Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Америк-Хятадын худалдааны энхийн гэрээг түгшээж буй ховор элементүүдийн зөрчил

Америк-Хятадын худалдааны энхийн гэрээг түгшээж буй ховор элементүүдийн зөрчил
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 5
2025 оны тавдугаар сарын эхээр АНУ болон БНХАУ Женевт хийсэн хэлэлцээрээр тариф гэх мэт бусад худалдааны саад бэрхшээлүүдийг бууруулахаар тохиролцсонд зах зээл баяртай байлаа. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа уг хэлэлцээрийн “гэрэл” бүдгэрч эхэлсэн бөгөөд Хятад улс АНУ-ыг шинэ хориг арга хэмжээ авснаар тохиролцоог зөрчлөө хэмээн буруутгаж, АНУ харин Хятадыг ховор элементүүдийн амлалтаа биелүүлсэнгүй гэж мэдэгдсэн.
Ховор элементүүдийн маргааны үндэс юу байв?
БНХАУ-ын Худалдааны яам дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдэл гаргаж, самари, гадолини, терби, диспроси, лютеци, сканди, иттри гэсэн долоон төрлийн ховор элементийг экспортлохын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсноо зарласан.
Энэхүү дүрэмд дээрх металл агуулсан бүтээгдэхүүнүүд мөн хамрагдсан. Тухайлбал, цахилгаан хөдөлгүүр болон хатуу дискний драйвд өргөн хэрэглэгддэг NdFeB байнгын соронз орно. Энэ шаардлага АНУ-ын эсрэг авсан бусад хариу арга хэмжээнүүдтэй зэрэгцэн хэрэгжсэн боловч бүх улс орнууд руу чиглэсэн экспортод хамаарна.
Мөн Бээжин АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлж, Вашингтоны эсрэг дараах арга хэмжээнүүдийг авчээ. Үүнд:
  • АНУ болон Энэтхэгээс импортолдог эмнэлгийн КТ рентген хоолойн эсрэг демпингийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн;
  • АНУ-ын хоёр компанийн шувууны мах импортлохыг зогсоосон;
  • АНУ-ын 11 батлан хамгаалахын компанийг "найдвартгүй этгээдийн жагсаалтад" оруулсан;
  • АНУ-ын 16 компанид экспортын хяналт тавьсан;
  • АНУ-ын нэг компанийн соргоны импортыг хориглосон;
  • DuPont China компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн.
Үүний дараа талууд харилцан хариу арга хэмжээ авсаар байсан юм. Бээжин тав хоногийн дараа АНУ-ын нэмэлт 12 компанийг экспортын хяналтын жагсаалтад, 6 компанийг “найдвартгүй этгээд”-ийн жагсаалтад нэмж оруулсан. Ингэснээр тухайн компаниуд Хятадаас бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхгүй болсон гэсэн үг юм.
Хятад Женевт юуг амласан бэ?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын төлөөлөгчид нэг сарын дараа Швейцарьт уулзах үеэр Хятадын тал АНУ-ын компаниудад тавьсан тариф болон тарифын бус хориг арга хэмжээнүүдийг бууруулах, түдгэлзүүлэхээ амласан.
Үүний үр дүнд Хятад улс дөрөвдүгээр сард тавьсан АНУ-ын 28 компанид ногдуулсан экспортын хоригоо цуцалж, 17 компанийг "найдвартгүй этгээд"-ийн жагсаалтад бүртгэх шийдвэрээ 90 хоногийн хугацаатай түдгэлзүүлсэн. Ингэснээр БНХАУ-ын компаниуд тус 45 АНУ-ын компанид бараа нийлүүлэхийн тулд Худалдааны яаманд хүсэлт гаргах боломжтой болсон. Гэхдээ эдгээр хүсэлтийг зөвшөөрөх эсэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Хятад улс ховор элементүүдийн экспортод тавих тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг эргэж харах эсвэл цуцлах тухай ил тод амлалтыг Женевт өгөөгүй. Харин ч тавдугаар сарын эхээр ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой эрдэс бодисуудыг хууль бусаар гаргахыг таслан зогсоох үндэсний кампанит ажил эхлүүлсэн. Энэ нь бүх экспорт зөвхөн лиценз болон хяналтын тогтолцоогоор дамжих ёстой гэсэн байр суурийг дахин нотолсон хэрэг байв.
Экспортын зөвшөөрлийн журам хэрхэн ажилладаг вэ?
Хятадын экспортын хяналтын тогтолцоо АНУ-ынхтай төстэй. Тодруулбал, экспорт бүрт тусгай зөвшөөрөл, эцсийн хэрэглэгчийн гэрчилгээ, өргөдлийн дэлгэрэнгүй мэдээлэл шаардагддаг. АНУ-БНХАУ-ын Бизнесийн Зөвлөлийн тайланд дурдсанаар, хоёрдмол хэрэглээтэй (иргэн болон цэрэг аль алинд хэрэглэгдэх боломжтой) ховор элементүүдийн экспортын зөвшөөрлийг хянах хугацаа одоогийн журмаар 45 ажлын өдөр байна. Гэхдээ энэ хугацаа нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно.
Хятад экспортын хяналтын системдээ шинэ бүтээгдэхүүнүүдийг үе шаттайгаар нэмж байна
Хятад улс хоёрдмол хэрэглээтэй бараа бүтээгдэхүүний хяналтын системийг нэвтрүүлснээс хойш тусгай зөвшөөрөл шаардах бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг аажмаар нэмсээр ирсэн. Шинэ бараа жагсаалтад ороход, экспорт эхний үед огцом буурдаг нь шинээр бий болсон зөвшөөрөл олгох байгууллагууд гэнэт ирсэн олон тооны хүсэлтийг шуурхай боловсруулж амждаггүйтэй холбоотой.
АНУ болон бусад улс орны зарим компаниуд одоогоор экспортын тусгай зөвшөөрөл авч эхэлсэн. Азийн нэгэн том импортлогч орны албаны эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус улсын зарим компаниуд зөвшөөрөл авсан байна.
“Зарим зөвшөөрлүүд олгогдож эхэлж байгаа ч аж үйлдвэрийнхэн хүссэн хэмжээнд хурдан биш байна” гэж БНХАУ дахь Америкийн Худалдааны Танхимын ерөнхийлөгч Майкл Харт мэдэгдэв. “Хугацаа удааширч буй шалтгаан нь Хятад улс шинэ системээ бүрэн нэвтрүүлж, зохицуулж амжаагүйтэй холбоотой. Тэд экспортыг хориглож байгаа юм биш” гэжээ.
АНУ Хятадаас юуг хүлээж байсан бэ?
АНУ Женевт хийсэн тохиролцоог Хятад биелүүлээгүй, ховор соронз болон стратегийн эрдэс баялгийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэн “боомилсоор” байна хэмээн гомдоллож байгаа.
Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Трамп Бээжинг Женевийн тохиролцоог зөрчлөө гэж буруутгасан. Харин АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир CNBC сувгаар ярилцлага өгөхдөө “Тэдний нийлүүлэх ёстой байсан стратегийн зарим эрдэс бодисын урсгалыг бид хараагүй байна” хэмээн мэдэгдсэн.
Мөн тэрээр Хятадын тал “удаан хөдлөлттэй” байгаа ч АНУ-ын засаг захиргаа “Хятадын тохиролцоог хэрхэн биелүүлж байгаа эсвэл энэ тохиолдолд биелүүлээгүй байдалд” маш анхааралтай хяналт тавьж байна гэж онцолсон.
Женевт болсон уулзалтын яриа хэлэлцээр дээр үндэслэн АНУ-ын албаныхан ховор элементүүдийн экспорт шууд дахин эхэлнэ гэж хүлээж байсан. Америкийн компаниуд ч энэ удаашралд бэлэн бус байжээ.
Эх сурвалж: Bloomberg
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн