Сэлбэ олон улсын сургуулийн дизайн технологийн багш Ц.Мижиддоржтой ярилцлаа.
Ц.Мижиддорж багш сурагчдыг бүтээлчээр сэтгэж, код бичиж сургахаас гадна багаар ажиллах, ирээдүйгээ төлөвлөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж ажилладаг бөгөөд “Дрон кодчиллын улсын аварга шалгаруулах тэмцээн”-д шавь нараа амжилт үзүүлж, олон улсын тавцанд өрсөлдөх эрх авчээ. Тэрээр Сэлбэ олон улсын сургуульд дизайн технологийн хичээл заахын зэрэгцээ дрон роботын кодчилол, техник сэтгэлгээ, бүтээлч ур чадвар зэрэг ирээдүйд хэрэгтэй олон талын чадваруудыг сурагчдад эзэмшүүлж байна. Энэ удаагийн ярилцлагаар түүний шавь нараа хэрхэн бэлтгэдэг тухай болон кодчиллын боловсролын ач холбогдлын талаар ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу. Хэдэн жил багш мэргэжлээр ажиллаж байна вэ?
-Намайг Цэрэннямын Мижиддорж гэдэг. Багш, график дизайнер мэргэжилтэй. Би багш мэргэжлээрээ ажиллаад есөн жил, Сэлбэ сургуульд дизайн технологийн багшаар ажиллаад таван жил болж байна.
-Дизайн технологийн багшаар ажиллахад юу хамгийн сонирхолтой, сэтгэл татам байдаг вэ?
-Манай мэргэжлийн чиглэлийн бүхий л ажил нүдэнд ил харагдаж, үр дүн нь тодорхой байдаг. Сурагчдын хийсэн бүтээл, зохион бүтээх чадвараас нь үүнийг харж болно. Бидний хөдөлмөр, бүтээлч байдал нь өдөр бүр бодитоор харагдаж, мэдрэгддэг нь энэ салбарын онцлог. Зөвхөн ур чадвар эзэмшүүлэхээс гадна зөв хүмүүжилтэй, мэдлэг чадвартай, ирээдүйд улс орноо авч явах чадвартай боловсон хүчнийг бэлтгэж байгаадаа хамгийн ихээр бахархаж, урам зориг авдаг.
-“Дрон кодчиллын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс шавь нар нь медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээнд танай баг ямар төрлөөр оролцсон бэ?
-Баярлалаа. Энэ удаагийн тэмцээнд манай баг “Дрон робот кодчилол”-ын төрлөөр оролцсон. Ахлах ангийн төрөлд мөнгөн медаль, дунд ангийн төрөлд хүрэл медаль хүртсэн.
-“Дрон кодчилол” гэж яг юу вэ гэдгийг уншигчдад товчхон тайлбарлахгүй юу?
-Дрон гэдэг нь нисгэгчгүй, алсаас удирддаг төхөөрөмж юм. Манай багийн ашиглаж буй дрон нь сургалтын зориулалттай бөгөөд гар удирдлагаас гадна Wi-Fi болон Bluetooth холболтоор холбогдон, кодчиллоор нисэх үйлдэл гүйцэтгэдэг. Суралцагчдад кодчиллыг ойлгомжтой, энгийн байдлаар заахын тулд Drone Block, Scratch, Python зэрэг программуудыг ашиглан хичээл заадаг. Эдгээр программууд нь суралцагчдын нас, мэдлэгт тохирсон хялбар бүтэцтэй тул дрон удирдах, программчлах ур чадварыг богино хугацаанд эзэмшихэд дөхөм болдог.
-Та үүнийг анх хэрхэн сурч байсан бэ?
-Анх ажлын хамтрагч дизайн технологийн Э.Лхагвасүрэн багштайгаа дрон кодчиллын сургалтад хамт сууж анх сурч байсан. Бид өөрсдөө сурсныхаа дараагаар шавь нараа бэлдэж эхэлсэн.
-Танай сургуулийн баг өмнө нь мөн адил энэ тэмцээнд амжилттай оролцож байсан гэж сонссон. Урьдын тэмцээний оролцоо гаргасан амжилтаасаа дурдвал?
-Манай сургуулийн баг 2024 онд зохион байгуулагдсан “Дрон кодчиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, тэргүүн байрыг эзэлсэн. Улмаар олон улсын тэмцээнд оролцох эрх авч, тус тэмцээнээс дөрөвдүгээр байр буюу тусгай байрын шагнал хүртсэн. Энэхүү тэмцээнд багш Э.Лхагвасүрэн болон сурагчид болох Г.Сайнцаг, Г.Өнөбилэг нарын хамт дөрвүүлээ баг болон оролцож, амжилттай өрсөлдсөн.
-Олон улсын тэмцээнд хэрхэн бэлдсэн бэ?
-“Олон улсын Дрон робот кодчиллын тэмцээн” өнгөрсөн онд Вьетнам улсад зохион байгуулагдсан. Манай баг Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа тодорхой хугацаанд төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийж, бэлтгэлийн хуваарь гарган эрчимтэй бэлтгэл хангаж эхэлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд их сургуулийн багш нараас зөвлөгөө авч, хамтран ажилласан нь бидэнд чухал дэмжлэг болсон. Энэ бүх үйл явц нь зөвхөн нэг хүний бус, багийн ажиллагаа тул багийн гишүүн бүр өөрийн хариуцсан үүргээ цаг хугацаанд нь, чанартай гүйцэтгэж ажиллах нь амжилтын үндэс байсан.
-Ийм төрлийн тэмцээнд шавь нараа хэрхэн бэлддэг вэ. Хэр хугацааг зарцуулдаг вэ?
-Мэдээж аливаа тэмцээнд бэлтгэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Тухайн тэмцээнийг зохион байгуулах газар, удирдамж хэрхэн гарахаас хамааран бэлтгэлийн төлөвлөгөө гарган ажилладаг. Манай багийн онцлог нь нэгнээсээ суралцах, мэдлэг, туршлагаа харилцан хуваалцах зарчим дээр суурилдаг. Багийг хоёр багш чиглүүлж ажилладаг бөгөөд ахлах ангийн сурагчид мэдсэн сурснаа дүү нартаа зааж, зөвлөн сургаж, өөрсдийн хуримтлуулсан туршлагаа хуваалцдаг. Энэ нь зөвхөн тухайн тэмцээнд бэлтгэхээс гадна дараачийн үе, ирээдүйн залгамж халаагаа бэлтгэх чухал алхам болдог.
-Техник технологийн мэдлэг, кодчилол, бүтээлч сэтгэлгээ зэрэг сурагчдынхаа ямар чадварыг хөгжүүлэхэд анхаардаг вэ?
-Орчин үеийн хүүхдүүд гар утас, компьютер зэрэг техник технологийн хэрэглээнд хурдан дасан зохицож, богино хугацаанд суралцдаг болсон. Интернэт хөтчөөр дамжуулан хэрэгтэй бүх мэдээллээ хайж олж уншдаг, мөн хиймэл оюун ухааныг ашиглан мэдлэг, мэдээллээ өргөн хүрээнд баяжуулж чаддаг. Гэхдээ хамгийн чухал нь, энэ бүхий л мэдлэг мэдээллээ бодит амьдралд хэрэгжүүлж, практик орчинд ашиглаж сурах хэрэгтэй. Зөвхөн мэдээлэл авах бус, хийж байгаа зүйлдээ дадлагажиж, чадваржих нь гол зорилго байх ёстой.
-Зөвхөн “Дрон кодчилол”-ын төрөлд сурагчдаа бэлддэг үү. Эсвэл өөр төрлүүдэд мөн адил тэмцээнд оролцдог уу?
-Бид өөр төрлийн тэмцээнүүдэд мөн адил оролцдог. Төрөлжсөн мэргэжлийн олимпиадад тогтмол оролцож, үргэлж амжилт гаргасаар ирсэн. Ойрын дөрвөн жилийн хугацаанд дүүрэг, нийслэл, улсын түвшний уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцон, медаль болон шагналт байруудад шалгарч ирсэн. Түүнчлэн Э.Лхагвасүрэн багштайгаа хамтран багийн зохион байгуулалттай ажиллаж, өөрсдийн төрөлд суралцагчдыг бэлтгэдэг. Манай баг усан загвар, авто загвар, зохион бүтээх зэрэг төрлүүдэд оролцдог.
-Сурагчид нь ийм төрлийн тэмцээд оролцсоноор ямар өөрчлөлт, ахиц гарсан гэж бодож байна?
-Суралцагчид сургалтын явцад олон талын чадвар эзэмшиж байдаг. Тухайлбал, багаар ажиллах, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах, аливаа зүйлд тэвчээртэй, тогтвортой хандах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх зэрэг чадваруудыг олж авдаг. Мөн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх хариуцлагатай байдал, аливаа асуудлыг өөр өнцгөөс харах, техник сэтгэлгээ болон сэтгэн бодох чадвар зэрэг олон чухал дадал, хандлагыг өөртөө төлөвшүүлдэг. Энэ бүх ахиц өөрчлөлт нь зөвхөн мэдлэг олж авахын цаана сурагчийн хувийн хөгжил, төлөвшилд томоохон нөлөө үзүүлдэг.
-Дрон кодчиллын улсын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцсоноор олон улсад орох эрхээ авсан гэж сонссон үүнд хэрхэн бэлдэж байгаа вэ?
-Тэгсэн. Энэ жил Олон улсын тэмцээн Монгол Улсад болно. Ирэх намар болох учир багаараа ярилцаж байгаад төлөвлөгөөгөө гаргаж байгаад бэлдэж эхэлнэ.