2018 онд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар огцроход бэлэн байв. Тухайн үед 33, 32-ын бүлэг болж хуваагдсан МАН-ын олонх У.Хүрэлсүхэд итгэл үл хүлээлгэн огцруулахаар зэхээд байсан хэрэг. Амь тэмцсэн хүнд үед тэрээр сөрөг хүчний Ж.Батзандан, Д.Мурат, Лу.Болд нарыг урвуулан авч хоёрхон саналаар дэнжигнэн үлдсэн юм. Өдгөө энэ урвалт улс төрийн түүхэнд гутамшиг, шившиг болон дурдагдсаар байна. Ийнхүү АН-ын урвагчдын ачаар Ерөнхий сайдын суудалдаа үлдэж, улмаар Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх өөрийнхөө адисласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа мөн л АН-ын урвагчдыг ашиглаж, түүх давтагдав.
Хөшигний ард болж өнгөрсөн үйл явдлыг АН-ын талаас тоймловол хэрэг явдал өнгөрсөн гуравдугаар сараас эхэлжээ. Тухайн үед Хөгжлийн банкны хэргийг сэргээн шалгах шийдвэр Улсын Дээд шүүхээс гарч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна Батбаяр нарыг дахин шалгаж эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Жаргалан бол Фортуна Батбаярын охин. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Д.Амгаланбаатарын сонгогчдод мөнгө тараасан үйлдлийг шалгаж дуусаад хэргийг нь прокурорт шилжүүлэв. Яг энэ мөчөөс эхлэн мань хоёр Ерөнхийлөгч рүү гүйдэлтэй болж, Засгийн газрыг огцруулах сэдвийг хөндөх болсон гэнэ. Хажуугаар нь Г.Амгаланбаатар гишүүн Нарансэвстэйн боомтыг нээлгэх асуудлыг идэвхийлэн хөөцөлдөх болсон төдийгүй, Хятадын талтай хэд хэдэн нууц уулзалт хийж амжсан гэдэг. Энэхүү боомт нээгдсэнээр манай талд гэхээсээ Хятадын талд илүү ашигтай учраас гишүүдийг лоббидох болсон нь нууц биш. Тэд зарим гишүүнийг хэд хэдэн удаа нутагтаа урьж, идээ будаагаар дайлж цайлсан тухай барим тавим яриа бий. Тагнуулын анхаарах л ёстой асуудлын нэг. Өөрөөр хэлбэл, гишүүд эрүүгийн болон эдийн засгийн сонирхлоор нэгдүгээр хүнтэй шадарлаж, засаг огцруулахад идэвхийлэн ажиллажээ гэж хардах үндэслэл байгаа юм.
Тэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн удаан хугацааны мөрөөдөл, улс төрийн замналынх нь шүдний өвчин болоод буй намын даргад дэмжихээ илэрхийлж, элсүүлж авсан төдийгүй Ерөнхийлөгчид дэвшүүлэх амлалтаар заримыг нь урхидсан гэнэ. Ингээд Б.Жаргалан гишүүнээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулуулж, Г.Амгаланбаатараар АН-ын бүлгийг санал хураалтад оролцуулахгүй байх хорыг хутгуулсан бололтой. Засаг огцорсон шөнө нэгнийхээ өрөөнд цуглаж, тэмдэглэж эхэлсэн тэдний баяр одоо ч үргэлжилсээр байгаа аж. Урвагч гэгддэг Ж.Батзандан, Д.Мурат, Лу.Болд нарын хойд дүрээр тодорсон Б.Жаргалан, Г.Амгаланбаатар, О.Цогтгэрэл нар үүгээр зогсохгүй дараагийн засагт багтах сайд нарынхаа зургийг зураад тун ч завгүй байгаа сурагтай. Тэдний зурсан зургаас үзвэл ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт, Гадаад харилцааны сайдаар Б.Жаргалан, Боомтын сайдаар Д.Амгаланбаатар, АН-ын дарга бөгөөд тэргүүн шадар сайдаар О.Цогтгэрэл болох юм гэнэ. Хүүхдийн гэмээр энэ мөрөөдөлдөө нэгтгэхээр зарим гишүүнд санал тавьсан нь урвагчдыг ийнхүү илчилжээ.
Нэгд, тэд 2018 онд У.Хүрэлсүхийн хийсэн мэхэнд дахин орж, урвагч нэр зүүж улс төрийн карьераа үгүй хийж байгаагаа ч ойлгохооргүй гэнэн хөөрөлд автсан байна гэж АН-ын бусад гишүүд нь дүгнэж байна.
Хоёрт, урвагч Ж.Батзандан шороонд нэрээ хутгаж үйлийн үрээ эдэлж байгааг, Д.Мурат гэдэг хүн “Боов” гэдэг хочиндоо дарагдан улс төрөөс арчигдсаныг анзаарах сөхөөгүй явна.
Гуравт, МАН-ын Бага хурлын шийдвэр нэгэнт гарсан. Тэд АН-ын хяналтгүйгээр дангаараа засаглахаар шийдвэрлэсэн. Үүнийг сөрөх эрх, зүрх дараагийн Ерөнхий сайдад байхгүй. Ийм үлгэрт итгэн дараагийн Засгийн газарт өөрсдийгөө томилж суугаа шинэ цагийн урвагч нар У.Хүрэлсүхийн нэг мэхэнд намаа хоёр дахиа унагаснаа ч ойлгохгүй байгаа нь улстөрчийн хувьд боловсроогүйг нь илтгэнэ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх улс төрийн өрөг дээр дахин нэг ялалт авлаа. Харин АН доторх “шатрын хөлөг” бологсдын хувьд, улс төрийн карьераа дуусгах анхны нүүдлээ хийчих шиг боллоо.