Азийн тэргүүлэх ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3,4,5,6-ны өдрүүдэд буюу нийт дөрвөн өдрийн турш Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдах юм. Энэ жилийн фестиваль олон улсын жишигт нийцсэн шинэчлэл, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж, Азийн хөгжмийн аялал жуулчлалын тэргүүлэх бүс болох зорилгодоо улам бүр ойртож байна.
Тус фестиваль 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ онд 3000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран дөрвөн өдрийн турш 100,000 үзэгчид хүлээн авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний үр дүнд нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болохоор тооцоолсон байна.
“PLAYTIME FESTIVAL 2025” НААДМЫН ШИНЭЧЛЭЛТ БА ХӨГЖИЛ
Олон улсын дуугаралтын стандарт
Наадмын тайз, дуугаралтын чанарт шинэчлэлт хийх зорилгоор Нидерланд улсын мэргэжлийн дууны инженерийг багтаа нэгтгэн, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлжээ.
Олон улсын тасалбар идэвхжүүлэлтийн систем
Үзэгчдийн аюулгүй, түргэн нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн тасалбар баталгаажуулалтын системийг нэвтрүүлж байна. Энэхүү систем нь хуурамч тасалбарын эрсдэлийг бууруулж, үзэгчдийн мэдээллийн нууцлалыг найдвартай хамгаална.
“Cashless” төлбөрийн орчин үеийн систем
Үзэгч бүр NFC технологит бугуйвч ашиглан бүх төрлийн бараа, үйлчилгээний төлбөрийг бэлэн мөнгөөр бус хялбар, аюулгүй хийх боломжтой болно.
Cashless системийн давуу талууд:
Дэд бүтцийн шинэчлэл, тогтвортой орчны шийдэл
Фестивалийн талбайн дэд бүтэц шинэчлэгдэн засмал зам тавигдан, цахилгаан эрчим хүчний дэд станцтай холболт хийснээр хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, байгальд ээлтэй, тогтвортой дэд бүтцийг бий болгож байна. Энэ нь Playtime Festival-ийг тогтвортой хөгжлийг дэмжигч, байгальд ээлтэй наадмын үлгэр жишээ загвар болгон хөгжүүлэх зорилгын чухал хэсэг юм.
“PLAYTIME FESTIVAL” ХЭР ТОМ НААДАМ БЭ?
“Playtime Festival” нь Монгол Улсын хэмжээнд “Үндэсний их баяр наадам”-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
2027 онд Азийн тэргүүлэх топ 5 фестивалийн нэг болох зорилго тавьжээ.
Зөвхөн 2024 оны “Playtime Festival”-ыг 72 мянган хүн үзсэн бөгөөд цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.
АЗИДАА ТЭРГҮҮЛЭХ ХӨГЖМИЙН ХӨТӨЛБӨР
Playtime Festival-ийн үзэл санаа, агуулга нь чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх чадварлаг уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахад чиглэдэг билээ. Тиймдээ ч энэ жил тус зорилгоо улам бүр бататган амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрөөр олон улсад танигдсан хамтлаг, уран бүтээлчдийг авчрахын сацуу тайзныхаа тоог бууруулсан байна. Ингэснээр наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger тайзууд, "La Vie En Rose", "Waldo" асрууд нийт 8 тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм.
“Playtime Festival 2025” оны headliners буюу голлох уран бүтээлчдийг дурдвал амьд хөгжмийн хувьд post-metal урсгалаар тоглодог Францын алдарт Alcest, post-hardcore урсгалаараа алдартай Япон улсын envy, Өмнөд Солонгосын post-rock Jambinai, post-hardcore урсгалаараа алдартай АНУ-ын YHWH Nailgun, мөн орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа анхаарал татаж буй Balming Tiger, Megumi Acorda, Selica Gel, VVAS зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.
Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч Ellen Allien, Klangkuenstler, Jennifer Cardini нар уран бүтээлээ хүргэнэ.
ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ PLAYTIME FESTIVAL
“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг Плэйтайм наадам бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалан ажилладаг. Наадмын хог хаягдал ангилагдан дахин боловсруулагдаж, нэг удаа биш олон удаа ашиглагдах Reusable cup наадмын нэгэн соёл болж хэвшээд байна. Дээрх үзэл санаагаа улам бататган шинэ талбайдаа мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмж, Монгол орныхоо экосистемийг дэмжих, тэтгэхийн зэрэгцээ үзэгчдэдээ танин мэдэхүйн ач холбогдолтой хүрээлэн бүтээхээр төлөвлөж байна.
Playtime Festival нь өнгөрсөн жилээс шинэ талбайд буюу Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Тогтвортой ногоон хүрээлэнгийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорьж буй наадам энэ жилээс зөвхөн Tent Camping-тай болж байгаа юм байна.
Ингэснээр наадмын тасалбар авсан бүх үзэгчид талбайн гаднах зогсоол дээр машинаа үнэгүй байрлуулан, тасалбарт дагалдаж ирж буй майхан барих эрх бүхий зай талбайд майхнаа барин тав тухтай байрлах боломжтой болжээ. Харин Camper Van-тай үзэгчдэд тусдаа байрлах зогсоолын хэсэг гаргаж байгаа бөгөөд зогсоолын эрх нь удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.
МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙГ ТҮГЭЭГЧ НААДАМ
Playtime Festival нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль билээ. Энэхүү PT+ буюу хөгжмийн бус хөтөлбөр нь хүн төрөлхтний сайн сайхан, сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, сүнслэг байдлаа хадгалахад чиглэсэн хөтөлбөр, бие физиологийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөр, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, бүтээлч шинэлэг сонирхолтой үзүүлбэрүүд, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд, монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулсан үзэсгэлэн гэх мэт урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна.
Наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж буй бөгөөд 2025 оны тасалбарыг 20 хувь хөнгөлөлттэй үнээр долоодугаар сарын 3-ыг хүртэл авах боломжтой.