Амьдралыг хасахаас эхэлж, өнөөдөр хэнээс ч дутахааргүй амьдралаа цэцэглүүлсэн “777 Family tattoo studio”-гийн үүсгэн байгуулагч О.Анхбаяр болон түүний гэргий Б.Лхамцэцэг нарыг “Түмний нэг” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцоллоо. Тэд дөрвөн хүүхдийн аав, ээж бөгөөд олон ажлыг зэрэг амжуулдаг хичээнгүй гэр бүл юм. Тухайлбал, “777 Family tattoo studio” болон барааны дэлгүүр ажиллуулахын зэрэгцээ байр болон машины борлуулалт хийдэг байна. Ингээд тэдэнтэй ярилцсанаа хүргэе.
-Залуу хосууд хоёр талаасаа чемодантай нийлнэ гээд ярьдаг. Та хоёр ч мөн адил тэгж нийлсэн үү?
-О.Анхбаяр: Бид хоёр чемодан ч байхгүй өмссөн хувцастайгаа л нийлсэн.
-Б.Лхамцэцэг: Эхлээд манай аавынд хамтдаа амьдарч байгаад хадмынд очсон. Дараа нь өөрсдөө байр түрээсэлж тусдаа гарсан. Амьдрал нэг хэв маягт цутгасан юм шиг байдаггүй уналттай, босолттой янз бүр л байна. Түүний жишгээр бид ч нэлээд хэцүү амьдралыг туулж байсан. Автобусны 500 төгрөг ч олдохгүй үе байдаг шүү дээ. Тийм үед хажууд ар гэрийнхэн л байдаг юм билээ. Тухайн цаг үед маш олон хүний мөн чанарыг таньсан. Яаж ч ядарч байсан бид хүн зовоохгүй юм шүү гэсэн хандлагаа хаяж чаддаггүй. Хүн хулхидахгүй, худлаа хэлэхгүйгээр энэ амьдралыг босгоно гэдэг нэг хэсэг үнэхээр чанга байсан. Одоогоос 6-7 жилийн өмнө юм уу даа. Тухайн үед гурван хүүхэдтэй, залуу гэр бүл, хадам аавтайгаа буюу тэтгэврийн насны хүнтэй цуг амьдардаг байхдаа төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрт хүсэлт өгөөд манайх багтаагүй. Уг нь 30 гэр бүлийг хамруулах боломжтой гэж байсан. Шалгуур нь залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эсвэл тэтгэврийн настай хүнтэй цуг амьдардаг байх ёстой гэсэн. Ингээд шалгуур нь бүгд бүрдсэн байхад орж чадаагүй. Ер нь төрөөс ч дэмжлэг авч үзээгүйгээр энэ амьдралыг босгосон. Хүмүүс тэгээс эхэлсэн гэж ярьдаг. Бид хасахын хасахаас эхлээд явж байхад бас л чанга байсан.
-Хасахын хасахаас эхэлсэн гэлээ. Нөхрийнх нь хувьд тухайн үед эхнэр нь гурав төрсөн нялх биетэй байсан болохоор илүү их ачаа оногдож байсан уу?
-О.Анхбаяр: Тэр үед манай ээж өнгөрөөд хоёр сар болж байсан. Өр, зээлтэй байсан болохоор аавындаа очиж амьдарсан. Заримдаа аавыг байхгүй үед мөнгө гуйхгүй, ачаа болохгүй юм сан гэж боддог байлаа. Гэхдээ цахилгааны мөнгөө өгч чадахгүй 7 хоног харанхуй хонож байсан. Миний нойр хулждаг байлаа. Орой унтахын өмнө хүүхдүүдээ, эхнэрээ хараад “Юу хийх үү, яаж энэ амьдралыг босгох уу, хүмүүс яаж амьдраад байна. Хулгай хийх үү, яаж хэцүү байдлаас гарах вэ” гээд боддог үед зөндөө байсан. Ер нь хүн эцсийн эцэст өөрийнхөө чадах, дуртай, татагддаг зүйлээ хийх нь зөв юм билээ. Мэдээж хажууд зөв чиглүүлэх хань гэж байгаа учраас хамтдаа хүчтэй болж харсан зүг рүүгээ тууштайгаар явж байгаа.
-Тухайн үед бүх асуудал таны “толгой” дээр бууж байгаа болохоор өөрийгөө буруутгадаг байсан уу?
-О.Анхбаяр: Ер нь нэлээд буруутгадаг байсан. Зүгээр буруутгаад өнгөрөх биш гүндээ ортлоо буруутгаж байсан үе бий. Яг үнэндээ Солонгос кинон дээр гардаг шиг амиа хорлочихмоор, үхчихвэл амар ч юм шиг. Гэхдээ үхье гээд гээд бодохоор манай гэр бүлийн байгаа болохоор чадахгүй. “Би ямар арчаагүй юм бэ” гэж бодож байсан үе байсан. Цагаа тулахаар “Өндийх, хичээх хэрэгтэй. Миний үеийнхэн яаж явж байна. Адилхан л гар, хөлтэй. Зүтгэнэ, хөдөлмөр мандтугай” гээд л хичээсэн. Хөдөлмөрийн үр шимийн талаар ярих дуртай. Ер нь хөдөлмөрч гэр бүл болсон гэх юм уу даа.
-Харин эхнэрийнх нь хувьд тухайн үед сэтгэл санаагаар хямарч байсан уу?
-Хүүхэд гаргасан бол эмэгтэй хүн гэртээ хүүхдээ хараад байх ёстой. Ар гэрийг авч явж нөхрөө халамжлах ёстой гэдэг. Харин би тэс эсрэг байр суурьтай байдаг. Хүүхдээ нэг сар хүрсэн л бол нөхөртөө ч хамаагүй хүүхдүүдээ үлдээгээд ажлаа зохицуулдаг байсан. Учир нь манай нөхөр намайг болон миний хүүхдүүдийг тэжээх гэж надтай суугаагүй. Харилцан бие биедээ сайн болоод гэр бүл болсон. Яагаад заавал нөхөр энэ амьдралыг тэжээх ёстой билээ. Өөрийнхөө чаддаг зүйлээ хийе, чи чаддаг зүйлээ хий. Ингээд хоёулаа энэ амьдралыг босгоё гэсэн бодолтой хамтдаа хичээсэн. Тиймээс “Би ингэж амьдраад байна. Чамаас болж байгаа юм. Чи олигтойхон байсан бол ингэхгүй байсан” гэж бодож байгаагүй.
Тухайн үед ажлын олдоц хэцүү байсан. Бид их сургуульд сурч байгаад хаясан л даа. Иймээс хувиараа бизнес хийж байгаад дампуураад нэлээд асуудалтай болсон. Яг хийх гэхээр мэргэжилгүй хүмүүс хувиараа бизнес хийх гээд байдаг. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй болно. Мөнгө гэхээр гаргаад өгөх хүн байхгүй. Ингээд хоёулаа хэцүү байдалтай нэлээд удаан явсан. Харин мөнгөний боломж гарч ирэхээр нь шууд шивээсний машин авсан. Гэтэл шивээсний материал авсан хүн бидэнтэй танилцсан л байж зарим зүйлийг нь авах гээд мөнгө нь хүрэхгүй бол зээлээр авчих гээд өгсөн. Үүний хүчинд шивээс хийх бүх зүйлээ аваад манай нөхөр шивээс хийж эхлээд би ч ажилтай болоод ажлаа хийсэн. Гэнэт эргэлтийн цэг таарсан юм шиг ажлын санал хүртэл орж ирээд зүтгэсээр байгаад босоод ирсэн дээ.
-Хэцүү үеэ хамтдаа байгаа тулдаа хайрын хүчээр гэх юм уу, их ярилцаж байж давсан байх даа?
-Б.Лхамцэцэг: Тэгэлгүй яах вэ. Нэлээд л ярилцаж байж давсан даа. Манай нөхөр юм л болбол хямрах гээд байдаг төрлийн хүн. Хэт их бодож өөрийгөө их зовоодог. Харин би тийм төрлийн хүн биш. Юу хийвэл ард гарахаар байна гээд дайраад байдаг. Манай хүрээллийнхэн биднийг яаж энэ олон амжуулаад байдаг юм гээд байдаг. Нэгдүгээрт, бид алдсан хугацаагаа нөхөж авах гээд байна. Хоёрдугаарт, өнөөдрийн хөдөлмөр бидний амралтыг бэлдэж өгнө. Тийм болохоор яаж ажиллавал болж байна. Тэр хэмжээгээр ажиллая. Ер нь болж л байвал хийе гэдэг уриагаар явж байгаа. Хэн нэгнийг хохироохгүйгээр л хөдөлмөрлөх хэрэгтэй багаасаа зүтгэсэн. Иймээс бодсон ажлууд маш гоё бүтдэг болсон. Үнэхээр сайхан хүрээллийг бий болгосон. Бидний хүрээлэл дунд ЕБС болон их сургуулийн найзууд, хамаатны ах, эгч нар бараг байхгүй. Харин ихэнх нь шивээс хийлгэж байсан хуурай ах, эгч, дүү болсон хүн байдаг. Өөрсдөө гоё мэдрэмжийг хүмүүст өгөхийг зорьдог болохоор татдаг юм болов уу гэж бодоод байгаа.
-“777 Family tattoo studio”-г үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцахгүй юү. Хэдэн оноос эхэлж шивээс хийж эхэлсэн бэ?
-О.Анхбаяр: 2011 оноос сонирхоод 2012 оноос шивээс хийж эхэлсэн. Шивээсний студиэ 2020 онд нээсэн. Өмнө нь цүнхэндээ шивээс хийдэг хэрэгслүүдээ хийгээд автобусаар айл айлд очиж шивээс хийдэг байлаа. Өөрийн гэсэн студиүдтэй болоод их кайфтай байсан. Санхүүгийн хүнд нөхцөл байдлаас гараад шивээсний студиэ байгуулсан. Тухайн үедээ ч эхлээд шивээс хийх зүйлээ, студийн сандал гээд зээлээр авдаг байлаа.
-Эхнэрийнх нь хувьд анхнаасаа шивээс хийх дуртай байсан уу. Нөхрөө шивээс хийж байхыг хараад дуртай болсон уу. Энэ ажлын юу нь хамгийн гоё вэ?
-Б.Лхамцэцэг: Манай нөхөр эхлээд 8 метр квадрат жижигхэн өрөөнд ганцаараа шивээс хийдэг байсан. Дараа нь 30 гаруй метр квадрат ажлын байртай болоод хоёулаа шивдэг болсон. Сүүлдээ багтахаа болоод одоо бараг 60 орчим метр квадрат ажлын байр руу нүүж байгаа. Миний хувьд анх шивээс гэж огт мэддэггүй байсан. Үерхээд удаагүй байхдаа нөхрийнхөө шивээс хийж байхыг харж байсан. Тухайн үедээ ямар ч сонирхолгүй байж байгаад дараа нь өөрөө шивээс хийлгэсэн. Түүнийгээ 8 жил аав, ээж хоёроосоо нуусан байдаг. Гэтэл одоо манай аав, ээж хоёр хоёулаа шивээстэй. Сүүлд сониуч зан хөдлөөд шивээс хийж үзье гээд хиймэл арьсан дээр шивсэн. Түүнийг хараад манай нөхөр “Болохоор юм байна. Чи шивбэл шивмээр юм байна” гэсэн. Түүнээс нь урамшаад маргааш нь дүүгээ студид дээрээ авчраад шивээс хийгээд эхэлсэн. Аливаа зүйлийг багаас нь томруулаад явах мэдрэмж гоё. Томрох тусам л гоё санагдана. Энэ ажил зүйлийг бүрээс кайф өгдөг. Шивээс хийлгээд хүмүүс баярлалаа гээд гарч яваа нь гоё байдаг. Хийгээд дууссан бүтээлээ харна гэдэг өдөр болгон сайхан мэдрэмж төрүүлдэг.
-Тэгэхээр та хоёрын хувьд шивээс хийж эхэлсэн нь их утга учиртай зүйл байх нь?
-О.Анхбаяр: Тэгэлгүй яах вэ. Бидний амьдралыг босгосон суурь бол шивээс. Одоо ч салшгүй холбоотой болсон доо.
-Б.Лхамцэцэг: Хүмүүс биднийг шивээсчин гэр бүл гэдгээр нь л мэднэ. Энэ өрхийн нэр нь бараг 777 болоод байгаа.
-Студиэ байгуулаад хэдэн жил болж байна. Яагаад 777 Family tattoo studio гэж нэрлэсэн бэ?
-О.Анхбаяр: Одоо яг таван жил болж байна. Миний хувьд 2012 оноос хойш шивээс хийж сурч байсан. Хэцүү байсан үедээ түр завсардсан. Ер нь 7 гэдэг тоонд дуртай байсан гэх үү. Миний нэр Анхбаяр гээд 7 үсэгтэй. Азын 777 гээд их гардаг шүү дээ. Түүнээс санаа аваад студийнхээ нэрийг өгч байсан.Шивээс хийж байгаа хүн үйлчлүүлэгчгүй бол орлогогүй. Тиймээс өөрсдийн 777 шивээс гээд групп нээж байсан.
-Б.Лхамцэцэг: Намайг шивээс хийж эхлэхэд 777 Family tattoo болгож өөрчилсөн.
Гэр бүлийн бизнес хийхийн давуу тал нь юунд байдаг гэж боддог вэ?
-Б.Лхамцэцэг: Хамт ажилладаг болохоор маш сайн ойлголцож чаддаг. Маргалдах шалтгаан бага байдаг. Өөр өөрсдийнхөө ажлыг мэддэг болохоор муудалцах шалтгаан гардаггүй. Харин бизнес жаахан уналтад ороод ирвэл нэгэндээ тавих шаардлага нь ихэсдэг.
-Хэрхэн өөрсдийн байраа авсан бэ. Анхны байраа авч байсан үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юү?
-Б.Лхамцэцэг: Өөрсдийн гэсэн байртай болсон мэдрэмж үгээр зүйрлэхээргүй сайхан байсан. Манай нөхрийн том ах биднийг анхны байраа авахад тусалсан. Бид манай аав, ээжийнд амьдардаг байхад “Ахад нь энд нэг өөр байгаа. Та хоёр сар болгон сая төгрөг төлөөд амьдар. Ордерыг нь та хоёрын нэр дээр шилжүүлээд өгье” гэсэн. Орон гэргүй хүмүүст нэг өрөө байр мөрөөдөл байсан. Тухайн үедээ үнэхээр их баярласан. Хашаа байшин байсан мөрөөдөл. Тэгээд л тухайн үедээ шууд хувь лизинг хийгээд байрандаа орж байсан. Дараа нь түүнийгээ зараад хоёр өөрөө байрныхаа урьдчилгааг нь хийгээд зээлээ төлөөд явж байгаа. Удахгүй дахиад томруулах бодолтой л байна.
-Эргээд амьдралаа харахад хамтдаа бүтээж чадсан гэдэг нь хамгийн үнэ цэнтэй зүйл байх даа?
-Б.Лхамцэцэг: Тэгэлгүй яах вэ . Хамтдаа хасахаас эхэлсэн болохоор нэгэндээ итгэх итгэл илүү их байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл 0 заагаад шалбаагт байхад энэ хүн намайг орхиж яваагүй. Энэ хүнийг шалбаагт байхад би орхиогүй. Тэгэхээр илүү аз жаргалтай байхад намайг орхиж явахгүй нь ойлгомжтой. Мөн бидэнд хар гэдэг зүйл байдаггүй. Хар гэдэг амьдралд хамгийн гай болдог зүйл. Тийм болохоор олон ажил амжуулах, уулзалт хийхэд сэтгэл амар байдаг.
-Нууц биш бол цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юү?
О.Анхбаяр: Залуус Монгол Улсад эцэг эхээсээ боломжийн амьдралтай биш бол бүгд өр зээлтэй явж байгаа. Ирээдүйд ч гэсэн өрөө тавьсаар л байна байх. Яагаад гэвэл дараагийн том зорилго руу явахад бас л мөнгө хэрэгтэй болно. Бид маш том мөрөөдөлтэй. Түүний хэсгээс хуваалцвал бид хувийн эзэмшлийн 777 гэсэн том объекттой болно.
Б.Лхамцэцэг: Шивээсний салондоо гоо сайхан, маникюр зэрэг үйлчилгээг нэмж илүү өргөжүүлнэ.