Баянзүрх дүүргийн иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад идэвхтэй оролцож тэдний 36.6 хувь нь шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Иргэдийн энэхүү санал хүсэлтийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 онд Баянзүрх дүүргийн 23 болон 28 дугаар хороонд "Олон улсын цэцэрлэгт хүрээлэн" байгуулах төслийн ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил одоо ямар шатандаа явж байгааг сурвалжилсан бөгөөд холбогдох мэргэжилтнүүдээс цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой мэдээллийг тодрууллаа.

Монгол Улсын хамгийн томд тооцогддог Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг. Уг хүрээлэн нь нийт 973 га талбайтай бөгөөд үүнээс 183 га талбайд төлөвлөлтийн ажлыг хийж, нийслэлийн иргэдийн амралт, зугаалгаар зорин очих гол газруудын нэг болсон. Харин шинээр байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 300 га талбайд хийхээр төлөвлөсөн бөгөөд 2022 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилгоор зураг төсөл боловсруулах ажилд оржээ. Одоогийн байдлаар уг 300 га газрыг бүрэн хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж эхэлжээ. Мөн төслийн хүрээнд явган хүний зам, гүйлтийн болон дугуйн зам, автомашины зогсоол зэрэг дэд бүтцийн төлөвлөлт хийгдсэн байна.
Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр "Цэцэрлэгт хүрээлэн нь ямар нэгэн барилга байгууламжгүй, төмөр, бетонон барималгүй байх ёстой. Боломжтой бол байгалийн унаган төрхийг хадгалсан, мод, сөөг, ургамал зэрэг ногоон байгууламж давамгайлсан байх нь зүйтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан алдааг дахин давтах ёсгүй. Мөн төрийн байгууллагуудыг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйлсэд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Баянзүрх дүүргийн удирдлага, ажилтан, албан хаагчид өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан туршлагатай. Энэ туршлагадаа үндэслэн Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад тус хүрээлэнгийн шилдэг инженерүүдийг оролцуулж, цаашдын хөгжлийн чиглэл, шийдлийг хамтран боловсруулахаар ажиллаж байгаа" гэв.
Дүүргийн удирдлагуудын үзэж байгаагаар энэхүү төсөл нь төвөөс алслагдсан хороодын иргэдийг дэмжих, тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх, мөн Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

Нийт 300 га талбай бүхий энэхүү хүрээлэнгийн 70 хувьд буюу 210 га талбайд 30 гаруй зүйлийн 140,000 гаруй мод, сөөг тарьж, үлдсэн 30 хувьд амралт, хүүхдийн тоглоомын талбай болон бусад тохижилтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Цаашлаад хүрээлэнгийн нийт бүтээн байгуулалтын 80-90 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг дэмжих төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах орчин бүрдэх юм. Энэхүү Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор нийслэлийн зургаан дүүргийн 1 сая гаруй иргэн давхардсан тоогоор үйлчлүүлэх боломжтой. Тус хүрээлэнд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэрэг иргэдийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн байгууламжуудыг төлөвлөсөн байна.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явц ямар шатандаа явж байгаа талаар Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Сайнжаргалаас тодрууллаа.
–Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд хэрэгжиж буй Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн ажил 2022 онд эхэлсэн. Одоогоор ямар шатанд явж байна вэ?
–Төслийн хүрээнд 2023 оноос бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 300 га талбайн хамгаалалтын хашаа баригдсан. Мөн 2 га талбайд мод үржүүлгийн газар байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна төв өргөн чөлөө, оффисын барилга, худаг зэрэг дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Энэхүү 300 га талбайн 80 хувийг ногоон байгууламж болгон тохижуулах төлөвлөгөөтэй. Мөн хашааны гадна талд автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэж, худалдаа үйлчилгээ, стрийт фүүдийн талбай байгуулахаар ажиллаж байна. Төслийн эхний ээлж болох 50 га талбайг 2027 он гэхэд ашиглалтад оруулах зорилготой юм.
–Цэцэрлэгт хүрээлэнд ямар бүтээн байгуулалт төлөвлөгдөж байгаа вэ?
–Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 300 га талбайд төлөвлөлт хийгдсэн. Тус хүрээлэнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яамдтай хамтран тухайн улс орны онцлогийг илэрхийлсэн олон улсын бүс байгуулах юм. Мөн 2024 онд нийт 68,400 мод тарьсан бол 2025 оны хаврын тарилтаар 25,000 орчим мод нэмж тарьсан байна.
–Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад оролцож байсан инженерүүд энэ төсөлд ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
–Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн нь 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Баянзүрх дүүргийн “Эко тохижилт үйлчилгээ” нэгжийн бүрэлдэхүүнд багтаж ажиллаж эхэлсэн. Тус хүрээлэн нь дүүргийн хэмжээнд ногоон байгууламжтай 11 байршлыг хариуцан ажиллаж байгаа. Үүнд Бичил цэцэрлэгт хүрээлэн болон Баянзүрх хайрхны ногоон байгууламж зэрэг газрууд багтана. Тус байгууллагад нийт 81 хүн ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд, ойн чиглэлээр мэргэшсэн инженерүүд, цэцэрлэгчид энэ төслийн хүрээнд ажиллаж байна.
–Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?
–Бид өмнө гаргасан алдааг давтахгүй байхын тулд чанартай, иргэдийн ая тухыг хангасан хүрээлэн бий болгохоор зорьж байна. Хашаан дотор хөшөө, дурсгалын байгууламж хийхгүй бөгөөд зөвхөн ногоон байгууламж, явган болон дугуйн зам байлгахаар төлөвлөсөн.