Open iToim app
Засгийн газар | 4 мин уншина

Л.Энх-Амгалан: Ажил олгогчдод 2 хүртэл хувийн шимтгэлийг бууруулах хөнгөлөлт, чөлөөлөлтүүд олгоно

Л.Энх-Амгалан: Ажил олгогчдод 2 хүртэл хувийн шимтгэлийг бууруулах хөнгөлөлт, чөлөөлөлтүүд олгоно
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 4
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл, 14 бодлогын шинэчлэл хийхээр гэрээ байгуулсан. Бодлогын шинэчлэлийн хүрээнд хийж буй хамгийн том шинэчлэл бол татварын шинэчлэл, тэтгэврийн буюу нийгмийн даатгалын шинэчлэл байсан. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Огцорчхоод яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй хандаж магадгүй. Татварын, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хийхэд их цаг хугацаа, тодорхой эх үүсвэр шаардлаа. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд хийсэн хэлэлцүүлгийг үндэслэн өнөөдрийн хуулийн төслийг өргөн барьж байна. Монгол Улс анх удаа нийгмийн даатгалын буюу төлбөрийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Тогтолцооны шинэчлэл гэдгийг дэлхийн улс орнууд хоёр утгаар ойлгодог.
Нэгдүгээрт, олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг тогтолцоог тогтолцооны шинэчлэл гэж ойлгодог. Одоо бид ганцхан эх үүсвэрээс авдаг. Өнөөдрийн УИХ-д өргөн барих гэж байгаа хууль батлагдвал тэтгэвэрт гарахдаа олон эх үүсвэрээс авах боломжийг нээж байна. Суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Суурь тэтгэвэр орж ирснээр цаашид Монгол Улсад тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. Өнөөдөр 20-оос дээш жил ажилласан бүх даатгуулагч ажилласан хугацаанаасаа үл хамаараад ижил хэмжээний тэтгэвэр тогтоолгодог. Тэтгэврийн доод хэмжээгээр тогтоолгодог гэсэн үг. Үүнийг өөрчилж 10-аас дээш жил шимтгэл төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан өндөр настны суурь тэтгэвэртэй болно. Мөн төлсөн шимтгэл, ажилласан жилээс хамаарсан одоогийн тэтгэвэр авна. Гуравдугаарт, Хувийн тэтгэврийн  хуулийг давхар өргөн барьж байна. Ингээд Монгол Улсад гурван эх үүсвэрээр тэтгэвэр авах боломж нээгдэж  байна гэж ойлгож болно.
Түүнчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь зөв гэсэн 100 мянган хүний гарын үсэгтэй санал гарсан. Өнөөдрийн УИХ-д өргөн барьж байгаа хуулиар ажил олгогчдод 2 хүртэл хувийн шимтгэлийг бууруулах хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг олгож байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдэд 4 хүртэл хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх хуулийг өргөн барьж байна. Тийм учраас өнөөдөр нийгмийн даатгалыг бууруулаад бага тэтгэвэр авах уу эсвэл өөрийн төлж байгаа 8.5 хувиасаа 4 хувийг бодит хуримтлал болгоод хувийн тэтгэвэр рүүгээ шилжүүлэх үү гэдэг тогтолцооны шинэчлэл хийгдэж байгаа юм. 
Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахдаа 14 шинэчлэлийг хийж байна. Энэ нь иргэд болон ААН-ийн хүссэн шинэчлэл байгаа.
undefined
Өргөн барьж буй хуулийн төсөлд мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн:
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах
  • Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсөнд дээд хязгаар тогтоох
  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс шимтгэлийг уян хатан ногдуулах
  • Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах
  • Оюутан, залуучууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Оюутан сайн дураар даатгуулах гэрээ байгуулж, ажилтай болсны дараа төлөх бодлого хэрэгжүүлэх
  • Сайн дураар даатгуулагчийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгох (улирал, хагас жилээр)
  • Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Мега төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн НДШ-ийг хойшлуулах хувилбарыг судлах
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас бүрэн олгох
  • Ажилгүйдлийн тэтгэмж авах, нөхцөлийг өөрчлөх
  • Ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн ослын, тэтгэмжийн даатгалын тогтолцоог ажил олгогчид таатай нөхцөлөөр шинэчлэх зэрэг саналыг тусгалаа.
    Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой өөрчлөлт:
    1. Ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг 0.1-0.9 хувиар бууруулна.
    2. Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тавихгүй байгааг өөрчилж, даатгуулагчийнхтай адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хязгаар тогтооно.
    3. Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ болон давхар ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх, эсхүл уян хатан нөхцөл тогтоож, хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах сонголтыг өгнө.
    4. Ажил олгогч ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөнө
    5. Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцвэр зохистой харьцаанд хадгалах хүрээнд ажил олгогчийн ҮОМШӨ-ний даатгалын санд төлөх шимтгэлийн 0.1 хувийг ажилгүйдлийн даатгалын санд шилжүүлнэ. Энэ нь ажил олгогчийн төлөх нийт нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд нөлөөлөхгүй. Мөн тэтгэмж олгох нөхцөл, болзлыг нэмэгдүүлнэ.
    Ингэснээр ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 506.3 тэрбум төгрөгөөр буурах бөгөөд энэ нь нийгмийн даатгалын нийт шимтгэлийн орлогын 10 орчим хувиар буурсантай тэнцэнэ. Энэ нь 4000 айлыг ипотекийн зээлд хамруулсантай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн