Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

AFR: Монгол дахь хямрал Рио Тинто компанийн зэсийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна

AFR: Монгол дахь хямрал Рио Тинто компанийн зэсийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна
Нийтэлсэн 4 минутын өмнө
"Australian Financial Review" сонинд нийтлэгдсэн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон явдал Рио Тинто компанийн Монгол дахь олон тэрбум долларын өртөг бүхий “Оюу Толгой” зэсийн уурхайн ирээдүйд эргэлзээ үүсгэж байна" гэх агуулга бүхий нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ мягмар гарагт огцорч, итгэл үзүүлэх санал хураалтад дэмжлэг аваагүйн улмаас улс төрийн шинэ тодорхойгүй байдал үүсэж, Рио Тинто компанийн Монгол дахь асар том зэсийн уурхайн өргөтгөлийн ирээдүйд эргэлзээ үүсгэлээ.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Лувсаннамсрайгийн Оюун-Эрдэнэ гишүүдийн дэмжлэгээр 64 санал авах шаардлагатай байсан ч энэ тоонд хүрч чадаагүй тул огцрохоор болсон байна. Энэхүү санал хураалт түүний хүүтэй холбоотой авлигын дуулиан болон тансаг хэрэглээний хэв маягт олон нийт уурсаж, ил тод байдал шаардан хэдэн долоо хоногийн турш гудамжинд жагссаны үр дүн юм.
Сөрөг хүчнийхэн энэхүү үр дүнг хариуцлага болон иргэний нийгмийн ялалт хэмээн үзэж байна. Монгол Улс бол хуучин коммунист орон бөгөөд ардчилал руу шилжиж буй улс юм.
“Парламент нэгэн цагт гүйцэтгэх засаглалын хяналтын үүрэг гүйцэтгэдэг байв” хэмээн Монголын Хараат Бус Судалгааны Хүрээлэнгийн улс төр судлаач Батсугар Цэдэндэмбэрэл хэлэв. Тэрээр “Их эвслийн үед энэ хяналт алдагдсан. Парламент ард түмний бус, эрх мэдэлтнүүдийн зэвсэг болсон” гэжээ.
Гэсэн ч энэхүү өөрчлөлт нь Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж байсан томоохон хөгжлийн бодлогын заримыг удаашруулах эсвэл бүрэн зогсоох аюултай. Үүний хамгийн тод жишээ бол дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох “Оюу толгой” төслийг Рио Тинто компанийн хөрөнгөөр өргөтгөх олон зуун сая ам.долларын өртөгтэй ажил билээ.
Санал хураалтын өмнө Л.Оюун-Эрдэнэ “улс төрийн тогтворгүй байдал нь сүүлийн хэдэн жилд бий болсон эдийн засгийн ахицыг сүйтгэж болзошгүй” хэмээн анхааруулж, орлогын бууралт, инфляц өсөх эрсдэлийг урьдчилан таамаглав.
“Хэрэв засаглал тогтворгүй болбол эдийн засгийн байдал доройтдог. Улс төрийн намууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол олон нийт парламентын засаглалд итгэх итгэлээ алдаж, улмаар манай ардчилсан парламентын тогтолцоо нуран унах эрсдэлтэй тулгарна” хэмээн хэлжээ.
Энэ хямралын гол цөмд Монголын улс төрийг ноёрхдог гүнзгий эрх мэдлийн зөрчил оршиж байна. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй сөргөлдөж байгаа бөгөөд тэд урьд нь холбоотнууд байсан ч өдгөө авторитар чиг хандлагатай өрсөлдөгчид болж хувирсан.
ОХУ-ын Ялалтын баярын цэргийн парадад оролцож, Ерөнхийлөгч Владимир Путинтэй дотно харилцаатай У.Хүрэлсүх нь ил тод байдлаар Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан юм.
Шүүмжлэгчид У.Хүрэлсүх энэ засаглалын хөндий орон зайг ашиглан гүйцэтгэх эрх мэдлээ төвлөрүүлэх гэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа ч тэрээр дахин нэр дэвших, эсвэл Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ямар ч санаа зорилгогүй гэдгээ мэдэгдсэн. Одоогоор парламент шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой ч улс төрийн тодорхойгүй байдал үргэлжлэх төлөвтэй байна.
Улс төрийн энэ хуваагдал нь Рио Тинто компанид онцгой түгшүүртэй нөхцөл үүсгэж байна. Учир нь тус компанийн Монгол дахь гол төсөл нь дотоодын эрх мэдлийн тэмцэлд удаан хугацаанд өртсөөр ирсэн. Англи-Австралийн энэ уул уурхайн компани 2006 оноос хойш “Оюу толгой” төсөлд 11 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулсан бөгөөд энэ жил гүний уурхайн өргөтгөлийн ажил дууссаны дараа олборлолтоо 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан юм.
Гэвч компанийн байр суурь улам бүр эмзэг болж байна. Тавдугаар сард Монголын эрх баригчид Их Британийн Дээд шүүхэд битүүмжилсэн нууц нэхэмжлэл гаргаж, Рио Тинто-г 2008 оноос эхтэй авлигын схемд оролцсон гэж буруутгасан.
Үүний зэрэгцээ тус компани Засгийн газартай 647 сая ам.долларын татварын маргаан өрнүүлж байгаа ба хөрш талбайд олборлолтоо үргэлжлүүлэх зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа юм. Гэвч энэ үйл явц одоо удаашрах магадлалтай.
Л.Оюун-Эрдэнэ өөрийн улс төрийн өвийг “Оюу Толгой” болон дэд бүтцийг шинэчлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, тусгаар улсын хөрөнгийн сан байгуулах зорилготой 14 төслийн өргөн цар хүрээтэй хөтөлбөр дээр тулгуурласан билээ.
Хамтарсан Засгийн газар Хятад руу чиглэсэн төмөр зам, усан цахилгаан станц, Францын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж буй ураны төсөл зэрэг олон жил саатсан төслүүдийг урагшлуулсан гэж үзэж байна.
Рио Тинто компанийн зүгээс энэ шинэ үйл явдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн