Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан салют худалдан авч, буудуулахыг уриаллаа

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан салют худалдан авч, буудуулахыг уриаллаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 4
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй хэрэглээний талаар “Очир Ундраа” ХХК-аас өнөөдөр анхааруулга мэдээлэл өгөөд иргэд, байгууллагууд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан салют худалдан авч, буудуулах нь зүйтэйг онцоллоо.
“Очир Ундраа” ХХК-ийн Гадаад худалдааны менежер Б.Номинзул: Салют бол тэсэрч, дэлбэрэх бодис тул заавал тусгай зөвшөөрөлтэй газраар гааль, холбогдох байгууллагын хяналтаар дамжин худалдаалж, ашиглагдах ёстой. Гэтэл сүүлийн үед онлайнаар, ялангуяа фейсбүүк хуудсаар дамжуулан хувь хүмүүс хууль бусаар борлуулж байгаа нь ноцтой эрсдэл дагуулж байна гэлээ.
“Очир Ундраа” ХХК нь анх 2002 онд салют импортлох, худалдаалах тусгай зөвшөөрөл авч, таван жил тутамд тогтмол сунгуулсаар ирсэн бөгөөд одоог хүртэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй цор ганц тусгай зөвшөөрөлтэй компани гэдгээ илэрхийлсэн. Хэрэв өөр тусгай зөвшөөрөлтэй компани байгаа бол холбогдох төрийн байгууллагууд ил тод мэдээлэл өгөхийг хүсжээ.
Мөн гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10-ныг хүртэлх хуурайшилтын үед тэсэрч, дэлбэрэх бодис хэрэглэх нь байгаль, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй учир энэ үеэр салют буудуулахдаа мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй байгууллагыг сонгох шаардлагатайг анхаарууллаа.
Тус компани худалдан авагч иргэн, байгууллагын зорилго, байршил, буудуулах хүний тоо зэрэг мэдээллийг тодруулж, гарын үсэг зуруулан аюулгүй ажиллагааны зөвлөмж өгсний дараа салют худалдаалдаг. Харин хууль бусаар борлуулж буй хүмүүс энэ хэмжээний аюулгүй байдлыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй гэж тэд үзэж байна.
“Очир Ундраа” ХХК-ийн тэсэлгээчин П.Нямжаргал: Томоохон шоу тоглолт, олон нийтийн арга хэмжээнд дур мэдэн салют буудуулах нь гал гарч болзошгүй, хүн гэмтэх зэрэг өндөр эрсдэлтэй. Харин тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд ОБЕГ-аас 72 цагийн өмнө зөвшөөрөл авч, салют буудуулах талбайд урьдчилан очиж шалгалт хийдэг бөгөөд тухайн газар дээрээ тууз татаж, аюулгүй байдлыг мэргэжлийн түвшинд хангасны дараа бууддаг. “2025 оны тавдугаар сарын 31-нд болсон “Зуны зугаа-2025” болон “GUYS – Сургууль минь баяртай” арга хэмжээнүүдийн төгсгөлд салют буудуулсан ч манай компаниас худалдан аваагүй хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн “Очир Ундраа” ХХК-аас холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэн, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хэдэн компани тусгай зөвшөөрөлтэй байдгийг олон нийтэд ил тод мэдээлэхийг хүссэн боловч одоог хүртэл албан ёсны хариу ирээгүй байгаа аж.
Бэлтгэсэн: У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн