Сэлбэ, Дунд голын дагуу үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил үргэлжилсээр байна. Өмнө нь уг хэсэгт 3.5 метр өндөртэй шороон далан байсан бол одоо түүнийг орлох 1.4 км урт, 4-4.5 метрийн өндөртэй, төмөр бетон хийцтэй хана баригдаж байгаа юм. Уг бүтээн байгуулалтыг зургаадугаар сарын 30-нд багтаан дуусгахаар төлөвлөсөн байна. Бид хана барих ажлын үйл явц хэрхэн үргэлжилж байгааг сурвалжилсан бөгөөд ойр хавийн оршин суугчдын байр суурийг тодрууллаа.

Сэлбэ, Дунд голын дагуу баригдаж байгаа үерийн хамгаалалтын түшиц хана 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 1.4 км урт төмөр бетон хана барихаар төлөвлөж, одоогоор 1.2 км хана барих ажил нь бүрэн дуусжээ. Тус бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр хийж байгаа юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол Констракшн” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажил 2024 оны зургаадугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд S’Outlet дэлгүүрийн буурин дээрээс эхлэн Сэлбэ голын дагуу далангийн байгууламжийг барьж эхэлжээ.
Түшиц хана барих ажилд л 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна. Цаашид хийх ногоон байгууламж, тохижилтын ажлуудад хэдий хэмжээний төсөв шаардлагатай болох, санхүүжилтийг ямар эх үүсвэрээр шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тухайн бүсийн оршин суугчдаас байр суурийг нь тодруулахад зарим иргэн шинэ ханын улмаас үзэгдэх орчин хаагдаж, сүүлийн жилүүдэд энэ орчинд амьдрахад улам хүндрэлтэй болсноо учирлаж байв. Ойр орчмын иргэдийн зүгээс барилгын ажлын талаарх мэдээлэл хангалтгүй байгаад шүүмжлэлтэй байгаа юм. Хамгаалалтын хана баригдсанаар үзэгдэх орчин хязгаарлагдаж, орчны нөхцөл таагүй болсон тухай оршин суугчид байр сууриа илэрхийллээ.

84-р байрны оршин суугч Х.Ууганцэцэг: Манайх энэ хавьд 10 жил амьдарч байна. Сүүлийн таван жилд орчны байдал их замбараагүй болсон. Өмнө нь хүүхэд, хөгшид салхилах дуртай, голын ойр, ногоон орчин байсан болохоор гадаа гарахад таатай байдаг байлаа. 2023 оны үерийн дараа хамгаалалтын ханын ажил эхэлсэн ч бидэнд урьдчилсан ямар ч мэдээлэл өгөөгүй. Эхэндээ удаашралтай байсан ажил саяхнаас л эрчимжиж эхэлж байна. Хамгийн гол нь бидний амьдрах орчин муудсан. Урьд нь хүүхдүүдээ голын эрэг дагуу салхилуулдаг байсан бол одоо зүгээр нэг хана харагдаж байна. Цаашид энэ орчныг хэрхэн тохижуулах нь тодорхойгүй. Бид хэнд хандахаа ч мэдэхгүй байна. СӨХ, хороо ч бидэнд мэдээлэл өгөөгүй. Бид ийм орчинд амьдраад баймааргүй байна. Тиймээс холбогдох яам, байгууллагууд анхаарал хандуулж, иргэдээс санал авч, тохижилтын ажлаа ил тод хийх хэрэгтэй гэж бодож байна. Бид энд удаан амьдарсан, үр хүүхдүүд маань ойр хавийн сургууль, цэцэрлэгтээ явдаг. Тийм болохоор шууд өөр газар руу нүүх боломжгүй юм. Тиймээс ойр орчмыг тохижуулж, иргэдийн саналыг тусгасан шийдэлд хүрээсэй гэж хүсэж байна.
Сэлбэ, Дунд гол орчмын оршин суугч Т.Дулмаа: Өмнө нь бид нар гадаа гарч их салхилдаг байлаа. Голын урсгалыг, шувуудыг харангаа суух сайхан байсан. Харин одоо өндөр хана баригдаад юу ч харагдахгүй болсон. Цонхоор харахад ч гол ус, байгаль ер нь юу ч үзэгдэхгүй. Цаагуур нь яг юу тавьж байгаа нь ч тодорхойгүй. Энэ хашаа бидэнд хэрэггүй гэж бодож байна. Болдог бол арай намхан, гол нь харагддаг хана байсан бол гэж бодсон. Хэрэв боломжтой бол бүр буулгачихмаар л байна. Гэхдээ ийм их мөнгөөр босгож байгаа учраас тэгж чадахгүй байх. 2023 оны их үерийн үеэр манай байр луу ус ороогүй. Гэхдээ ойр хавиар бол үер орж ирсэн. Тэгэхээр энэ хана үертэй үед хэрэгтэй байж магадгүй. Аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ.

Сэлбэ, Дунд гол орчмын оршин суугч Х.Оюунчимэг: Хүмүүс гэрээсээ гарч зугаалж, амрах талбайг далангийн наад талд байгуулж байгаа юм байна лээ. Шаттай, хажуугаар нь гол урсаад, мөн голын наад талаар засмал зам тавигдаж байгаа. Миний хувьд цонхоороо байнга л харж байгаа болохоор хийгдэж буй үйл явцыг ажигладаг. Зураг төслийн дагуу явагдаж л байгаа харагддаг. Гэхдээ энэ компани өөр газарт давхар ажилладаг уу, эсвэл хүчин чадал хүрэлцэхгүй байна уу, ажил нь их удаан санагдаж байна. Үнэндээ зураг төслийнхөө дагуу бол арай хурдан гүйцэтгэх боломжтой байх. Миний ойлгож байгаагаар энэ гол нарийхан урсаад, цаанаа хүүхдүүд тоглох талбай байхгүй байгаа. Тиймээс хүмүүсийн амарч, салхилах орчныг бүрдүүлэхийн тулд тохижилтын ажил хийх байх бодож байна.
Сэлбэ, Дунд гол орчмын оршин суугч Д.Баасандорж: Цементэн, өнгө үзэмжгүй хана л барьчихсан. Тоос шороо, дуу чимээ ихтэй байна. Гэсэн хэр нь энэ ажилд багагүй төсөв зарцуулсан гэж дуулдсан. Сонгуулийн үеэр уг ханыг барьж эхэлсэн юм. Тэр үед ханын гадна талд маш гоё зураг төсөл наасан байсан. Түүнийг хараад Дунд гол үнэхээр сайхан тохижих нь гэж баярлаж байлаа. Гэтэл одоо зүгээр л хана баригдсан байна. Бусад тохижилтын ажил хэзээ, яаж хийгдэх талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй. Өмнө нь гэрээсээ гараад л гол руугаа очоод хүүхдүүдээ тоглуулж, салхилуулдаг байсан. Харин одоо хаалгаа нээгээд шууд цементэн ханатай л нүүр тулж байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр "Билгүүн Монгол” компани нь зөвхөн үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг гүйцэтгэж байгаа аж. Харин ногоон байгууламж, тохижилт зэрэг үлдсэн ажлыг өөр гүйцэтгэгч байгууллага хийхээр төлөвлөжээ. Түшиц ханыг бүрэн дууссаны дараа буюу энэ зундаа голын голдирлыг тохируулах, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг үргэлжлүүлэн наймдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна.