Open iToim app
Үйл явдал | 5 мин уншина

Танилц: ЭМД-аараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх 17 сувилал

Танилц: ЭМД-аараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх 17 сувилал
Нийтэлсэн 1 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгүүд завсарлаж, амралт зугаалгын улирал эхэлж байна. Иргэд зуны амралттай зэрэгцэн амралт сувиллын эрэлд гардаг. Иймд иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс 2025 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан сувиллын газруудын жагсаалтыг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан доорх сувилалд иргэд даатгалаараа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм
Эрхэс сувилал
Эрхэс сувилал нь 2008 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг ээлжинд 50 хүнд үйлчлэх хүчин чадалтай, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан, ахмад настанд хөнгөлөлттэй үнээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах эмчилгээний тусгай зөвшөөрөл бүхий  амралт, сувилалын цогцолбор юм. Нийт 3 удаа магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн баг хамт олон чанартай тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Тусламж, үйлчилгээний чиглэлийн хувьд монгол эмийн эмчилгээ, бариа засал, зүү төөнө, хануур, самнуур, шивүүр, соруул засал, түрэм засал, жин засал, ороолт, дэвтээлгэ, иог, бясалгал, физик эмчилгээ, цагаа идээ, саам эмчилгээ зэрэг багтана.
Хаяг, байршил: Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр дэх  Сэлхийн аманд байгалийн үзэсгэлэнт газарт 3 га талбайг эзлэн оршдог.
Харилцах утас: 99717236, 94770821, 80140918
Багануур сувилал
Багануур ХХК бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд Багануур хотын төвд байрладаг.  Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч долоодугаар сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээг давхар хийдэг. Сувиллын нэг өрөөнд 4-5 хүнээр байрладаг.   
Харилцах утас: 93049261,  93049274, 70210109 
Богд Уул сувилал
Тус сувилал нь Богдхан  уулын өвөрт Зайсангийн амны эхэнд байрлан улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны сувилгаа эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эмчилгээндээ уламжлалт эм тан, заслууд, сэтгэлзүйн эмчилгээ явуулдаг. Засал эмчилгээний кабинетууд:
  • Зүү төөнүүр
  • Хануур, самнуур
  • Бариа засал
  • Бумба
  • Алт, мөнгөн түрэм
  • Шавар
  • Парафин
Эмчилгээндээ орчин үеийн анагаах ухааны нөхөн сэргээх эмчилгээний аппарат тоног төхөөрөмжүүдийг ашиглахаас гадна биеийн иог болон хөдөлгөөнт дасгалыг хэрэглэдэг. Биеийн болон сэтгэл зүйн эмчилгээг хавсран явуулснаар өвчтөний өвчин даах чадвар нэмэгдэж эмчилгээний үр дүн сайжрах, эдгэрэлт түргэсэх зэрэг үр дүнтэй байна. Улирлын чанартай цагаан гүүний саам, цагаан хоол, сахарын диабетын хоолны эмчилгээ зэргийг хавсруулан эрүүл мэндийг хамгаалах технологийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээг чанар, хүртээмж сайтай явуулдаг аж.
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх 
Харилцах утас:99161367
Жаргалант сувилал
“Онцгой Жаргалант” сэргээн засах сувилал нь 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, Онцгой байдлын байгууллагын албан хаагч төдийгүй иргэдэд уламжлалт, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.
Тус сувилал нь чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн анхны сувилал юм.
Хаяг, байршил: Улаанбаатар хот, ХУД 8-р хороо
Харилцах утас:86854477, 85864477
Сүүж-уул сувилал
Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сувилал нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сувилал нь цагдаа, дотоодын цэргийн, анги байгууллагын  алба хаагч, ажилтан, ахмад ажилтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, ая тухтай амраах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг билээ. Тус амралт, сувилал нь нэг ээлждээ 50 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээг хийж байна. Үүнд, хүчилтөрөгчийн коктейль, элсэн жин, парафин, эмийн эмчилгээ, бариа засал /халуун тосон, сүүн/, зүү, бумба /соруул/ засал, бумбат иллэг, самнуур, хануур, шивүүр, төөнө /Монгол, Харандаа, цахилгаан/, зөгийн балтай татлага, давсан дээр гишгүүлэхТатлага /Нуруу, хүзүүний/ зэрэг олон төрлийн эмчилгээ хийдэг.
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо тусгалтын аманд 
Харилцах утас: 8025-2233
Далд засал сувилал
Тус сувилал нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Жилдээ 2000-2500 хүн хүлээж авдаг. Далд засал сувилал нь судас барих оношилгоо, европ, уламжлалт бариа засал, зүү, төнүүр, бумба, физик, усан, халуун, элсэн эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг тусламж, үйлчилгээ үзүүлдэг.  
Харилцах утас: 99205600, 72725355
Хаяг, байршил: Улаанбаатар хот, БЗД 20-р хороо Гачуурт тосгон шар хоолойн бага ам
Жинст сувилал
Жинст сувилал нь 2006 оноос 15 ортойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо тус сувилал дотор, мэдрэл, сэргээн засах, уламжлалт эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Байгууллагын онцлог:
- Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, өөрийн үйлчлүүлэгчтэй болсон.
- Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан.
- 24 цагаар эмчилгээ явуулдаг,үнийн уян хатан бодлоготой, стандартын шаардлага хангасан өөрийн байртай. 
Харилцах утас: 88118683, 99517941, 85111239
Хаяг, байршил: Улаанбаатар хот, СХД 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59а байр
Мойлтын тохой сувилал
Мангут эмнэлгийн харъяа Мойлтын тохой сувилал нь уламжлал болон сэргээн засах төрөл бүрийн эмчилгээ хийдэг.  Зуны улиралд 5-аас дээш хоногоор байрласан тохиолдолд гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, хийн бясалгалын дасгал, хүчил төрөгчийн коктейл зэргээр үйлчилдэг. Мойлтын тохой" сувилал нь 170 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Харилцах утас: 70110027, 95151577
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6-р хороо
Номун сувилал
Номун амралт сувилал нь нийт 100 ортойгоос гадна 70 орчим хүн үйлчилгээнд ажилладаг. Эмчилгээний тухайд европ, ази, дорнын шалгарсан бүхий л эмчилгээнүүд хийдэг. Ингэхдээ эко хоолоор үйлчилж, эрүүл агаартай хосолсон усан эмчилгээг хавсарган хийдэг аж. Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд буюу Найрамдал зусланд үйл ажиллагаагаа явуулж байгаа Номун амралт сувиллын газрын өөр нэгэн онцлог бол 4 одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд дотроо саун, дүш, усан бассейнтай. Энэ давуу талаа ашиглан эрүүл мэндийн салбарын томоохон ололтын нэгд зүй ёсоор бичигддэг усан эмчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ алжаал ядаргааг тайлдаг юм байна.
Харилцах утас: 77465555
Хаяг, байршил: Улаанбаатар хот, СХД 1-р хороо
Нэмүүтөгс сувилал
Тус сувилал нь мэдрэлийн болон дотрын өвчнүүдийг голчлон эмчилдэг. Тухайлбал, тархины цус харвалтын үлдэц, тархины саажилт, толгойн өвдөлтүүд, гуурсан хоолойн архаг үрэвсэлт, элэг, цөс, ходоод, нойр булчирхайн архаг өвчнүүд, зүрх судасны архаг өвчин зэрэг өвчнийг эмчилдэг аж.
Харилцах утас: 89339449, 99010514
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 8-р хороо, Дамдин гудамж 87 тоот
Оргил рашаан сувилал
Тус сувилал рашааныг ундаргаас нь шууд авч хэрэглэдэг. Хамгийн олон төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Клиник сэргээн засах тасагтай. Нэг ээлжиндээ 350 хүн хүлээн авах хүчин чадалтай. 1974 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Харилцах утас: 11342093 11342092
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо
Төгөл сувилал
Төгөл сувилал нь 20 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ингэхдээ уламжлалт болон сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг.
Харилцах утас: 77161188
Хаяг, байршил: Улаанбаатар хот, СХД 9-р хороо
Түүнчлэн, дараах сувилал эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байна.
  • Интенсивераке ХХК-ийн сувилал- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг Өлзийт тосгон Гавьжийн шанд, Хурдны замын дэргэд
  • Лона ХХК-ийн сувилал-  Улаанбаатар хот, БЗД 11-р хороо, Дэжийн 6-6
  • Хос шинэс сувилал- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20-р хороо Сэлх зуслан
  • Энх-Ундарга сувилал- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 2-р хороо, ЭТӨЧ Чингүүнжавын 75-1
  • Ээлтэй оточ сувилал- Улаанбаатар хот, БЗД 16-р хороо
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн