Нийслэлийн 176 уулзвар, гарц дээр суурилуулсан хиймэл оюун ухаан бүхий камерууд замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, жолооч нарт “сануулах” мессеж илгээж эхлээд байна. Одоогоор камер гурван төрлийн зөрчил илрүүлж байгаа бөгөөд торгууль, шийтгэл ногдуулах зохицуулалт хараахан хэрэгжиж эхлээгүй ажээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэгээс тодрууллаа.
-Иргэдийн утсанд ирж байгаа "хиймэл оюун ухаан ашиглан зөрчил илрүүллээ" гэх мессеж ямар учиртай вэ. Торгууль оногдуулж байна гэсэн үг үү?
-Өнгөрсөн онд нийслэл Улаанбаатар хотын 176 уулзвар гарц дээр хиймэл оюун ухаан бүхий камер суурилуулан байршуулсан байгаа. Тус камераар 10 төрлийн замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх юм. Яг одоогийн байдлаар 10 төрлийн зөрчлөөс гурван зөрчлийг нь илрүүлж, дүрэм зөрчсөн жолооч нар руу мэдээллийг илгээж байгаа. Одоохондоо торгууль, шийтгэл, хариуцлага бол хүлээлгэхгүй байгаа. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнд жолооч нарын хамгийн их гаргадаг, улмаар осол аваар гаргадаг зогсох шугам давсан эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохионы зөрчил, урсгал сөрсөн гурван төрлийн зөрчил дээр ажиллаж байгаа. Ямар нэгэн торгууль, шийтгэл биш зөвхөн сануулах мессеж илгээж байна. Энэхүү хиймэл оюун ухаан бүхий камерыг нутагшуулж, зүгшрүүлэх үүднээс иргэд рүү мессеж илгээж байгаа.
-Иргэд дүрэм зөрчөөгүй байтал утсанд зөрчлийн мессеж ирж байна. Автомашингүй иргэнд ч мессеж ирж байна гэж байна. Энэ асуудлын талаар тайлбар өгнө үү?
-Манай байгууллага руу ч гэсэн “дүрэм зөрчөөгүй байхад мессеж ирлээ” гэсэн гомдол ирж байгаа. Жишээлбэл, урсгал сөрсөн зөрчил дээр авч үзье. Бид хиймэл оюун ухаанд дүрэм зохиогоод өгч байгаа юм. Урсгал сөрсөн гэдэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.10.8 заалтыг зөрчсөн гэж үздэг. Камер энэ мэдээллийг авч, цааш нь иргэд рүү сануулах мессеж илгээж байгаа. Тухайн жолооч уулзвар, гарцаар гарахдаа зорчих хэсгийн урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцээнэ гэж хиймэл оюун ухаан бүхий камерт мэдээлэл суулгасан. Гэтэл орж буй зорчих хэсгийн цагаан шугамыг давж байгаагаас болоод үүнийг “урсгал сөрсөн” гэж үзэж байгаа. Мөн цаг хугацааны асуудал бий. Өмнөх өдрүүдэд гаргасан зөрчил дараа өдөр нь мессеж болон ирж байгаа. Энэ нь мессежний систем дээр ачаалал үүсэж, мессеж хоцорч очих асуудалтай холбоотой. Мөн цагдаа зохицуулалт хийж байх үед улаан гэрлээр гарсан тохиолдолд сануулах мессеж ирж байгаа. Цагдаа зохицуулалт хийж байгаа үед камерт тохиргоо хийж, сайжруулахаар ажиллаж байна. Сануулах мессеж очиж байгаа боловч улаан гэрлээр гарахад торгууль очихгүй.
-Хиймэл оюун ухаан ашиглан зөрчил илрүүлэх систем яг ямар төхөөрөмж, технологид суурилж байна вэ?
-Хиймэл оюун ухаан буюу AI технологид манай байгууллага дүрэм зохиож өгч байгаа юм. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч тухайн дүрмийг зөрчвөл зөрчлийн мэдээлэл очиж байгаа гэсэн үг.
-Камеруудыг хотын аль хэсэгт суурилуулсан бэ. Хөдөө орон нутагт суурилуулсан уу?
-Орон нутагт одоогоор суурилуулаагүй байгаа. Нийслэл Улаанбаатар хотын 176 уулзвар гарц дээр 2606 камер суурилуулсан. Энэ камер одоогоор гурван төрлийн зөрчлийг илрүүлээд, уг камерыг нутагшуулах зүгшрүүлэх ажил хийгдээд явж байна. Яг тодорхой байршлуудыг хэлэх боломжгүй.
-Энэхүү туршилтын хугацаа нь дуусаад хиймэл оюун ухаан ашиглан зөрчил илрүүлэх системийг Монголд нутагшуулах зорилготой юу?
-Хүний оролцоогүйгээр зөрчлийг илрүүлэхээр энэхүү камерыг нутагшуулахаар ажиллаж байгаа. Иргэдэд хариуцлага тооцоод эхлэхэд бид энэхүү хиймэл оюун ухаан бүхий камераар зөрчлийг илрүүлэн хариуцлага тооцож эхэллээ гэж мэдэгдэнэ. Хариуцлага тооцож эхлэх хугацаа одоогоор тодорхойгүй байна.