Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Чойжилсүрэн: ДЦС III-т гарсан осолд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн

Б.Чойжилсүрэн: ДЦС III-т гарсан осолд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 3
ДЦС III-т өнгөрөгч ням гарагт буюу зургаадугаар сарын 1-ний шөнө гал түймэр гарсан билээ. Уг ослын улмаас нэг иргэн амиа алдсан байна. Амиа алдсан иргэний хувьд эрчим хүчний салбартаа 20 гаруй жил ажилласан, эхнэр, хоёр хүүхэдтэй байжээ. Уг ослын шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний яамнаас ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэгт төлөөллөө ажиллуулж байна. Гэхдээ нэгэнт эрүүгийн хэрэг үүсэж буй учраас эрүүгийн процесс дуусгаад ямар нэгэн шаардлага үүсвэл шаардлагатай учраас “тусгай зөвшөөрлийг ав” гэдэг ийм чиглэл өгсөн. Надад ойрын хугацаанд танилцуулах болов уу гэж бодож байна. Ёс зүйн хувьд харамсалтай үйл явдал болсон. Миний хувьд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Эрх зүйн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн.
2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын тогтоол гараад эрчим хүчний салбарын Төрийн өмчит компаниудын төрийн өмчийн төлөөллийн 66 хувийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд бид нар тус компанид бүрэн эрхээ хэрэгжүүлээч гэдэг шаардлага, хүсэлтийг тавьж ирсэн. Харамсалтай нь ийм үйл явдал болчихлоо. Мэдээж эрүүгийн процесс явагдаад ямар хүмүүс татагдахыг хуулийн байгууллага шийдвэрлэх байх. Үүн дээр урьдчилсан дүгнэлт яримааргүй байна.
ДЦС III-т гарсан гал түймрийн улмаас амиа алдсан эрэгтэй эхнэр, хоёр хүүхэдтэй ийм залуу байсан. 20 орчим жил салбартаа ажилласан ийм хүн байсан.
ДЦС III 1965 онд ашиглалтад орсон 60 жил болж буй ийм станц. Яг манай эрчим хүчний салбар дээр тэр дундаа ДЦС III дээр тавдугаар төвийн ашиглалтын хугацаа ерөнхийдөө дуусаад, өнгөрсөн өвлөөс бид нар ашиглахгүй байгаа. Манай долоодугаар төв бас ерөнхийдөө ашиглалтын хугацаа дуусаж байна.
Түүнээс гадна нам даралтын 12 мГВ-н дөрвөн труба ашиглалтын хугацаа нь бүгдээрээ дуусчихсан ийм байдалтай байгаа.
Төвийн эрчим хүчний салбарт 6 Дулааны цахилгаан станц байгаагаас яг өнөөдрийн байдлаар 226 мГВ-тай тэнцэх хэмжээний трубаны ротрууд ашиглалтын хугацаа нь дуусчихсан, хэзээ ч осол гаргах магадлал бүхий ийм эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Үүнтэй холбоотой асуудлыг ирэх 7 хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралд албан ёсоор танилцуулна. Эрчим хүчний салбарт ийм хүндхэн асуудлууд байна. Нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Аргалаад яваад байна гэдэг аргаа барсны шинж. 

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн