МАН-ын Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдаж буй. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Харин Бага хурлын заалнаас Г.Тэмүүлэн өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Тэгвэл яг одоо Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч дууссан байна. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг цаасаар авч эхэллээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд асан Б.Батцэцэг “Саналаа хоёрдугаарт өгчхөөд гарч ирж байна. Бага хурлын уур амьсгал найрсаг орчин, бие биеэ ойлгосон байдалтай байгаа. Намын эв нэгдэл дандаа амжилтад хүргэж байсан гэдгийг бүх хүн ухамсарлаж байна. Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөд болж байгаа тулаан гэх юм уу, бодит бус мэдээллүүдэд болгоомжтой хандаж байгаа нь ажиглагдаж байна. Илүү эрүүл нүдээр бодитой харахыг хичээгээд нэр дэвшигчдээс 39 хүн үг хэлж, асуулт асуусан. Нэр дэвшигчид тус бүр 30-40 минут хариултаа өгсөн. Ер нь маш тодорхой хариулт өгсөн нь Бага хурлын гишүүдэд таалагдсан байх. Миний хувьд тийм байсан. Өнгөрсөн Засгийн газрын сайн, ололттой талыг үргэлжлүүлье, сул талуудыг нь сайжруулъя. Дараагийн Засгийн газрыг цомхон, үр бүтээлтэй ажиллах чадамжтай, бүтээмж өндөртэй анхааръя гэдэг зүйлсийг ярьсан” гэв. Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нэр дэвшигчид хамтарсан эсвэл эвслийн Засгийн газар байгуулах уу гэдэг дээр асуултад хариулсан уу. Ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Энэ нь хувь хүний шийдэх асуудал биш. Өмнөх намын Багын хурлын шийдвэрээр АН-ыг гаргасан. Өөрсдөө ч дахиж хамтрахгүй гэсэн учраас АН бол эвслийн Засгийн газарт орохгүй. Нөгөө намуудтайгаа зөвшилцөх эсэхийг Бага хурлынхаа шийдвэрийг дагана гэсэн хариултууд өгсөн. Г.Занданшатар даргын хувьд эрх зүйн хувьд дангаараа засаглах ёстой, нийт намын гишүүдийнхээ хүсэлтийг харгалзана гэсэн.
-Нэр дэвшигчид Ерөнхий сайд болбол ямар ажлаас эхэлнэ хийнэ гэсэн бэ?
-Маш олон зүйл ярьсан. Унасан байгаа эдийн засгаа хэрхэн богино хугацаанд босгох уу гэдэг дээр хоёулаа төсвийн тодотгол хийх шаардлагатай гэсэн. Нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас мега төслүүдээ эрэмбэлж илүү ач холбогдолтойг нь хэрэгжүүлэх, бүтээмж дээрээ илүү анхаарна гэсэн.
-Өмнөх Засгийн газрын хамгийн сайн ажилласан сайд нарын тоонд та яригдсан. Та дараагийн Засгийн газарт ажиллах уу?
-Одоогоор мэдэхгүй байна. Ерөнхий сайд хэн болж танхимаа яаж бүрдүүлэх үү. Олон бүтээлч санал гарсан. Жишээлбэл, яамдаа цөөлж илүү бүтээмжтэй ажиллая гэсэн. Ямар сайд нартай ажиллахаа мэдээж яриагүй. Санал тавивал ажлаа үргэлжлүүлээд хийнэ. Ажлаа өг гэвэл өгөхөд бэлдсэн байгаа.