Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Тэд Ерөнхий сайд болохгүй гэдгээ мэдэгдэв

Тэд Ерөнхий сайд болохгүй гэдгээ мэдэгдэв
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 5
Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг Монголын улс төрийн халуун сэдэв болов. Өдөр бүхэн л тэр хүчтэй яригдаж байна, энийг зүтгүүлж байна гэсэн мэдээ хэвлэлүүдийн нүүрийг чимж байна. Гэхдээ МАН-ын дарга нар тохирч байж, Удирдах зөвлөл, Бага хурлаа зарлана. Одоогоор МАН-ы хурлууд товлогдохгүй байна гэдэг нь шинэ Ерөнхий сайд дээрээ дарга нар нь тохирч чадахгүй байна гэсэн үг. Эх сурвалжийн мэдээлснээр энэ 7 хоногт МАН УЗ, Бага хурлаа хийхгүй бололтой.
Хуульд УИХ Ерөнхий сайдыг томилно гэж заасан ч МАН тэр дундаа Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг томилно гэдэг нь өнгөрсөн даваа гаригт болсон чуулганы хуралдаанаас тодорхой харагдсан биз ээ. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүнээ зүтгүүлэх ч нийгмийн дэмжлэгтэй, тал бүрийн эрх ашгийн гүүр болох хүнийг Ерөнхий сайдаар томилох нь нийгмийн захиалга. Тиймээс ийм хүн дээрээ тохирч чадахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл МАН хурлуудаа зарлаж чадахгүй байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн "Гашуунсухайтаас ирэхэд дараагийн Ерөнхий сайд яригдаж, Засгийн газар зурагдсан байсан" гэдэг худлаа гэдэг ч үүгээр батлагдаж байгаа юм.
Гэхдээ Ерөнхий сайдад яригдаж байгаа гэх хэд хэдэн хүн Ерөнхий сайд болохгүй гэдгээ өөрсдөө мэдэгдээд байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
Ерөнхийлөгчийн хүн, МАН-ын генсек Я.Содбаатарыг дараагийн Ерөнхий сайд болно гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан ч тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд болохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Нэгэнт албан ёсны байр сууриа илэрхийлсэн учраас Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн тоонд яригдахгүй гэсэн үг.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Тэрээр 2021 оны нэгдүгээр сард Гадаад харилцааны сайдаар томилогдсоноос хойш хоёр Ерөнхий сайдын танхимд таван жил шахуу энэ салбарыг удирдан ажиллаж байна. Түүний ажилласан энэ хугацаад манай улсын гадаад харилцаа өндөр түвшинд хүрсэн гэх хүмүүс ч бий. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэгддэг тэрээр мөн л дараагийн Ерөнхий сайдад яригдсан. Гэхдээ өчигдөр тэрээр Ерөнхий сайд болохгүй гэдгээ хэвлэлийнхэнд албан ёсоор хариулсан юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Х.Нямбаатарыг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Нийслэлд очсоноосоо хойш иргэдийн “эсрэг” шийдвэр гаргаж, нэр хүнд нь унаад байгаа Х.Нямбаатарыг Ерөнхий сайд болгоно гэвэл нийгмийн дэмжлэггүй л байх болов уу. Гэхдээ тэрээр мөн л Ерөнхий сайд болохгүй гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгчээ.
Шадар сайд С.Амарсайхан
НИТХ-аас улс төрийн гараагаа эхэлсэн Шадар сайд С.Амарсайхан мөн л дараагийн Ерөнхий сайд болно гэсэн мэдээлэл гарсан. Тэрээр "Би Ерөнхий сайд болохгүй. Засгийн газар, төрийн ажил тасралтгүй, тууштай үргэлжлэх ёстой" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Туулын бургас, ковидын үеийн дабль стандарт, талбайн усан оргилуур, хүүгээ Боловсролын зээлийн сангаар сургасан гэх мэт түүний улс төрд явсан он жилүүдийн намтар сайнаасаа саар нь их. Тиймээс Ерөнхий сайд болох улс төрийн дэмжлэг байж болох ч нийгмийн дэмжлэггүй.
Иргэдийнхээ боломжийг хулгайлж, ЖДҮДС, БЗС-аас авч, өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгосон улстөрчдийг олон нийт мэддэг болсон. Тиймээс нэр цэвэр, олон нийтийн дэмжлэгтэй, тал талынхны эрх ашгийг хангах хүн МАН-д олдохгүй байгаа бололтой.
Харин Ерөнхий сайдад яригдсан хүмүүсээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар хэвлэлд ямар нэгэн тайлбар өгч, байр суурь илэрхийлээгүй.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн