Сүүлийн үеийн судалгаагаар ChatGPT зэрэг хэд хэдэн генератив хиймэл оюун ухааны (AI) загварууд сэтгэл хөдлөлийн чадамжийн стандарт тестүүдэд дунджаар 82 хувь авч, хүний дундаж үзүүлэлт болох 56 хувийг давсан байна.
Энэхүү үр дүн AI нь сэтгэл хөдлөлийн дохио, нөхцөл байдлыг ойлгож, тайлбарлаж, зохистой хариу үзүүлэх чадамжтай болохыг харуулж байгаа бөгөөд боловсрол, зөвлөх үйлчилгээ, зөрчил шийдвэрлэх зэрэг салбарт шинэ боломж нээгдэх үндэс болж болзошгүй юм.
Швейцарийн Женевийн их сургууль болон Бернийн их сургуулийн судлаачид зургаан төрлийн генератив AI загварыг таван төрлийн стандарт сэтгэл хөдлөлийн чадамжийн тестээр шалгасан байна. Эдгээр тестүүд нь сэтгэл хөдлөлийг ойлгох, таних, удирдах, зохицуулах чадварыг хэмжжээ.
AI загварууд эдгээр тестүүдэд өндөр нарийвчлалтайгаар хариулж, дунджаар 82 хувийн гүйцэтгэл үзүүлсэн нь хүний дундаж 56 хувиас хавьгүй өндөр байжээ.
Судалгааны хоёрдугаар шатанд ChatGPT-д шинэ сэтгэл хөдлөлийн тест зохиох үүрэг өгсөн байна. 400 гаруй хүн эдгээр AI-ийн зохиосон тестүүдийг үнэлэхэд хүний бүтээсэн тестүүдтэй адил бодитой, ойлгомжтой байсан аж.
Судалгааны дүгнэлтээр, AI нь зөвхөн сэтгэл хөдлөлийг ойлгохоос гадна сэтгэл хөдлөлийн оюун ухаантайгаар авирлахын утга учрыг ч мөн ухамсарлаж чадна гэж үзжээ. Ингэснээр боловсрол, зөвлөх үйлчилгээ, зөрчил маргаан шийдвэрлэх зэрэг салбарт AI-гийн шинэ төрлийн хэрэглээг хөгжүүлэх боломжийг нээж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Гэсэн ч энэхүү дэвшлийг дагаад хиймэл оюун ухааныг хариуцлагатай, ёс зүйтэйгээр ашиглах шаардлага улам бүр чухал болж байгааг судлаачид онцолсон байна.