Open iToim app
Нийгэм | 7 мин уншина

А.Хишигтөгс: "Cancel culture" нь системийн асуудлыг өнгөлөн далдалдаг ёс зүйн үзүүлэн болохоос шийдэл биш

А.Хишигтөгс: "Cancel culture" нь системийн асуудлыг өнгөлөн далдалдаг ёс зүйн үзүүлэн болохоос шийдэл биш
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Бид ердөө гурван сая гаруйхан хүн амтай улсын иргэд. Гэхдээ ухаалаг утас, сошиал медиаг идэвхтэй хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд дээгүүр бичигддэг.
Хүн ам багын хэрээр олны танил болох нь бусад улс оронтой харьцуулахад илүү дөхөм. Нэгэнт олны танил болох замыг сонгосон бол хэлэх үг, хийх үйлдлээ анхаарч байх нийгмийн бичигдээгүй хуулийг дагах ёстой. Дэлхий дахинд "cancel culture" гэх ойлголт дэлхийд нэлээд түгэж буй. Манай улс ч үүнийг тойроогүй “дайрч” байна. Тэгвэл социологич А.Хишигтөгстэй дээрх ойлголтын талаар ярилцлаа.
-Cancel culture нь хариуцлага тооцох механизм уу эсвэл олон нийтийн дарамт, шахалт уу. Социологич хүний хувьд энэхүү ойлголтыг тайлбарлахгүй юү?
-Сошиал медиагийн эрин үе эхэлснээс буюу 2010 оноос эхлээд Америкт “cancel culture” үүссэн. Cancel culture гэдэг заавал төрөөр эсхүл хуулиар биш харин олон нийт өөрсдөө ёс суртахууны хувьд шаардлага тавьж байгаа муу муухайтай тэмцэж байгаа орчин үеийн эсэргүүцлийн хэлбэр. Заавал жагсаал цуглаан хийж тэмцдэг юм биш. Хууль өөрөө үргэлж асуудалтай байдаг. Яагаад гэвэл хуулийг ард түмэн биш эрх баригчид санаачилж, баталдаг. Тэгэхээр хуульд найдаж амьдрах нь шударга биш. Жишээлбэл, хүчирхийлэл үйлдэж байсан өчнөөн хүмүүс олны танил болоод ард түмний ачаар сайхан амьдраад байсан. Үүнийг хууль зохицуулж чадахгүй. Ингээд 2017 оноос #MeToo гэсэн хөдөлгөөн гарч хүчирхийлэгч олны танил хүмүүсийг нийтээрээ "cancel" хийж ажлыг нь өгүүлж, нэвтрүүлгийг нь хаалгаж шударга ёсыг шаардсан. Энэ бол ард түмэн эрх мэдэлтэй, хүчтэй шүү, эрх мэдлээсээ хүнийсээгүй гэдгийн илрэл.
-Огцрох амархан жагсаалын үеэр жил жилийн сонгуулиар ажиллаж байсан олны танил хүмүүсийг жагсаасан байсан. Олны танил хүмүүс сонгуулийн үеэр ч юм уу мөнгө авч олон нийтийн санаа бодолд нөлөөлдөг байх нь зөв үү, буруу юу. Яагаад?
-Энэ бол капитализмын зайлшгүй шинж. Монголчууд 1900 оноос өмнө феодалын нийгэмд байхад сонгууль хийдэггүй зөвхөн Алтан ураг эсхүл тодорсон, онцгой төрсөн гэх хүмүүс л автоматаар засгийн эрхийг авдаг байсан. Соц үед (социализмын үед) анх удаа сонгууль өгдөг болж малчны хүүхэд хүртэл засаг барилцах боломжтой болсон. Дараа нь капитализмын үед капиталтай бүлэг л засгийн эрхийг барих болсон. Тэр капитал зөвхөн эдийн засгийн буюу мөнгө биш нийгмийн капитал буюу олны танил хүмүүс хүчтэй болж ирсэн. Тиймээс мөнгөтэй хүнд олон хүний санал хэрэгтэй, олон хүн дагуулдаг хүнд мөнгө хэрэгтэй. Ингээд энэ хоёр нэг нэгэндээ байхгүй капиталыг өгч солилцдог. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхий даяар яг адилхан явагдана. Харин капиталыг биш үнэт зүйлийг буюу шударга ёсыг, сайн сайхныг чухалчилдаг олны танил хүн хэзээ ч капиталаа худалддаггүй. Тийм уран бүтээлчдийг бид мэднэ шүү дээ. Тос усаараа ялгарна, хэн нь хэн бэ танигдана.
-Ер нь цахим орчны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр олон нийтийн дунд өөрчлөгдөж буй эерэг болон сөрөг ямар зүйлүүд ажиглагдаж байна вэ?
-Цахим орчны давуу талууд гэвэл мэдээлэл хурдан түгэх, санал бодлоо илэрхийлэх боломж хүн бүрд нээлттэй. Иргэдийн оролцоо нэмэгдэж нийгмийн асуудалд хурдан хариу үйлдэл үзүүлдэг болсон. Ном унших боломж ихсэж дэлхийн мэдлэгийн хөгжилтэй гэрээсээ л хөл нийлүүлэх боломжтой боллоо. Гэвч цоо шинэ асуудлууд бас гарч ирлээ. Polarization буюу үзэл бодлын туйлшрал гэдэг ойлголтыг онцолъё. Интернэт сүлжээний алгоритм хүний сонирхолд нийцүүлэн мэдээлэл нийлүүлдэг тул тухайн хүнийг өөрийн байр суурийг баталгаажуулах мэдээллээр л тойруулдаг. Үүнийг социологид “filter bubble” буюу мэдээллийн хөөсөнд орох гэж нэрлэдэг. Ингэж танай манай, би чи гэж хоёр тийшээ туйлширч хуваагддаг. Жишээ нь, “Монгол ялна” гэдэг бол “Бид эсхүл Тэд” гэх хоёр туйлд хувааж хэрвээ өөрөөс нь өөр л урсгал байвал түүнийг үзэн ядах, “дайсан” гэж үзэх сэтгэл зүйн төлөвт ордог.
-Монголын нийгэм, төр, боловсролын байгууллагууд cancel culture гэдэг ойлголтод хэрхэн хандвал зохистой гэж үзэж байна вэ?
-Үнэт зүйлтэй л цэвэр холбох ёстой. Юуг үнэт зүйлээ гэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Монгол хүний үнэт зүйл юу вэ гэдгийг төр Үндсэн хуульдаа бичсэн байх ёстой. Түүнийг боловсролын байгууллагууд, ЕБС-ууд дагаж, тийм монгол хүнийг бэлтгэх ёстой. Америкийн Үндсэн хуульд “Америк хүн аз жаргалынхаа төлөө өөрөө тэмүүлэх ёстой, тэрэнд нь төрөөс эхлээд юу ч саад болж болохгүй” гэсэн үнэт зүйлтэй. Тиймээс cancel culture нь ард түмэн дундаас гарсан, дээрээс төрөөс биш. Европын социал орнууд Үндсэн хуульдаа “Хүний сайн сайхан байдлыг төр хангана” гэдэг. Тиймээс жишээ нь, Германд та дураараа влог хийж ч болохгүй, хүмүүсийн царай дүрсийг бичиж, сошиалд нийтлэх гэж байгаа бол заавал зөвшөөрөл авсан байх ёстой, үгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Манайд үнэт зүйлээс эхлээд юу ч тодорхойгүй. Монгол Улс үнэт зүйлийн хямралд орсон.  
-Манайхаас бусад оронд cancel culture гэх соёл хэр хөгжсөн. Энэ ойлголт ер нь яаж улс оронд нутагшдаг вэ?
-Cancel culture бол сошиал медиа хөгжсөнтэй холбоотой улс орнуудад нутагшсан. Жишээ нь, Африкийн Сомалиа улсад сошиал медиа хөгжих бүү хэл интернэт ч байхгүй байна шүү дээ. Тэнд cancel culture гэсэн хөдөлгөөн явагдах нөхцөл байхгүй. Монгол Улс хүн амын фэйсбүүк хэрэглэгчийн тоогоороо Азид нэгд ордог шүү дээ. Тиймээс cancel culture хүчтэй. Монголчуудын хувьд хэтэрхий хүн рүү дайраад байдаг. Cancel culture заавал жүжигчин, дуучин, олны танил хүн байх ёсгүй. Бас брэндүүд, эвентүүд, ном, кино, хөшөө байж болно.
-Энэ үзэл хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй зөрчилдөж байна уу. Сенсациас сенсацын хооронд амьдарч байгаа нь Монголын нийгэмд хэрхэн нөлөөлдөг гэж харж байгаа вэ?
-Үзэл бодол гэсэн ойлголт өөрөө маш маргаантай. Үзэл бодол гэдэг ер сайхан зүйл биш. Яагаад гэвэл хүний үзэл бодол өөрийнх нь биш байдаг. Ихэнх хүмүүс дандаа ноёрхогч ангийнхны үзэл бодлыг харж, сонсож, түүгээр хүмүүжиж өссөн болохоор өөрийнхөө үзэл бодол гэж үнэмшдэг. Муслим шашинд “Чи юу иднэ, тийм болно” гэдэг. Тиймээс муслимчууд гахай иддэггүй юм. Яг үүнтэй адил хүн гэртээ, сургууль дээрээ, гадаа, сошиалоор юу сонсоно, юу үзнэ тийм болдог. Хүн хэрвээ хог новш үзвэл тархи нь хог новш л болно. Тиймээс цэвэр хувь хүний үзэл бодол гэсэн ойлголт байхгүй.
-Эргээд инфлүүнсер гэх ойлголт газар авсан. Үүнийг хэрхэн зөв зохистой авч явах нь чухал вэ?
-Инфлүүнсер гэдэг бас л капитализмын мэргэжил. Онолын хэлээр пэти-буржуаз буюу жижиг гарын хөрөнгөтөн. Яагаад гэхээр инфлүүнсерүүд пирамидын оргил биш ч, дээд хэсэгт амьдарч байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн нийгмийг ажилчин, хөдөлмөрчин ард иргэд нуруун дээрээ авч явдаг. Тэдний хөдөлмөрийн үр шимээр ямар ч үр шимгүй “ажил” хийж амьдарч байдаг. Жишээ нь, баруунд хөөрхөн, гоё биетэй эмэгтэй хүн хэзээ ч амьдралдаа хийдэггүй зүйлсийг хийдэг юм шигээр бусдад харуулж, хуурамч амьдралаар амьдарч, түүгээрээ маш их боломж эдэлдэг. Хэдий дансандаа их мөнгөтэй биш ч гэсэн компаниас инфлүүнсер хүнд баячуудын луксус круиз аялал буюу тансаг хөлөг онгоц дээрх 7 хоногийн эрхийн бичиг өгөх жишээтэй. Тиймээс инфлүүнсерүүд дээд анги дотор багтдаг тул хэзээ ч ард түмний төлөө байдаггүй.
-Сүүлд 113 X GINJIN - ZUUNII ZUGAA гэсэн дууг 3-хан долоо хоногийн дотор 2.3 сая удаа сонссон байна. Энэ дуу нь “Ёохор” гээд буриад ардын дууг өөрчилсөн ёс бус үг хэллэг ашиглан өөрчилсөн байсан. Ер нь түүх соёл, нийгэмд нөлөөлөх нөлөөллөө уран бүтээлчид мартаад байх шиг?
-Хип хоп бол хүн төрөлхтний гайхамшигтай урлагийн бүтээл. Хип хоп дуугаар хүн хүмүүжиж, хүн шиг хүн болох боломжтой. Эцэг эхийн асуудалтай, зовлон их үзсэн, гудманд хаягдсан залуусыг хип хоп авардаг юм. Хип хоп дуугаар төрийг шүүмжлэх, хүүхдээ хайрлах, нөхдөдөө үнэнч байх, амьдрал хэцүү байсан ч тэмцэх, өөрийгөө танин мэдэх, хүний гаргадаг муу зан чанарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ харуулах гэх мэт нийгэмд олон мессэж хүргэдэг. Гэвч 113 X GINJIN - ZUUNII ZUGAA дуу нь (дуучид болоод бусад дуу нь биш) л нийгэмд хүргэх ямар мессэж байхгүйгээс гадна эмэгтэй хүнийг л доош хийж, сексийн обьект болгохыг өгүүлж байна. Хамгийн гол нь цэцэрлэг болгонд заадаг энэ Ёохор дууг хүүхэд бүр дуулж, түүгээр хүүхэд насаа өнгөрөөдөг. Гэвч энэ ардын дууг ашигласнаараа хүүхдийн хүүхэд насыг алж байгаа юм. Энэ ардын (хүүхдийн) дууг ашиглаагүй байсан бол хип хопын энэ төрөл ийм л байдаг, ямар ч асуудалгүй. Харамсалтай нь хүүхдүүд өөрсдийн дуулдаг дуундаа бузар үгс оруулаад аялаад ирэхээр өөрсдийн мэдэлгүй эмэгтэйчүүдийг хүн гэж хардаггүй мисожинист болдог юм.
-Cancel culture-ийг нөгөө талаараа цахим шорон ч гэх нь бий. Үүнийг зөв чиглэлд хөтлөх боломж бий юү?
-Cancel culture угтаа сайн зүйл биш. Cancel culture бол шинэ хэлбэрийн тоталитаризм. Cancel culture бол асуудлын зөвхөн гадна талын буртгийг л арчдаг ёс суртахууны “цэвэрлэгээ” төдий. Би психоанализ уншдагийн хувьд cancel culture нь бодит өөрчлөлт хийхийн оронд хүмүүс зүгээр л өөрсдийнхөө эгог хангаж, өөрийгөө бусдаас илүү гэдгээ мэдрэх арга болж, ёс зүйтэй харагдах гэсэн оролдлогоос үүдэлтэй гэж бодож байна. Философич Жижекийн хэлж байгаагаар “Хэн нэгэн буруу зүйл хэлсэн бол түүнийг шүүмжлэх биш, бүрмөсөн нийгмээс тусгаарлах нь эрүүл мэтгэлцээний боломжийг үгүй хийдэг". Үр дүнд нь бид итгэл үнэмшлээ харуулахдаа айдастай, чөлөөтэй ярьж чаддаггүй нийгэм рүү явж байна. Жинхэнэ эрх мэдэлтэй, нийгмийг бүтэц талаас нь боомилогчдыг биш, жижиг алдаа гаргасан хүмүүсийг л cancel-дэж байна. Cancel culture-дуулж байгаа олны танилууд бол ердөө л туг тахиулж буй золиосууд. Cancel culture нь системийн асуудлыг өнгөлөн далдалдаг ёс зүйн үзүүлэн болохоос шийдэл биш. Системд л асуудал байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн