байна. 2025 оны зургаадугаар сарын 6-нд АНУ-ын Цагаачлал, гаалийн алба Лос Анжелес хотын төв, Комптон, Парамаунт зэрэг газруудад хууль бусаар оршин сууж буй хүмүүсийг баривчлах өргөн хүрээтэй дайчилгаа явуулснаас үүдэн энэхүү томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Трамп Лос Анжелес хотод эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж тусгай хамгаалалтын арга хэмжээ авсаар байна.
АНУ-ын цэргийн хүч Лос Анжелест байрлаж эхэллээ
Жагсаалын хариуд Ерөнхийлөгч Дональд Трамп Title 10 хуулийн хүрээнд мужийн зөвшөөрөлгүйгээр 2000 Үндэсний гвардын цэргийг Лос Анжелес руу илгээсэн. Сүүлийн үеийн мэдээгээр Холбооны Засгийн газар түр хугацаанд 700 орчим тэнгисийн цэргийг шинээр дайчлаад байгаа аж. Эдгээр цэргүүд Камп Пендлетон болон Твентинайн Палмс-аас дайчлагдсан бөгөөд холбооны өмч, албан хаагчдыг хамгаалах үүрэгтэй юм.
Insurrection Act буюу “Тэрслэлтэй тэмцэх тухай хууль”-ийг одоогоор хэрэгжүүлээгүй ч, хэрэв хэрэгжүүлсэн тохиолдолд цэргүүд энгийн иргэдийн эсрэг хууль сахиулах ажиллагаанд оролцох боломжтой болно гэж АНУ-ын нэгэн албан тушаалтан мэдэгдэв.
Калифорни муж холбооны дайчилгааг эсэргүүцэж байна
Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом болон Ерөнхий прокурор Роб Бонта нар холбооны энэхүү шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн, мужийн бүрэн эрхийг хөндсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Захирагч Ньюсом мөн Үндэсний гвардын дайчилгааг зогсоохоор хуулийн тэмцэл өрнүүлж буй.
Үүний хариуд Ерөнхийлөгч Трамп даваа гарагт мэдэгдэл хийхдээ, жагсаал эмх замбараагүй байдалд хүрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд цэргийг илгээхээс өөр аргагүй болсон гэж хэлжээ. Тэрээр хилийн бодлогын зөвлөхийн гаргасан саналыг дэмжиж, хэрвээ Ньюсом энэхүү холбооны дайчилгааг зогсоох гэж оролдвол түүнийг баривчлах ёстой хэмээн мэдэгджээ.
Жагсаалын шалтгаан ба нөхцөл байдал
Жагсаал нь Трампын удирдлага дор хэрэгжиж буй хууль бусаар оршин суугч цагаачдыг албадан гаргах хатуу ажиллагаанд эсэргүүцэл үзүүлж буй иргэдийн үйлдэл юм. Эсэргүүцэл зөвхөн Лос Анжелест ч бус, Сан Франциско болон бусад хотуудад ч өрнөж байна. АНУ-ын Конгрессын зарим гишүүд, тухайлбал Нэнси Пелоси, Хаким Жеффрис нар тайван жагсаал хийх эрхийг хамгаалан мэдэгдэл гаргасан.
Олон хүн эдгээр эсэргүүцэл нь зөвхөн ICE-ийн дайчилгааны эсрэг бус, хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэх, иммигрант нийгэмлэгүүдийг хамгаалах утгатай гэж үзэж байна. Харин зарим хүмүүс жагсаалын үеэрх хүчирхийлэл, сүйтгэлийн талаар санаа зовниж байна.
Лос Анжелест өрнөж буй энэ эсэргүүцэл нь орон нутгийн болон холбооны эрх мэдлийн зөрчилдөөн, иргэдийн эрхийн төлөөх тэмцэл, цагдаагийн хүчний зохистой хэрэглээ, иммиграцийн бодлогын асуудал зэрэг олон чухал асуудлыг хөндөж байгаа үйл явдал юм.