Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Нойртой холбоотой сонирхолтой 10 баримт

Нойртой холбоотой сонирхолтой 10 баримт
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Нойр бол хүний бие махбод, тархи оюунд зайлшгүй хэрэгтэй физиологийн процесс юм. Биднийг унтах үед тодорхой хугацаанд ухамсар багасаж, биеийн болон сэтгэлзүйн үйл ажиллагаа удааширдаг ч тархи идэвхтэй хэвээр ажиллаж, биеийг нөхөн сэргээдэг онцлогтой.
25 жилийн өмнө хүртэл эрдэмтэд шөнийн энэ зуршлын талаар маш бага зүйл мэддэг байв. Харин XXI зууны техник технологийн хөгжил, өргөн хүрээтэй судалгаануудын ачаар нойрны талаарх олон нууц тайлагдсаар байна. Тиймээс нойртой холбоотой сонирхолтой 10 баримт хүргэж байна.
  1. Хүмүүсийн 12 хувь нь зөвхөн хар цагаанаар зүүдэлдэг. Өнгөт телевиз гарахаас өмнө хүмүүсийн ердөө 15 хувь нь л өнгөт зүүд зүүдэлдэг байжээ. Өндөр настнууд залуу хүмүүсээс илүү хар цагаан зүүд зүүдэлдэг нь судалгаагаар тогтоогдсон.
  2. Анааш өдөрт ердөө 1.9 цаг унтдаг бол хүрэн сарьсан багваахай 19.9 цаг унтдаг.
  3. Унтах үед дунджаар 400 калори шатдаг. Мэдээж таны биеийн жингээс хамаарч энэ тоо өөрчлөгдөнө. Гэхдээ унтах явцад амьсгалах, хоол боловсруулах, зүрхний цохилтыг хадгалах зэрэг үндсэн үйл ажиллагаа явагдсаар байдаг учир калори шатдаг байна. Дундаж хүн нэг цагт 50 калори, 8 цаг унтахад 400 калори шатаадаг.
  4. Унтахгүй хамгийн удаан явсан дээд амжилт 11 өдөр. Энэ амжилтыг 1964 онд Калифорнийн оюутан Рэнди Гарднер тогтоосон. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд аюултай туршилт байсан бөгөөд бусад хүмүүс ийм удаан унтахгүй байснаас болж амиа алдаж байсан тохиолдол бий.
  5. Ихэнх хүмүүст 02:00 ба 14:00 цагийн үед ядаргаа оргил түвшинд хүрдэг. Тиймээс өдрийн хоолны дараа нойр хүрдэг.
  6. Хагас унтаж байх үед унах мэдрэмж төрж, цочиж сэрэх үзэгдлийг “гипник таталт” гэдэг. Үүнийг эрүүл үзэгдэл гэж үздэг ч, айдас, их хэмжээний кофе уух, унтахын өмнөх идэвхтэй хөдөлгөөн зэргээс болж нэмэгдэх нь бий. Залуусын дунд элбэг байдаг ч нас ахих тусам багасдаг.
  7. Нойргүйдэл нь өлсгөлөнгөөс илүү хурдан үхэлд хүргэдэг. Аль аль нь муу ч, зарим судалгаанд дурдсанаар богино хугацаандаа хоолноос илүү нойр чухал гэнэ.
  8. Сэрснээс хойш 5 минутын дараа зүүдний 50 хувийг мартдаг. 10 минутын дараа 90 хувь нь мартагддаг. Фрейдийн онолоор зүүд бол дарагдсан бодлууд учир тархи түүнийг хурдан арилгадаг гэдэг. Гэхдээ илүү бодитой тайлбар нь сэрэх үед тархи бусад зүйлд төвлөрдөг тул зүүд мартагддаг.
  9. Өглөө орноос босох хэцүү байвал энэ нь “дизаниа” (dysania) гэх жинхэнэ онош байж болно. Энэ нь тэжээлийн дутагдал, сэтгэл гутрал болон бусад асуудлыг илтгэж магадгүй.
  10. Нойргүйдлийг шөнө унтаж чадаагүй цаг хугацаагаар биш, харин өдөрт илэрч буй нойрмоглох, төвлөрөхөд хүндрэлтэй байх, толгой өвдөх, уур хүрэх гэх мэт шинжээр тодорхойлдог.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн