Төрөлтийн тоо түүхэнд байгаагүй бага түвшинд хүрч, хүн амын өндөр настай хэсэг эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор Япон улс гэр бүл зохиох, төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн яаралтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа билээ.
Эрүүл мэндийн яамны лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар 2024 онд тус улсад шинээр төрсөн хүүхдийн тоо 686,061 болж, 1899 онд бүртгэл эхэлснээс хойш анх удаа 700,000-аас доош оржээ.
Төрөлт өмнөх оноос 41,227 буюу 5.7 хувиар буурсан байна. Дөнгөж хоёрхон жилийн өмнө буюу 2022 онд төрөлт 800,000-аас доош орж байсан билээ.
Японы Асахи сонинд мэдээлснээр яамны нэгэн албан тушаалтан “хүмүүс гэр бүл зохиох, хүүхэдтэй болох хүсэл эрмэлзлээ биелүүлж чадахгүй байгаа бөгөөд нарийн төвөгтэй шалтгаанууд байгаагаас нөхцөл байдал ‘ноцтой’ байна” хэмээн хэлжээ.
Хүн ам зүйн энэхүү хямрал нь мэргэжилтнүүдийн таамаглалаас 15 жилээр түрүүлж өрнөж байна. Тэд 2024 онд төрөлтийн тоо 755,000 орчим байна гэж таамаглаж байсан бөгөөд 690,000-аас доош орно гэж 2039 оноос өмнө тооцоогүй байв.
Үүнээс гадна эмэгтэй хүний насаар тооцоход дунджаар төрүүлэх хүүхдийн тоо болох нийт төрөлтийн коэффициент 2024 онд 1.15 болж, өмнөх оны 1.20-оос буурч, түүхэн доод түвшинд хүрчээ. Энэ нь гэрлэлтийн нас хойшлох, хүүхэд төрүүлэх хугацаа хойшлогдож байгааг дахин харуулж байна.
Төрөлт болон нийт төрөлтийн коэффициент дараалан 9 дэх жилдээ буурч байгаа аж. Эдгээр тоонд Японд төрсөн гадаад иргэд болон гадаадад төрсөн япон иргэдийг тооцоогүй болно.
2024 онд нас баралтын тоо 1,605,298 болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь өмнөх оноос 1.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүний үр дүнд хүн ам 919,237-аар буурч, 18 дахь жилдээ дараалан хүн амын тоо багасаж байгаа юм. Гэсэн хэдий ч ирээдүйн төрөлтийн чиг хандлагад нөлөөлдөг чухал хүчин зүйл болох гэрлэлтийн тоо бага зэрэг нэмэгджээ. Өнгөрсөн жил 485,063 хос гэрлэж, 2023 оноос 2.2 хувиар өссөн бол гэрлэлт цуцлалт 1.1 хувиар өсөж, 185,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Японы олон залуус гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэхийг хойшлуулж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал, гэрлэлтийн ач холбогдолд өөрчлөлт орсон зэрэг олон шалтгаантай холбоотой.
Хүн амын бууралтыг зогсоохын тулд Японы засгийн газар залуучуудын цалинг нэмэгдүүлэх, хүүхэд асрах дэмжлэгийн хөтөлбөрүүдийг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.