Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан, Дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багт драфтлагдсан залуу тоглогч Нацагдоржийн Билиг-Ундрахтай түүний сагсан бөмбөгийн замнал, оюутны лигийн дурсамж, ирээдүйн зорилгын талаар ярилцлаа.
-Өөрийгөө товчхон танилцуулаач. Сагсан бөмбөгтэй анх хэрхэн холбогдсон бэ?
-Намайг Нацагдоржийн Билиг-Ундрах гэдэг. Би Санхүү, эдийн засгийн их сургуулийн IV түвшинд суралцдаг. Сагсан бөмбөгтэй багаасаа холбогдсон. Бусад хүүхдүүдийн адил байрныхаа гадаа тоглож эхэлсэн. Тэгээд тоглож эхлээд л дурлаж, хайртай болсон. Найман жилийн өмнө өсвөрийн “SCF” багаас тэмцээнд орж, бэлтгэл сургуулилт хийж, анх багт хуваарилагдаж байсан.
-Оюутны лигт тоглож байсан үеэ ярьж болох уу. Энэ хугацаанд ямар туршлага хуримтлуулсан бэ?
-Оюутны лигт 2021-2025 он хүртэл дөрвөн жил тоглосон. Туршлага ч арвин хуримтлуулсан гэж бодож байгаа. Дурсамж ч мөн адил. Анх I курстээ орж ирээд 2021–2022 оны лигт шууд “Final Four”-т шалгарсан. Бүх зүйл маш гоёор эхэлсэн гэж тухайн үедээ бодож байсан. Гэвч медаль авч чадалгүй дөрөвдүгээр байранд орсон. Дараа жил нь дахиад л дөрөвт орсон. Түүний дараа жил өндөр амжилт үзүүлэх боломжтой байсан ч өөрсдийнхөө алдаанаас болж эхний нугалаа дээрээ хасагдаж байсан. Юм гэдэг сонин. Харин хамгийн сүүлийн жилдээ хүрэл медаль хүртсэн. Тэр мэдрэмж маш гоё байсан.
-Оюутны лигийн хүрэл медаль хүртсэн тэмцээний талаарх дурсамжаасаа хуваалцана уу?
-Энэ жил өмнөх жилүүдтэй адил манай баг “Favorite” гэж яригддаг, аваргын төлөөх гол өрсөлдөөнд яригдаж байсан гэж боддог. Өмнөх дөрвөн жил ч бас тэгж л явсан. Эцэст нь медаль авч чадсан. Шилдэг дөрөвт үлдээд эхний зөрлөг тоглолт дээрээ манай баг хожих боломж байсан. Гэвч тухайн момент дээр алдаа гаргаад, тэр алдаанаасаа болж хожигдсон. Тэр тоглолтод хожигдсоны дараа маргааш нь хүрэл медалийн төлөө тоглохоор болсон. Энэ хүрэл медалийн тоглолт дээр бид өмнө нь хоёр удаа ирээд хожигдож байсан. Тэр хоёр хожигдлын дараа энэ хүрэл медалийг авах хожил ямар үнэ цэнтэйг мэдэрсэн. Бид яаж ийж байгаад энийг хожих л ёстой гэж бодон бүх зүйлээ шавхаж тоглосон.
-Яагаад Санхүү эдийн засгийн их сургуулийг сонгох болсон бэ?
-Бүгд мэддэг байх. Санхүү сайн сургууль гэж. Ерөнхийдөө бол сагс тоглох гэж л орсон. Санхүү, эдийн засгийн их сургуульд оюутны сагсан бөмбөгийн аваргын алтан медаль байдаггүй юм байна. Хажуугаар нь сурахад ч гэсэн нөөц бололцоотой, маш их зүйл сурах юм байна гэж бодоод сонгож орсон.
Би өөрөө гадаа сагс тоглож үзэхэд надад гоё мэдрэмж өгсөн. Тэр мэдрэмжээрээ одоо ч гэсэн явж байна. Өөрөө энэ бүх мэдрэмжийг олж авсан
Н.Билиг-Ундрах
-“Эрдэнэт Майнерс” багт драфтлагдах үед ямар мэдрэмж төрсөн бэ. Шинэ багтаа хэр сэтгэл хангалуун байна?
-Миний хувьд шинэ мэдрэмж төрөөгүй. Гэртээ орж байгаа мэт дотно санагдсан. Яагаад гэвэл "Эрдэнэт Майнерс" багийнхаа ах нар, арын алба, тоглогчдыг бүгдийг нь мэддэг, таньдаг байсан. Зуны “Summer League”-д гурван жил "Эрдэнэт Майнерс" багаас тоглосон. Тийм учраас ойр дотно байсан.
-“Эрдэнэт Майнерс” багт драфтлагдсаныг амжилт гэж үзвэл, дараагийн зорилго тань юу вэ?
-Дараагийн зорилго бол мэдээж дээд лигийн аварга авах. Түүнээс өөр зүйл бол харахгүй байгаа.
-Дээд лигт өрсөлдөнө гэдэг илүү өндөр түвшний тоглолт шаарддаг. Та өөрийгөө энэ түвшинд хэрхэн бэлдэж байна вэ?
-Анх тэмцээнд орж, бэлтгэл хийж эхэлсэн үеэс л бэлтгэгдэж ирсэн гэж бодож байна. Тэр үеэс өнөөдрийг хүртэл хийсэн бүх бэлтгэл минь дээд лигт тоглоход бэлтгэл болсон байх. Одоо ч бэлдээд л явж байна. Бие махбод, сэтгэл зүйн бэлтгэл бүгдийг нь базааж байгаа.
-Багаа хожил руу хөтлөхийн тулд тоглолтын үед таны баримталдаг зарчим юу вэ?
-Баг хожихын тулд тоглолт эхлэхээс өмнө төлөвлөгөө гаргадаг. Тоглогч болгон тус бүр өөрсдийн хийх зүйлээ алдаа гаргахгүйгээр хичээж хийвэл тэр тоглолтод хожих магадлалтай. Тиймээс би өөрийнхөө хийх ёстой зүйлийг алдаагүйгээр хийчихвэл болно гэж боддог.
-Шигшээ багт багтах эсвэл олон улсын тавцанд гарах мөрөөдөл бий юү. Хэр бодитой гэж харж байна?
-Мэдээж зорилго мөрөөдөл бол байгаа. Тамирчин болгонд л байдаг байх. Юу ч гэсэн эхний жилдээ дээд лигт тоглох гэж байна. Тиймээс боломж бол байгаа. Бодит л гэж боддог.
-Ирэх улиралд өөрөөсөө ямар үр дүн, ахиц гаргана гэж найдаж байна?
-Мэдээж Монголын дээд лигт тоглох гэж байгаа учраас бүх зүйл дээд төвшнийх байна. Надаас гарах бүх ур чадвар ч гэсэн бүгд л ахиц дэвшилтэй байх ёстой. Гаргах ч болно гэж хэлмээр байна.
-Юунаас болж анх сагс тоглож эхэлж байсан бэ?
-Надад сагсан бөмбөг гоё шүү, сагсан бөмбөг гэж ийм зүйл байдаг шүү гэдгийг харуулах ойр дотны хүн байгаагүй. Би өөрөө гадаа сагс тоглож үзэхэд надад гоё мэдрэмж өгсөн. Тэр мэдрэмжээрээ одоо ч гэсэн явж байна. Өөрөө энэ бүх мэдрэмжийг олж авсан.
-Санхүү, эдийн засгийн чиглэлээр сурч байгаа гэдэг утгаараа мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөө бий юү, эсвэл бүтэн цагаар спортоо сонгосон уу?
-Би эрх зүй санхүү гэсэн хосолсон мэргэжлээр сурч байгаа. Мэдээж сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах байх. Гэхдээ эхний ээлжид сагсаа тоглоно.
Хичээл болон бэлтгэлээ хэрхэн амжуулж байна?
-Энэ хамгийн хэцүү байдаг. Дээрээс нь санхүү эдийн засгийн сургуульд бүр хэцүү санагддаг. Бусад сургуулиуд арай илүү дэмждэг юм шиг санагддаг. Гэхдээ манай сургууль дэмждэг болж эхэлж байгаа. Заримдаа хичээлээ ганц хоёр удаа хаядаг ч юм уу тэгж л зохицуулахгүй бол өөр арга байдаггүй. Өглөө эрт хичээлдээ өдөржин суугаад, орой бэлтгэлдээ ордог.
-Таны сагсан бөмбөгийн карьерын хамгийн мартагдашгүй мөч?
-Мартагдашгүй мөч гэвэл сая болсон драфт. Би амьдралдаа анх удаа драфтлагдаж үзсэн. Ганц л удаа драфтлагдана. Тийм болохоор миний мартагдашгүй мөч гэж бодож байна.
-Таны тоглолтын хэв маяг, талбай дээрх давуу тал юу вэ?
-Би нэг хоёрдугаар байрлал буюу холбогч хамгаалагчийн байрлал дээр тоглодог. Миний давуу тал бол тоглолтыг унших чадвар, шидэлт, хамгаалалт гэж хэлнэ.
-Өөрийнхөө үлгэр дуурайл болсон тоглогч, дасгалжуулагчийг нэрлээч?
-Надад NBA-ээс үлгэр дуурайлал авдаг тоглогч байхгүй. Монголоос бол дээд лигт манай олон найзууд тоглодог. Бүх найзууддаа дуртай. Тэр дундаасаа "Эрдэнэт Майнерс" багийн тоглогч Г.Болор-Эрдэнэ найздаа дуртай.
-Энэ спорт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Мэдээж сагсан бөмбөг бол маш их зүйлийг надад өгсөн, миний амьдралд нөлөөлсөн. Түрүүн хэлсэнчлэн тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвар энэ бүх зүйл амьдралд хэрэг болдог. Би нэг хоёрдугаар ангиасаа сагс тоглож эхэлсэн тэр үеэс хойш дуртай бүр хайртай болсон. Дуртай, хайртай гэдэг чинь хоёр өөр ойлголт шүү дээ. Нэг хоёрдугаар ангиасаа хичээлээ таслаад зааланд орж тоглодог тийм л их хайртай байсан.
-Спорт гэдэг маш хатуу байдаг. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байхдаа сэтгэлээр унах тохиолдол гарч байсан уу?
-Хүнд тоглолт бүхний ардаас хэцүү байдаг. Гэхдээ хайртай болохоор хэзээ ч орхиж чаддаггүй. Унтаад босоод ирэхэд сэтгэлзүй шал өөр болчихсон байдаг. Тэгээд л бүх зүйлийг дахиад шинээр эхэлдэг.
-Залуу тоглогчдод зориулан өөрийн туршлага дээр үндэслэсэн зөвлөгөө өгнө үү?
-Бусад хүмүүс, манай том ах нар бэлтгэлээ хийх ёстой гэж хэлдэг. Бэлтгэлээ хийхгүй бол болохгүй. Тэгэхээр хамгийн гол нь тууштай байдал. Тууштай бэлтгэлээ хийж байж амжилтад хүрнэ. Сагсан бөмбөгт дуртай биш хайртай байгаарай. Энэ хоёр үгийн ялгаа маш их.