“Онтрэ” ХХК-тай холбоотой асуудал шийдлийн талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулга хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний тайлбарласнаар Оюу толгой, Онтрэ ХХК-тай ямар холбоотой, Монголын талд ямар ач холбогдолтой талаар хүргэе.
Оюу толгойн бүлэг ордын нийт хүдрийн нөөцийн 32 хувь Онтрэ ХХК-ийн эзэмшдэг талбайд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, гуравны нэг нь Онтрэ ХХК-ийн талбайд 20 жил хамаарсаар ирсэн. Үүнийг хэн ч яриагүй. Түүнчлэн, Онтрэ ХХК-ийн талбайд Оюу толгойн бүлэг ордын зэсийн 24 хувь, алтны 41 хувь, мөнгөний 28 хувь, молибден 94 хувь бий. Ийм ач холбогдолтой. Оюу толгойн хамаарал бүхий гурван лиценз байдаг. Харин Онтрэ ХХК-д Жавхлант, Шивээтолгой гэсэн хоёр лиценз бий. Энэ нь Оюу толгойн гурван лицензийг тойрсон маш том талбай юм.
Энэхүү компанийн хувьцаа эзэмшигчдийг харвал Horizon copper гээд хөрөнгө оруулалтын компани 24 хувь, RioTinto 16 хувийг болон бусад нь 60 хувийг эзэмшдэг. Энэ дундаас онцолбол, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээс өмнө 2006 оноос RioTinto Онтрэ компанийн 8.9 хувийг эзэмшиж байсан. Түүнчлэн, цаашаагаа 16 хувь болтол ихэсгэх сонголтыг хувьцаандаа оруулж өгсөн. Үүнээс гадна Ivanhoe mines 2007 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар Онтрэгийн 14.7 хувийг эзэмшиж байсан. Ингэхээр Онтрэ бол цоо шинэ компани биш хамтдаа явж байсан гэсэн үг.
Оюу толгойн бүлэг орд дээр 2004-2025 он хүртэл юу болсон бэ
2004.11.09: Ivanhoe mines, Entrée Resources хувьцаа худалдан авах, ашиг хуваах гэрээ байгуулсан. Entrée Resources компани Ivanhoe mines-ийг манай талбай дээр 35 сая доллар хүртэл хайгуул хийгээрэй. Ингэвэл ашгаа 80, 20 гэж хуваая. JVA буюу хамтын ажиллагааны гэрээг хийе гэсэн.2005.03.01: Ivanhoe mines-ийн Монголын охин компани нь Ivanhoe mines Mongolia гэж нэрлэгдэж байгаад Оюутолгой ХХК болсон. Ингээд Оюутолгой ХХК-руу эрх шилжүүлэх гэрээ хийсэн. 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн орд гэх ойлголт бий болсон.
2008.07.02: Ivanhoe mines компанийн хайгуулын зардал 35 сая долларт хүрсэн. Тиймээс Entrée Resources компани Ivanhoe mines компанитай хамтын ажиллагааны гэрээ хийхийг хүссэн. 2008 оны долоодугаар сард сонгууль болоод Баярын хамтарсан Засгийн газар байгуулагдсан.
2009.10.06: Оюу толгой болон Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Тухайн үедээ Entrée Resources компани хөрөнгө оруулалтын гэрээний гадна үлдсэн. Хэрэв Онтрэ компанийг авч үзээд зөв байгуулагдсан бол хамтын ажиллагааны гурван талт гэрээ байх байсан. 2022:05:01: Онтрэ компани гэрээ байгуулж чадалгүй 13 жил өнгөрсөн. Ингээл Оюутолгойг Онтрэ компани хамтын ажиллагааны гэрээг албажуулж өгөөч гээд арбитрын шүүхэд өгсөн. Гэхдээ үүнийг хэрсүү харах хэрэгтэй. Рио Тинто компани Онтрэгоор дамжуулан тохиролцож байгаад өөрийгөө арбитрын шүүхэд өгсөн үү гэдгийн анзаарах шаардлагатай. Яагаад гэвэл харилцан хамаараалтай этгээдүүд байна.
2024.12.19: Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Үүнд:
2004 оны “Хамтран ажиллах гэрээ”-г баталгаажуулах,
“Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн Оюу толгой ХХК хүлээн зөвшөөрөх,
Тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх татвар хураамжийг Оюу толгой төлөх гэж туссан.
Үнэндээ Оюу толгой Онтрэгийн лицензийг шилжүүлж авахдаа арбитрын шийдвэр гаргуулж байгаад авах гэсэн оролдлого гэж хардаж байгаа.
2025.02.05:JVI буюу Оюу толгой болон Онтрэ компани 2004 оноос хойш яригдсан хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан. Тухайн үед Монголын талыг огт оролцуулаагүй, дурдаагүй.
Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
Оюу толгой ХХК болон Entrée Resources 2025 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны гэрээг баталгаажуулсан. Арбитрын шийдвэртэй болохоор Монголын талыг оролцуулахгүй гэрээгээ баталгаажуулж болоод байна. Хоёрдугаарт, Оюу толгой ХХК арбитрын шийдвэр гарсан тул лицензээ шилжүүлж авмаар байна гээд Монголын татварын алба руу хандсан. Ингэхдээ татварын бодолт хийж өгөөч гэсэн хүсэлт өгсөн байгаа. Татварын алба бодолтыг нь хийгээд өгвөл Онтрэ компанид харьяалагдах хоёр лиценз Оюу толгой ХХК руу шилжинэ. Ашигт малтмалын хуулийн зүйл ангиар бол татвар төлөгдсөний дараа Онтрэ гээд лиценз эзэмшигч компани Ашигт малтмал, газрын тосны газар хүсэлт өгнө. Ингээд эрх бүхий этгээд хүсэлтээ гаргасан байна уу, татвараа төлсөн үү гэдгийг шалгаад л хэлэлцээр биелнэ. Энэ лиценз шилжвэл бидэнд ямар ч боломж гарч ирэхгүй.
Ашигт малтмалын хуулийн 8.1.7 дээр стратегийн ордод ямар нэгэн хувь, хэмжээг өөрчлөх тохиолдолд УИХ шийдэх ёстой буюу бүрэн эх гэж заасан байдаг. Энэ бүрэн эрхээс давсан шийдвэр гарч байна гэсэн үг. Хэрэв Монголын тал юуг ч өөрчлөхгүйгээр явбал Онтрэгийн талбайд байгаа нийт баялгийн 6.8 хувийн л ашиг хүртэх боломжтой. Яагаад гэвэл ашгаа 80 20 хувиар хувааж байгаа. Оюу толгойн ашиг 80 хувь, Онтрэгийн ашиг 20 хувь гэхээр үүний 34 хувь нь 6.8 хувь юм. 2024 оны аравдугаар сард Онтрэгийн талбайн газар доорх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэдэг мэдээллийн Онтрэ компани нээлттэй мэдээллийн сандаа байршуулсан байна.
Монголын Засгийн газар 2009 онд Оюу толгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг Онтрэ болон Оюу толгойн 2025 онд байгуулсан хамтран ажиллаа гэрээтэй харьцуулбал:
Онтрэ- Зээл нь 6.95 хувийн хүүтэй.
Онтрэ: Net Smeter Royality 2 хувь
Онтрэ- Нийт зардлын 1-2.5 хувь
Онтрэ- Өөрт ногдох зэсийн баяжмалаа борлуулах эрхийг гэрээгээрээ авсан.
Үүнээс Монголын хөрөнгө оруулалтын гэрээ муу хийгдсэн гэдгийг харж болно. Энэ хоёрын хооронд хэдэн тэрбум долларын зөрүү байгаа. Ядуу орны зовлон хэчнээн жил том компаниудад дарлуулж явах вэ.
Рио Тинтотой Монгол Улсын Засгийн газар Онтрэ ХХЗ-ийн лицензүүд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд Онтрэгийн лицензүүд хамаарахгүй байх үндэслэлүүдийг хүргэе.
Онтрэ хэлэлцээрт оролцоогүй. “Онтрэ” ХХК-ийн эсвэл толгой компани “Антре гоулд”-2008-2009 оны Оюутолгойн хэлэлцээрийн тал байгаагүй, түүнд оролцоогүй, түүнтэй холбоотой хэлцэл хийгдээгүй.
Онтрэ Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний тал биш: Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнк Монголия инк, Айвенхоу Майнз LTD, Рио Тинто Интернэшл Холдингс LTD тал болон оролцсон. Иймээс Онтрэ хэлэлцээрт оролцогч хуулиараа эрх, үүрэг үүсэх тал биш.
Хөрөнгө оруулагч: Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн 2657457 дугаар бүхий гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн 0н0-218 дугаар бүхий гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын 6708А, 6709А болон 6710А тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-г болон түүний эрх үүргийг шилжүүлсэн авсан этгээдийг хөрөнгө оруулагч гэж тусгасан. Иймд Онтрэ компанид хамаарахгүй.
Үндсэн үйл ажиллагаа ХөОГ 1.5: Энэхүү гэрээ нь гэрээт талбайд ашигт малтмал эрэх, хайх, газрын гадаргуу болон түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн, тээвэр, эрчим хүч, усны болон бусад дэд бүтцийг барьж байгуулах. Тэдгээрийг ажиллуулах хүдэр боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, уурхайг хаах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хүдрийн овоолго, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг Оюутолгой төсөлтэй холбоотой Хөрөнгө оруулагчийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд цаашид үндсэн үйл ажиллагаа гэх хамаарна.
Гэрээт талбай ХөОГ 16.11: Хавсралтад үзүүлж тодорхойлсон ашиглалтын 6708А, 6709А болон 6710А тоот тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг гэж тусгасан.
Маргаан дагуулж буй гурван заалт:
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд ХөОГ 16.31: “Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн дагуу олгогдсон 6708А, 6709А болон 6710А ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд. Энэхүү Гэрээний 15.7.8-д заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд болон энэхүү гэрээний 15.5-д заасны дагуу хамруулсан бусад эдэлбэр газрыг үүнд тэдгээрийн шинэчлэх, сунгалт хийх болон орлуулах, эсхүл сольсон аливаа хэлбэр орно.
Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл ХөОГ 15.7.8: Антре гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 хувийг эзэмшинэ. Улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хайгуулын хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоно.
Урьдчилсан нөхцөл 2009 оны аравдугаар сарын 27-нд биелж ашиглалтын тусгай зөвшөөрөл MV-015225 ,MV-015226 болгосон.
ХөОГ-нд хамааруулах нөхцөл ХөОГ 15.5: Хөрөнгө оруулагчийн шууд бас шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтдаа авсан Оюутолгой ордын эрдэсэжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.
Онтрэ ХХК-ийн асуудал: Шийдэл
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг ханган шийдвэрлэх шаардлагатай. Ингэхдээ:
Шинээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах: 34 хувийн эзэмшил эсвэл тусгай АМНАТ
2009 оны Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах: 15.5-нд заасны дагуу шийдвэрлэх хэрэгтэй.
Мөн УИХ-аас хамаарах хоёр боломжит хувилбар байгаа. Үүнд:
УИХ тогтоол батлах: “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлий баялаг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд Үндсэн зарчим, удирдамж батлах,
УИХ-ын түр хороо байгуулах: “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлийн баялагт Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд хяналт тавих шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулах зэрэг багтана.
Рио Тинтогийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхий сайд ижил хугацаанд томилогдох нь. Ингэхээр энэ асуудалтай зүйлээ нэг мөсөн шийдээд харилцан ашигтай болгох ёстой. Хэтэрхий нэг талаа мөлжсөн барьсан гэрээ дандаа асуудал үүсгэдэг.