Open iToim app
Эрүүл монгол | 11 мин уншина

Б.Батболд: Судасны хатуурлыг зогсоох боломжгүй ч удаашруулах бүрэн боломжтой

Б.Батболд: Судасны хатуурлыг зогсоох боломжгүй ч удаашруулах бүрэн боломжтой
Нийтэлсэн 3 цагийн өмнө
Зүрх судасны өвчлөлтэй иргэдийн тоо жилээс жилд бууралгүй улам л нэмэгдэж байна. Монгол Улсад жилд 5000 гаруй хүн зүрх судасны өвчнөөр оношлогдож, эмчлүүлж байгаа нь энэ өвчлөлийн тархалт ямар түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Энэхүү өвчнийг зогсоох боломжгүй ч удаашруулах бүрэн боломжтой юм байна. Хувь хүний амьдралын зөв хэв маяг, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хорт зуршлаас татгалзах зэрэг нь судасны хатуурлыг удаашруулдаг тухай Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүрх судас, ангиографын ахлах зэрэгтэй эмч Б.Батболдтой ярилцсан юм.
-Зүрхний титэм судасны өвчтэй хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?  
-Зүрхний титэм судасны өвчин нь зүрхийг тэжээдэг, хүчилтөрөгчөөр хангадаг судаснууд нарийсах буюу бөглөрөхөөс шалтгаалан үүсдэг бөгөөд энэ өвчинтэй хүнд ихэвчлэн цээжээр өвдөх, амьсгаадах, амархан ядарч сульдах, хөл гарын үзүүр хүйтэн болох, хөлс ихээр гарах, дотор муухайрах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Гэвч зарим тохиолдолд дээрх шинж тэмдгүүд илрэлгүй, өвчин гэнэт сэдэрч зүрхний шигдээс болох нь бий. 
Зүрх судасны өвчлөл нь дэлхий нийтэд нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд Монгол Улсад ч энэ үзүүлэлт өндөр хэвээр байна. Өвчлөл үүсэхэд хотжилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, удамшил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд таргалалт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээ, цусан дахь сахрын хэмжээ их байх зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн нас ахихын хэрээр судасны уян хатан чанар буурч, титэм судасны нарийсалт илүү их тохиолддог юм. Хэдийгээр энэ төрлийн өвчин нь ихэвчлэн 50-иас дээш насны ахимаг настай хүмүүст зонхилон тохиолддог ч сүүлийн жилүүдэд 30 гаруй насны залуусын дунд ч нэмэгдэж байгаа. Энэ нь амьдралын буруу хэв маяг, байнгын стресс, хөдөлгөөний дутагдал, түргэн хоолны хэрэглээ, архи тамхи зэрэг нь залуу хүмүүсийн зүрх судасны системд сөргөөр нөлөөлж, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 
Судасны хатуурал гэдэг нь насжилттай холбоотойгоор хүний биед аажмаар үүсдэг байгалийн өөрчлөлт бөгөөд энэ нь нас ахихын хэрээр хүн бүрт тодорхой хэмжээгээр илэрдэг. Гэхдээ энэ өөрчлөлт ямар хүнээс илүү хурдацтай, эрт илэрч, хоруу чанартайгаар явагдах вэ гэдэг нь зөвхөн наснаас бус харин тухайн хүний удамшил болон амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг. Энэхүү өвчлөл нь нийт хүн амын дунд эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр хувиар тохиолддог бөгөөд энэ нь эрчүүдийн дунд илүү элбэг байдаг архи, тамхины хэрэглээ, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг хүчин зүйлсээр тайлбарлагддаг. Түүнчлэн хэрвээ тухайн хүн удамшлаар зүрх судасны өвчинд өртөмтгий, эсвэл чихрийн шижин болон бусад дагалдах өвчтэй бол зүрх судасны өвчлөлийн эрсдэл эрс нэмэгддэг юм.
Зүрх судасны өвчин нь бусад олон төрлийн өвчлөлөөс ялгаатай нь амь насанд аюултай байдал үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй өвчний тоонд ордог бөгөөд энэ нь дэлхий даяар төдийгүй манай улсад ч нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Гэвч энэ өвчин гэнэт нэг өдөр үүсдэг зүйл биш юм. Зүрхийг тэжээдэг судаснууд дотор олон жилийн туршид удаан хугацаанд аажмаар үүссэн өөх тосны хуримтлал буюу товрууны улмаас нарийсаж эхэлдэг. Энэхүү процесст нөлөөлдөг хүчин зүйлс нь амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт, удамшил, стресс гэх мэт олон зүйл бий. Эдгээр товруу нь эхлээд судасны хананд бага багаар хуримтлагдаж, нарийслыг үүсгэх ба энэ нь тодорхой хэмжээний хугацааны туршид мэдэгдэхгүй байж болох ч гэнэт товруу хагарч, эсвэл цусны бүлэн үүсч, судас бүрэн бөглөрөх үед зүрхний шигдээс буюу цочмог байдал үүсэх эрсдэлтэй.
Зүрх гэдэг нь агшиж суларч, хүний биеийн бүхий л эрхтэн системийг цусаар хангах үүрэгтэй чухал эрхтэн юм. Тайван байдалд хүний зүрх минутанд дунджаар 60-80 удаа агшдаг бол дасгал хөдөлгөөн хийх, алхах, гүйх, ачаалал авах үед энэ тоо 100-аас дээш болж нэмэгддэг. Хэрэв зүрхний судас хэвийн, саадгүй байвал ийм ачаалалтай үед ямар нэгэн зовиур илрэхгүй. Харин судас нарийссан, бөглөрөх эрсдэлтэй байвал зүрх ачаалал даахгүй болж, цээжээр өвдөх, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зүрх судасны асуудал үүсэх үед хүний бие тайван байдалд байхдаа ямар нэгэн зовиур илрэхгүй байх нь элбэг боловч багахан хэмжээний хөдөлгөөн хийхэд, жишээлбэл хурдан алхах, шатаар өгсөх, хүнд зүйл өргөх үед амьсгаадах, цээж давчдах, өвчүүгээр өвдөх, хорсох мэдрэмж төрөх, хоолой бачуурах, амьсгаа боогдох мэт шинж тэмдгүүд илэрдэг юм. Зарим тохиолдолд зүрхний титэм судасны нарийсал хэт гүнзгий шатандаа орсон байвал тайван үед ч гэсэн дээрх шинж тэмдгүүд тодорхой хэмжээгээр илэрч болох бөгөөд энэ нь өвчин илүү даамжирсны илрэл байж болдог.
Эмнэлгийн орчинд бид өвчтөний дээрх зовиурыг анхааран сонсож, түүний эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маяг, удамшил, өмнөх өвчлөлийн талаар дэлгэрэнгүй асуумж авч, зүрх судасны өвчний эрсдэлийн түвшинг тодорхойлдог. Үүний дараа оношилгоог нарийвчлан хийхийн тулд шат дараатай шинжилгээг хийдэг юм. Эхний ээлжинд зүрхний цахилгаан бичлэг авч, улмаар зүрхний эхо буюу хэт авиан шинжилгээ, 24 цагийн турш зүрхний хэмнэл хянах холтер бичлэг, цаашлаад шаардлагатай бол зүрхний компьютер томографи, ангиографийн шинжилгээг хийж, титэм судасны нарийсал, бөглөрлийн байршил, хүндийн зэргийг нарийвчлан тодорхойлдог. Ийнхүү онош тогтоогдсон тохиолдолд өвчтөний биеийн байдал, өвчлөлийн шатнаас хамааран хамгийн үр дүнтэй, аюулгүй байдлаар эмчилгээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлдэг юм.
-Зүрхний ангиографын эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?
-Зүрхний титэм судасны өвчнийг эмчлэхэд хоёр үндсэн төрлийн эмчилгээ байдаг. Үүнд эмийн болон эмийн бус буюу механик эмчилгээний аргууд бий. Эмийн эмчилгээнд цус шингэлэх, судасны дотор хуримтлагдсан өөх тос, холестерины хэмжээг бууруулах, цусны даралт болон зүрхний хэмнэлийг тогтвортой байлгах зорилготой эмүүдийг хэрэглэдэг. Эдгээр эмчилгээгээр өвчтөний зовиурыг намдаах, зүрхний ачааллыг бууруулах, судасны нарийслыг удаашруулах, цаашлаад зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч зарим тохиолдолд зөвхөн эмийн эмчилгээ үр дүн өгөхгүй байх нь бий. Ийм үед механик буюу эмийн бус эмчилгээ шаардлагатай болдог. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга нь зүрхний титэм судасны ангиографийн оношилгоо, улмаар стенд суулгах мэс ажилбар юм. Ангиограф гэдэг нь титэм судасны нарийсал, бөглөрөл байгаа эсэхийг тодорхойлж, зураг авч харах оношилгооны арга, судсанд тодосгогч бодис шахаж, рентген аппаратаар шууд бичлэг хийдэг. Үүний үр дүнд ямар судас, хаана, ямар хэмжээгээр нарийссан эсэх нь тодорхой харагддаг юм.
undefined
Гэхдээ ангиографиар нарийсал илэрсэн тохиолдолд бүрэн бөглөрсөн эсвэл цусны урсгалд ноцтой саад учруулж буй хүнд зэргийн нарийсал байвал л стент буюу суулгац тавих шаардлага гардаг. Судсыг харж байгаа эмч нар тухайн нарийсал хэдэн хувийн хэмжээтэй байна, цусны урсгалын хурдыг хэр зогсоож байна, даралтанд хэрхэн нөлөөлж байна гэдгийг анхаарч үнэлнэ. Зарим үед судсан дотор хэт авиан шинжилгээ буюу эхо ашиглан нарийслыг үүсгэж буй товрууны бүтцийг харж, тогтвортой эсэх, задрах аюултай эсэхийг үнэлдэг. Мөн нарийссан хэсгийн урт, гэмтсэн талбайн хэмжээг хэмжин тохирсон хэмжээтэй, тохирсон төрлийн стент сонгож, зөв байрлалд суулгах замаар эмчилгээг гүйцэтгэдэг юм.
Энэхүү стент тавих эмчилгээ нь бөглөрсөн буюу нарийссан судасны дотор хэсгийг тэлж, дахин цус чөлөөтэй урсах боломжийг бүрдүүлдэг бөгөөд зүрхний ачааллыг багасгаж, өвдөлт, зовиурыг намдаан, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг бууруулах үр дүнтэй эмчилгээний арга юм. Эмчилгээний дараа тухайн өвчтөнд дахин нарийсал үүсэхээс сэргийлэхийн тулд цаашид эмийн эмчилгээ үргэлжлэх бөгөөд амьдралын хэв маягаа өөрчлөх, хяналт шинжилгээнд тогтмол хамрагдах нь зайлшгүй шаардлагатай.
Манай эмнэлгийн хувьд зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр 2021 оны аравдугаар сард гурван эмч, нэг техникч, нэг сувилагчийг БНХАУ-ын Шанхай хотод хоёр сарын хугацаатай сургалтад хамруулсан. Энэхүү сургалтын хүрээнд титэм судсан дотуурх мэс ажилбарыг хэрхэн аюулгүй, үр дүнтэй гүйцэтгэх, хүнд хэлбэрийн нарийн мэс заслуудыг чанартай хийх аргачлал, мөн судсан дотуурх эхо аппаратыг оношилгоо, эмчилгээнд хэрхэн зөв ашиглах талаар мэргэжлийн өндөр түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшээд ирсэн.
Цаашлаад энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр манай эмнэлэг Эрүүл мэндийн сайдын дэмжлэгээр хоёр төрлийн томоохон оношилгооны аппаратыг хүлээн авсан нь эмчилгээний чанар, нарийвчлалд ахиц гаргах томоохон алхам болсон. Эдгээр аппаратыг ашигласнаар бид оношилгоог зөвхөн таамаглал бус нотолгоонд суурилсан оношилгооны үндсэн дээр хийж, өвчтөн бүрт илүү оновчтой, аюулгүй, зөв эмчилгээний тактик боловсруулах боломжтой болсон юм. Зүрхний титэм судасны нарийсал, бөглөрөлтэй өвчтөнд стент буюу суулгац тавих шаардлага зарим тохиолдолд гардаг. Гэхдээ стент гэдэг нь хүний биед байгалиасаа байх ёсгүй, гадны биет учраас аргагүй тохиолдолд л хамгийн цөөн тоогоор, хамгийн зөв байршилд, хамгийн оновчтой байдлаар тавих нь чухал байдаг. Энэ утгаараа шинэ аппарат нь стент тавих шаардлагыг илүү нарийн тодорхойлох, зөв байрлалд суулгах, товрууны бүтэц, судасны гэмтлийн урт, хэлбэр зэргийг судсан дотуурх эхо ашиглан нарийн харах боломжийг олгож байгаа нь эмчилгээний үр дүн, өвчтөний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм.
Зүрхний титэм судасны нарийсал, бөглөрлийн үед хийдэг судсан дотуурх эмчилгээ нь Монгол Улсад хийгдээд 25 жил болж байна. Энэ хугацаанд эмчилгээний арга барил, техник технологи сайжирсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ангиограф болон судсан дотуурх эхо зэрэг өндөр нарийвчлалтай оношилгооны аппаратууд нэвтэрснээр эмчилгээ илүү дэвшилтэт, нотолгоонд суурилсан түвшинд хийгдэх боломжтой болсон юм. Шинэ төхөөрөмжүүдийн нэг болох судсан дотуурх эхо нь титэм судасны нарийслыг үүсгэж буй товрууны бүтцэд нарийвчилсан дүн шинжилгээ хийх, товруу тогтвортой эсэх, задрах эрсдэлтэй эсэхийг урьдчилан оношлох, цусны урсгалд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зэрэг олон чухал мэдээллийг өгдөг. Энэ нь зөвхөн нарийслыг илрүүлэхээс гадна тухайн өвчтөнд стент тавих шаардлагатай эсэх, хэр хэмжээтэй, хаана тавих талаар илүү оновчтой шийдвэр гаргахад чухал нөлөөтэй юм.
Өмнө нь ийм төрлийн нарийн оношилгоо, эмчилгээг зөвхөн гадаадын улс орнуудад хийлгэх боломжтой байсан. Тухайн үед нэг өвчтөний зардал дунджаар 50–60 сая төгрөгт хүрдэг байв. Харин одоо бол улсдаа энэхүү эмчилгээг үнэ төлбөргүй хийлгүүлж байна. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн эмчилгээг манай эмнэлгээс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Цэргийн төв эмнэлэгт хийж байна. Эдгээр эмнэлгүүдэд суурилагдсан тоног төхөөрөмжүүд өөр өөрийн онцлог, давуу талтай байдаг. Тухайлбал, манай эмнэлэгт суурилсан судсан дотуурх эхо аппарат нь судсыг нарийсгаж байгаа товрууны бүтцийг өндөр нарийвчлалтай харах, эмчилгээний шийдвэрийг илүү оновчтой гаргахад тусалдаг давуу талтай.
quote photo
Манай эмнэлэгт шинээр ирсэн судсан дотуурх эхо аппаратын хувьд дагалдах зарим багаж, хэрэгслүүдийн хувьд хязгаарлагдмал нөөцтэй ирсэн. Өнөөдрийн байдлаар хагалгаануудыг үнэ төлбөргүй хийж байгаа ч цаашид энэ багаж дуусах үед хэрхэн хийгдэж, ямар санхүүжэлтээр үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна. 
Түүнчлэн энэхүү шинэ төрлийн аппарат, технологийг Эрүүл мэндийн даатгалын системд хамруулахын тулд нутагшсан буюу тодорхой тооны хагалгаа хийгдсэн, үр дүн нь нотлогдсон байх зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай байдаг. Манай эмнэлэгт энэ аппарат суурилагдсанаас хойш нийт дөрвөн хүнд амжилттай хагалгаа хийгдсэн.
-Зүрхний шигдээс болох эсэх, судасны хатууралтайгаа тухайн хүн өөрөө мэдэх боломжтой юу?
-Зүрх судасны өвчлөл нь шууд хараад эсвэл ганц шинжилгээгээр оношлогдох хялбар өвчин биш юм. Олон жилийн туршид аажмаар үүсдэг, аюултай өвчний нэг. Цаг хугацааны явцад хүний судсанд хатуурал үүсэж, улмаар судасны нарийсал, бөглөрөл бий болдог. Энэ процессийг бүрэн зогсоох боломжгүй ч амьдралын хэв маягт анхаарч, зохих эмчилгээ хийснээр хатуурлын явцыг удаашруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, бид арьсны үрчлээсийг бүрэн зогсоож чаддаггүй ч арчилгаа, амьдралын зөв хэв маягаар хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж болдогтой адил, судасны хатуурлыг ч мөн ижил зарчмаар хянах боломжтой. Үүний тулд юуны түрүүнд хүн өөрийн амьдралын хэв маягаа эргэн харж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй юм. Мөн тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмчийн заавар зөвлөгөөг дагаж эмийн эмчилгээ хийлгэснээр зүрхний шигдээс зэрэг хүндэрсэн эрсдэлт байдал үүсэх хугацааг хойшлуулах боломжтой. Судасны хатуурлын явцыг удаашруулахад нөлөөлдөг хүчин зүйлсийг хоёр үндсэн бүлэгт хувааж болно. Нэгдүгээрт, засагдах хүчин зүйлс буюу эдгээр нь хүний хяналтад байх боломжтой бөгөөд өөрчлөгдөж чаддаг. Үүнд тамхи татах зуршил, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, архи хэтрүүлэн хэрэглэх, стресст өртөх зэрэг хүчин зүйлс багтана. Эдгээрийг өөрчилснөөр өвчний эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Хоёрдугаарт, засагдахгүй хүчин зүйлс буюу эдгээр нь хүний хяналтаас гадуур байдаг бөгөөд өөрчлөх боломжгүй. Үүнд насжилт, удамшил, хүйс (ялангуяа эрэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг) зэрэг багтана. Хэдий өөрчлөх боломжгүй ч эдгээр хүчин зүйлтэй иргэд эрт үеэс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл амьдралын хэв маягийг баримталснаар өвчний илрэх хугацааг хойшлуулах боломжтой юм.
-Хүмүүс энэ төрлийн өвчлөлөөр өвдөхгүйн тулд өдөр тутамдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Судасны хатуурал гэдэг нь хүний нас нэмэгдэхийн хэрээр биед аажмаар бий болдог физиологийн өөрчлөлт юм. Гэвч зөвхөн насжилтаас гадна амьдралын буруу хэв маяг, эрэгтэй хүйс давамгай өртдөг зэрэг нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг болдог. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин улам бүр залуужиж, оношлогдох тохиолдол олширч байгаагийн гол шалтгаан нь хүмүүсийн амьдралын хэв маягт оршиж байна. Тухайлбал, идэвхгүй хөдөлгөөн, суугаа ажил эрхлэх, дасгал хөдөлгөөний хомсдол нь хөдөлгөөний дутагдлыг бий болгож, цаашлаад жингийн илүүдэлд хүргэдэг. Үүнтэй зэрэгцэн хорт зуршлууд болох тамхи татах, архи хэрэглэх нь зүрх судасны тогтолцоонд маш сөргөөр нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлс нь цаашлаад чихрийн шижин өвчний суурь шалтгаан болдог. Харин чихрийн шижин өвчин нь биеийн бүх судаснуудыг гэмтээдэг бөгөөд үүний улмаас хүний хараа муудах, бөөр ажиллагаагүй болох, зүрхний шигдээс үүсэх зэрэг хүндрэлүүд үүсэх аюултай. Эдгээр өвчний эрсдэлд удамшил ч мөн хүчтэй нөлөөтэй. Зарим хүмүүс насан туршдаа тамхи татсан ч зүрхний асуудалгүй байдаг бол, харин харьцангуй бага татдаг ч зүрхний өвчнөөр өвчилдөг тохиолдол элбэг. Энэ нь тухайн хүний генийн өвөрмөц байдалтай шууд холбоотой. Үнэн хэрэгтээ бараг бүх өвчний суурь шалтгаанд удамшлын хүчин зүйл нөлөөлдөг. Хүн бүр аль төрлийн өвчинд өртөх магадлал өндөртэй вэ гэдгээ удамшлаасаа тодорхой хэмжээнд ойлгох боломжтой.
Зүрх судасны өвчлөлтэй иргэдийн тоо жилээс жилд бууралгүй улам нэмэгдэж байна. Жишээлбэл, Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилд ойролцоогоор 2000-3000 хүн, Нэгдүгээр эмнэлэгт 1000 орчим хүн, манай эмнэлэгт ч мөн адил 1000 орчим хүн энэ төрлийн өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Мөн зургаан бүсийн оношилгооны төвүүдэд байршуулсан ангиографын аппаратаар жилдээ 200-300 хүн оношлуулдаг. Ингээд улсын хэмжээнд жилд 5000 гаруй хүн зүрх судасны өвчнөөр оношлогдож, эмчлүүлж байгаа нь энэ өвчлөлийн тархалт ямар түвшинд хүрснийг харуулж байгаа юм.
Өвчлөлийн энэ тоо цаашид буурах эсэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хүчин чармайлтаар хязгаарлагдахгүй. Хувь хүн бүр өөрийн амьдралын хэв маягт хариуцлагатай хандаж, эрүүл хэв маягт шилжих нь гол нөлөө үзүүлнэ. Үүнд тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөх, тамхи болон архинаас татгалзах, жингээ барих, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг нь багтана. Манай эмнэлэг нь зүрх судасны оношилгоог улам боловсронгуй болгох зорилгоор цөмийн оношилгоо эмчилгээний төвийг байгуулсан. Энэхүү төв нь зүрхний булчингийн гэмтлийг тодорхойлох зорилгоор цөмийн шинжилгээг ашигладаг бөгөөд энэ нь судасны нарийсал үүссэн эсэх, зүрхний аль хэсэгт цусны дутагдал үүсэж байгааг илүү нарийн оношлох боломжийг олгож байна. Манай баг ойрын хугацаанд цөмийн оношилгооны чиглэлээр илүү дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа. 
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн