Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН дотор үе хоорондын тэмцэл өрнөж, Ерөнхий сайдаа тодруулж чадахгүй байна

МАН дотор үе хоорондын тэмцэл өрнөж, Ерөнхий сайдаа тодруулж чадахгүй байна
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 9
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг албан ёсоор огцруулаад долоо хонож байгаа ч олонхыг бүрдүүлж буй МАН дараагийн Ерөнхий сайдаа томилж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Учир нь МАН дотор үе хоорондын тэмцэл өрнөж байгаа бөгөөд 1970-аад оныхон нийлж, дундаасаа Ерөнхий сайд томилуулах амбицтай байгаа аж. Эдний дунд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар багтаж байгаа гэх мэдээлэл бий.
Харин Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн талд байгаа гэх бөгөөд 1980-аад оныхон нэг талдаа гарчээ. Тэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа аж. 1980-аад оныхонтой Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэгдэж, Ерөнхийлөгч болон 1970-аад оныхныхоо эсрэг ажиллаж байгаа гэнэ. Үе хоорондын тэмцлийн дунд МАН өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд дээрээ тохирч чадахгүй, төрийн ажил гацаж, Монголын төр эрх зүйн чадамжгүй сар болж байна.
Өнгөрсөн баасан гаригт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдаар томилох тодорхой хүний нэр тогтоогүй, харин Бага хурлаа зарлаад тарсан. Тэгвэл өнөөдөр 09:00 цагт Удирдах зөвлөл дахин хуралдах бол, 11:00 цагт Бага хурлын тов зарлаад байгаа. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан Бага хурлаар Ерөнхий сайдаар томилох дөрвөн нэр дэвшигчийн талаар ярилцсан гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд ч МАН Ерөнхий сайд дээрээ тохирч чадаагүй байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөний сайдад нэр дэвшүүлэхээр ярьж байгаа ч 100 хувь тохироогүй байна. Харин 1980-аад оныхон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг заалнаас нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн МАН-ын өмнөх Бага хурлаар дангаараа Засгийн газраа байгуулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан ч зөвхөн АН-ыг хасаад Үндэсний эвсэл, ХҮН, ИЗНН-тай хамтарсан Их эвслийн Засгийн газрыг байгуулахаар ярилцсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Удирдах зөвлөл, Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тодорхой нэр ярихгүй, шууд Их хурлаа хуралдуулаад Их хурлаасаа намын шинэ дарга, Ерөнхий сайдаа томилно гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн