“Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс ирэх 20 жилийн хугацаанд Африк тивд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжруулахад хөрөнгийнхөө ихэнхийг зарцуулах гэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр өнгөрсөн сард 2045 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрэх хөрөнгийнхөө 99 хувийг хандивлаж, өөрийн тэргүүлдэг сангаа хаахаар төлөвлөж байгаагаа зарлаад байсан билээ.
Өдгөө 69 настай тэрээр “Эрүүл мэнд, боловсролоор дамжуулан хүний нөөцийн чадавхыг нээж чадвал Африк дахь бүх улс хөгжил цэцэглэлтийн зам руу орох боломжтой” хэмээн онцолсон байна. Мөн залуу шинэ санаачлагчдыг хиймэл оюун ухааныг (AI) эрүүл мэндийн салбарт ашиглахыг уриалжээ.
Гэйтсийн сангийн гол зорилго нь эх, хүүхдийн урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг зогсоох, халдварт өвчнөөс хамгаалах, олон сая хүнийг ядуурлаас гаргах аж. Түүний хэлснээр, анхан шатны эрүүл мэнд, ялангуяа жирэмсэн эхчүүдийн болон хүүхдийн тэжээллэг хоол хүнс хамгийн үр дүнтэй арга гэжээ.
Bloomberg агентлагийн тооцоолсноор, Билл Гэйтс хөрөнгийнхөө 99 хувийг хандивласан ч дэлхийн хамгийн чинээлэг таван хүний тоонд багтсан тэрбумтан хэвээр байх боломжтой аж.
Билл Гэйтс 1975 онд Пол Аллены хамт Майкрософт компанийг үүсгэн байгуулж, программ хангамж болон технологийн бусад салбарт ноёрхол тогтоосон. Харин сүүлийн хэдэн арван жилд компаниас аажмаар холдож, 2000 онд гүйцэтгэх захирал, 2014 онд ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа огцорсон юм. Тэрээр хөрөнгөө хандивлах урам зоригийг хөрөнгө оруулагч Уоррен Баффет болон бусад буяны үйлстнээс авсан гэжээ.