Олон сар үргэлжилсэн улс төрийн донсолгооны дараа БНСУ энэ долоо хоногт шинэ төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Сонгуулийн санал хураалт өнөө өглөөний 06:00 цагаас эхэлсэн бөгөөд оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Ийнхүү Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл онц байдал зарласнаас хойш яг зургаан сарын дараа сонгууль болж байна.Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас И Жэ Мён, “Ардын хүч” намаас Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намаас Ли Жүн Сок, Ардчилсан Хөдөлмөрийн намаас Квон Ён Гук, бие даан нэр дэвшигч Сон Жин Хо нар өрсөлдөж байгаа юм.Судалгаагаар либерал үзэлтэй И Жэ Мёныг энэ мягмар гарагийн сонгуульд ялалт байгуулах магадлалтай хэмээн үзэж байна. Тэрээр ард түмний дунд Юны үйлдэлд урам хугарсан сэтгэл хөдлөлийг даган хүчээ авсаар буй. Харин гол өрсөлдөгч болох барууны намын Ким Мүн Сү сүүлчийн мөчид ялалтаа гартаа оруулахыг хүсэж байгаа ч Юн Сук Ёлыг шууд шүүмжлээгүй нь түүнийг өрсөлдөгчөө гүйцэхэд саад болж байна гэж шинжээчид үзэж байна.Шинэ Ерөнхийлөгч лхагва гарагт буюу санал хураалтын маргааш шууд тангараг өргөх бөгөөд ердийн хоёр сарын шилжилтийн хугацаа энэ удаад байхгүй аж. Түүнд улс доторх хуваагдлыг арилгах, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "America First" бодлоготой уялдсан гадаад харилцааг шинэ шатанд гаргах, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд анхаарах зэрэг амаргүй сорилтууд тулгарах нь гарцаагүй байна.