МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь одоогийн нөхцөл байдалд илүү тохирох кандидат гэж үзжээ. Учир нь, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон, мөн нам дотор үүссэн хагарал зөрчлийг намдааж чадна гэж итгэл хүлээлгэсэн байна. Иймээс түүний нэрийг МАН-ын Бага хурал руу оруулахаар шийдвэрлэсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй бөгөөд 100 хувийн дэмжлэг авсан мэдээлэл урьдчилсан байдлаар гарлаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Тэрээр өмнө нь УИХ-д таван удаа сонгогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд зэрэг албыг хашиж байсан юм.
Одоогоор МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Бага хурал нь 330 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувь нь ирснээр эхэлжээ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурал руу оруулж дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлэх процесс эхэлнэ. Хуульд зааснаар ирэх долоодугаар сарын 3-н гэхэд шинэ Засгийн газар байгуулагдсан байх ёстой.