Open iToim app
Зочин | 3 мин уншина

О.Сийлэгмаа: БЗС-аас зээл авч сурч, мэдээлэл нь ил болсон улстөрчид одоо болтол зээлээ төлөөгүй байгаа

О.Сийлэгмаа: БЗС-аас зээл авч сурч, мэдээлэл нь ил болсон улстөрчид одоо болтол зээлээ төлөөгүй байгаа
Нийтэлсэн 0 минутын өмнө
Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал О.Сийлэгмаатай ярилцлаа.
-Боловсролын зээлийн санд төлөгдөөгүй зээлийн талаар мэдээллийг өгөөч?
-Он гарснаас хойш гадаад, дотоодын бүх төлөгдөөгүй зээлийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд шилжүүлсэн байгаа. Ойролцоогоор 14 орчим мянга орчим иргэний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг дөрөвдүгээр сард  Монголбанк руу нийлүүлсэн.
2024 оны сүүлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нийт зээлийн эргэн төлөлт сайжирсан. 2024 оны мөн үетэй харьцуулахад 80 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн жилийн өдийд гурав орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт байсан бол өнөөдрийн байдлаар 7 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард БЗС-аас олгос санхүүжилтийн холбогдох журмыг шинэчлэн батлуулсан. Шинэчилсэн журамд багагүй өөрчлөлт орсон. 2025 оны гадаадад суралцагсдын сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон. Өнгөрсөн сард шалгаруулалтынхаа системийг нээсэн. 30 хоногийн хугацаанд иргэдийн материалыг цахимаар авна.
-Гадаадад суралцагсдын сонгон шалгаруулалтыг цахимаар хийнэ гэж байна. Материалаа өгөөд хэд хоногийн дараа хариу нь гарах вэ. Анх БЗС-ийн мэдээлэл ил болоход 32 мянган ам.долларын зээл нийтээр нь олгосон байсан. Одоо хамгийн дээд тал нь хэдий хэмжээний зээл олгож байна вэ?
-Дэлхийн шилдэг их сургуульд бакалавр, магистр, докторын тэтгэлгийн сонгон шалгаруулалт байгаа. Зээлийн шалгаруулалтад 7-9 материал бүрдүүлж байгаа. Үүний 5 нь Хур системээс татаж байгаа. Урилга болон нэхэмжлэлийг систем руу оруулна. 30 хоногийн турш буюу тавдугаар сарын 23-аас зургадугаар сарын 21 хүртэл материалаа авна. Материал хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор ажлын хэсэг сонгон шалгаруулалтаа хийнэ. Ингээд сайдад танилцуулаад олон нийтэд мэдээлэх журамтай.
Зээлийн хэмжээний тухайд ахисан түвшний суралцагчдад 32 мянган ам.доллар буюу 10 орчим сая төгрөг олгож байгаа. Бакалаврынтүвшний дэлхийн шилдэг сургуульд суралцагсдад 285 орчим мянган ам.доллар буюу тэрбум орчим төгрөгийн зээл олгож байгаа. Энэ бүх зээлийн мэдээллийг Монголбакны зээлийн мэдээллийн санд нийлүүлчихсэн байгаа.
-300 тэрбум төгрөгийн зээл байна гэж байна. Энэ зээл хэдэн жилийн хугацаанд хуримтлагдсан бэ. Үүний гадаадын зээл нь хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээл бол 1993 оноос хойших дотоод, 1997 оноос хойших гадаадын зээл байгаа. Төгсөж ирээгүй буюу гэрээний үүрэг биелүүлээгүй зээлүүд байгаа. 289 тэрбум төгрөг нь гадаадад сурч төгссөн 2000 орчим хүний зээл байгаа. Үлдсэн 13 орчим тэрбум төгрөг нь дотоодын 12 иргэний зээл байна. Зээлийн мэдээллийн сан руу шилжүүлэхдээ тухайн иргэний ангилал буурахааргүй буюу авлагын дүнгээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоохондоо эргэн төлөлтийн хуваарьгүйгээр нийлүүлсэн байгаа. Тухайн зээлдэгч нарт 2025, 2024 онд И Монголоор мэдэгдэж “зээлийн эргэн төлөлтийн хувиараа хийгээрэй, Монголбанк руу мэдэгдэнэ” гэж мэдэгдсэн. Зургадугаар сар гаргаад эргэн төлөлтийн хуваарьтай нийлүүлэхээр зээлийн ангилалд нөлөө орно.
-БЗС-ийн талаар мэдээлэл олон нийтэд ил болоход хувь хүний данс руу хүртэл шилжүүлсэн зөрчил илэрч байсан. Та ажлаа аваад үүнийг хориглох өөрчлөл хийсэн үү?
-БЗС-гаас өнгөрсөн хугацаанд сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг хувийн данс руу шилжүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон байдаг. Одоо удирдлагын тухайд бүх хууль, журмаа мөрдөж ажиллахыг хичээж байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн тэтгэлэг болон Засгийн газар хоорондын суралцагчдын хувьд журмаар зохицуулчихсан учраас суралцагчдын хүнсний данс руу, бусад зардлыг дандаа байгууллагын данс руу шилжүүлж байгаа.
-289 тэрбум төгрөгийг гаднын сургуульд сурсан хүмүүс төлөөгүй байгаа юм байна. Энэ зээл эргэн төлөгдөх боломжтой юу. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс мэдээлэл нь ил болсноос хойш зээлээ төлж байна уу?
-289 тэрбум төгрөг гэдэг бол өндөр дүн. Энэ зээлийг бид эргэн төлүүлэхийн тулд Монголбанк руу мэдээллийг нийлүүлээд эргэн төлөлтийн хуваарь гаргахаас гадна холбогдох хуулийн фермийг хөлсөлж хамтран ажиллахаар яаманд санал хүргүүлсэн. Яам сонгон шалгаруулалтыг нь хийгээд явж байна.
Нэр бүхий албан тушаалтнууд, тухайн үед мэдээлэл нь ил болсон хүмүүс зээлээ төлсөн нь цөөхөн байгаа.
-Энэ зээлийг төлүүлж чадвал хэдэн хүүхдийг гадаадад сургах боломжтой вэ?
-Жилд дунджаар 140 орчим оюутнуудыг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулахад 15 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Зээл төлөгдсөн даруйд бид дараагийн хүний санхүүжилтийг хийгээд явдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн