Open iToim app
Улс төр | 1 мин уншина

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг пүрэв гарагт хэлэлцэх санал гаргажээ

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг пүрэв гарагт хэлэлцэх санал гаргажээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр товлоод байгаа. Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус асуудлаар хуралдаж байгаа юм. Харин АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулжээ.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг ирэх пүрэв гаригт хэлэлцэх санал гаргасан байна. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай бүлгийн гишүүд тэр тусмаа хуульч гишүүд өнөөдөр байнгын хороо, чуулганы хуралдаан 00:00 цаг даваад зургадугаар сарын 11-н рүү орно. Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа. Ерөнхий сайдыг томилох шийдвэр бүх нийтийн амралтын өдөр гарчихвал хууль эрх зүйн хувьд маргаантай гэдэг асуудал ярьсан. Тиймээс би УИХ-ын даргын зөвлөлд сая санал гаргаад байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааныг пүрэв гаригт хуралдуулъя гэдэг санал гаргалаа. Тэгвэл анхнаасаа хуулийн маргаантай зүйл биш ажлын өдөр хэлэлцээд шийдвэр гаргаад явах боломжтой" гэлээ.
Хэрвээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл АН-ын бүлгийн даргын саналыг дэмжихгүй бол АН-ын бүлэг дахин хуралдаж шийдвэр гаргах юм байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн