АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсны дараа Хятадад айлчлах болсноо мэдэгдлээ. Дональд Трамп өөрөө ч мөн Ши Жиньпинийг Цагаан ордонд урьсан гэж хэлсэн ч хоёр талын зүгээс албан ёсоор баталсан зүйл одоогоор алга байна.
Энэхүү яриа Трамп Хятадын эсрэг худалдааны дайн эхлүүлснээс хойших хоёр удирдагчийн анхны холбоо тогтоосон явдал байв. Хятадын төрийн хэвлэлд мэдээлснээр АНУ-ын хүсэлтээр утсаар ярьжээ.
Трамп яриаг “маш сайн” гэж үнэлэн, худалдааны асуудал гол сэдэв байсныг онцолж, хоёр тал “эерэг үр дүнд” хүрсэн хэмээв. Тэрээр Ши Жиньпин өөрийг нь Хятадад урьснаас гадна өөрөө ч түүнийг АНУ-д урилаа хэмээн Германы канцлер Фридрих Мерцтэй Цагаан ордонд уулзах үеэр мэдэгдсэн юм.
Хятадын талаас зөвхөн Ши Жиньпиний урилга дурдагдсан ба АНУ-ын урилгын талаар дурдаагүй байна. Циньхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин АНУ-ыг Хятадын эсрэг сөрөг арга хэмжээгээ зогсоохыг хүссэн гэжээ.
Талууд Женевт тариф бууруулах тохиролцоонд хүрсэн ч нэг нэгнээ гэрээг зөрчсөн гэж буруутгасаар байна. АНУ Хятадыг ховор металл зэрэг стратегийн эрдсийн нийлүүлэлтийг сэргээхгүй байна гэж зэмлэсэн бол Хятад АНУ-ыг чип болон программ хангамжид хориг тавьснаар гэрээг зөрчлөө хэмээжээ.
Трамп Хятадын оюутнуудад виз олгохдоо илүү хянуур хандах бодолтой байгаагаа илэрхийлсэн ч тэднийг хүндэтгэн хүлээн авахад бэлэн гэжээ. Харин Ши Жиньпин ярианы үеэр Тайванийн асуудалд болгоомжтой хандахыг АНУ-д анхааруулсан байна. Хятад Тайванийг салан тусгаарласан муж хэмээн үзэж, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэн нэгтгэнэ гэдгээ илэрхийлсээр ирсэн. АНУ Тайванийг цэрэг зэвсгээр дэмждэг ч албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.
Хоёр удирдагчийн энэхүү яриа олон сар үргэлжилсэн нам гүм байдлыг тасалж байгаа бөгөөд Трамп Ши Жиньдинийг "хатуу, хэлэлцээр хийхэд амаргүй хүн" хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн Трамп биечлэн хэлэлцээ хийх сонирхолтой байгаа ч Хятадын тал бүхнийг урьдчилан төлөвлөж, өндөр түвшний яриаг маш нямбай зохион байгуулдаг уламжлалтай юм.