Open iToim app
Спорт | 3 мин уншина

Цэргийн наадмын таамаг эвдэж магадгүй бөхчүүд

Цэргийн наадмын таамаг эвдэж магадгүй бөхчүүд
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулдаг цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” өнөөдөр болж байна. 1992 оноос эхлэлтэй тус барилдаанд МҮБХ-ны албан ёсны чансааны дагуу аймаг, цэргийн арслан цолтой 100 бөхөөр магнайлуулсан хүчит 256 бөх зодоглож байгаа юм. Ингээд цэргийн наадмаар таамаг эвдэж магадгүй бөхчүүдийг хүргэж байна.

Хамгийн сайн сумын заан гэгдэж буй А.Амархүү

undefined
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын унаган хүү А.Амархүү 1998 оны нэгдүгээр сарын 01-нд төрсөн. 2022 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баруунбүрэн сумдын наадамд түрүүлж хоёр удаа цолоо баталсан хүчтэн. Тухайн жилээ Сэлэнгэ аймгийн Хүдэр, Зүүнбүрэн сумын наадамд тав давсан. Мөн 2023 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын наадамд тав давжээ. Тэрээр аймаг, цэргийн цолтнуудын эгнээнд шилжих цолтнуудын таамагт зүй ёсоор тооцогддог. Сумын заан цолтой болон залуу бөхчүүд ээлжит барилдаанд нийт 22 удаа шөвгөрсөн амжилтын эзэн. Уг амжилтаараа тэр бүх цаг үеийн хамгийн олон шөвөгтэй хүчтэн юм. Иймд түүнийг цэргийн наадамд цолоо ахиулна гэж таамаглаж байна.

Цэргийн начин Ё.Мөнх-Ёндон

undefined
Өнгөрсөн жилийн цэргийн наадамд урамтай сайхан барилдаж сумын заан цолноос харайж Ё.Мөнх-Ёндон цэргийн начин цол хүртсэн. Энэ жилийн цэргийн наадамд цол ахиж мэдэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Тэрээр 2001 оны зургаадугаар сарын 2-нд төрсөн. Өмнө жилийн цэргийн наадамд Ховд аймгийн арслан Д.Бадамгарав, Баян-Өлгий аймгийн хурц арслан У.Береке, Говь-Алтай аймгийн хурц арслан Э.Даваажаргал, Дорнод аймгийн арслан Г.Төрмөнх, одоогоор улсын начин Т.Довчинсэмбээ нарыг давж байсан юм. 

Аймгийн заан Д.Батбаяр

Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат Д.Батбаяр нь улс, аймгийн цолтой бөхчүүдийн шөвгөрч бас хэд хэд удаа том цолтой бөхчүүдийг давж шуугиан дэгдээгээд буй. Тухайлбал, Маршалын нэрэмжит барилдаанд Д.Батбаяр нь дунд шөвөгт шалгарсан. Иймдээ ч Дархан-Уул аймгийнхан түүнийг том цолонд хүрч мэдэх бөх хэмээн бэлгэшээж буй. Тэрээр 2024 оны Дархан-Уул аймгийн наадамд сумын заан цолноос харайж аймгийн заан цол хүртсэн.

Аймгийн заан С.Доржпалам

undefined
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, "Говийн хүчтэн" дэвжээний бөх С.Доржпалам нь сумын заан цолтой байхдаа 1000 бөхийн манлай болж байсан юм. Түүнчлэн, бөх сонирхогчид түүний уран хурц, дайчин барилдааныг шимтэн үзэх дуртай. Тэрээр 2023 онд Өмнөговь аймгийнхаа наадамд үзүүрлэж заан цолны эзэн болсон. Шийдэмгий барилдаан, даруухан зан нь түүнийг түшиж улсын цолонд  хүргэнэ гэдэгт олон хүн итгэдэг. 

Цэргийн заан Ө.Батсуурь 

undefined
Олон жил улсын цолонд шилжих бөхчүүдийн эгнээнд нэрлэгдэж буй Ө.Батсуурь. Тэрээр анх 2015 онд анх сумын начин цолонд хүрч байсан бөгөөд түүний дараа жил нь сумын заан цол хүртсэн. Дараа нь 2022 оны Бүх цэргийн баяр наадамд сумын заанаас харайж цэргийн заан цол хүртсэн. Архангай аймгийн Тариат сумын харьяат Ө.Батсуурийг өндөр цолонд хүрнэ гэж бөх сонирхогчид бэлгэшээдэг. 
Түүнчлэн, аймгийн арслан Б.Шаравдорж, О.Баярбаасан, Ц.Төмөрцоож, Н.Намнансүрэн, Э.Баасанжав зэрэг цол ахиулж мэдэх чансаа өндөр олон бөхчүүд зодоглож байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн