Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв, Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болно. Тодруулбал, зургаадугаар сарын 18-19-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээн, 20-21-нд эрэгтэйчүүдийн Дэлхийн Их Дуулга “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээн, мөн 23-29-нд 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээнд чансаагаараа дэлхийд эхний 5-д эрэмбэтэй Герман, 7-д эрэмбэтэй Канад, Монгол Улсын “Улаанбаатар Амазонс” тэргүүтэй шилдэг 12 баг өрсөлдөнө.
Дэлхийн их дуулга "FIBA 3х3 Ulaanbaatar World Tour" тэмцээнд Сербийн Лиман, Байхраны Риффа, БНХАУ-ын Чонмин тэргүүтэй 12 баг оролцоно. Монгол Улсаас Улаанбаатар “ММС Энержи” болон Завхан “Сайнскор” багууд өрсөлдөх юм. Мэргэжлийн багуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн дараа 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Улаанбаатарт болно.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав: 2017 онд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо олон улсын томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн хувьд 2025 оны зургадугаар сард дэлхийн хэмжээний гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. 3х3 сагсан бөмбөг нь олимпод ордог томоохон төрөл бөгөөд Монгол улсад хурдацтай хөгжиж байгаа. Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпийн төрлийн хамгийн анхны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний ач холбогдлын хувьд дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулж, гадны тамирчид болон албаны хүмүүс гээд 500 гаруй хүмүүсийг эх орондоо хүлээн авна. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэрээг 2022 онд байгуулан үүнээс хойш дэлхийн стандартад нийцүүлэн зохиохоор 200 гаруй хүн ажиллаж байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал: Манай улс 2017 оноос хойш нийтдээ 26 олон улсын тэмцээнийг зохиосны дараа ийнхүү гурав дараалсан тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, тамирчдын амжилтад өгч буй үнэлэлт дүгнэлт гэж харж байна. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд нийт 27 орны 40 баг ирж өрсөлдөнө. Энэ 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаараа 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга, U18 насны дэлхийн аварга, U23 насанд хүрэгчдийн дэлхийн аварга буюу олимпоос бусад бүх олон улсын 3х3 сагсан бөмбөгийн томоохон тэмцээнийг зохион байгуулсан дэлхийн цор ганц улс болох юм. Сагсан бөмбөгөөр 10 хоног амьсгалах баяртай өдрүүд биднийг хүлээж байна. Үзэгч, сагсан бөмбөг сонирхогч та бүхнийг Сүхбаатарын талбай дээрээ цуглан шигшээ багаа дэмжихийг урьж байна.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Д.Дэлгэрнямаас зарим асуултад хариулт авлаа.
-Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн, бэлтгэл ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын 3х3 эрэгтэй шигшээ баг Э.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, Г.Дөлгөөн, Ц.Отгонжаргал гэсэн зургаан хүний өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй. Ахлах дасгалжуулагч Steve Sir, туслах дасгалжуулагч Г.Цэнгүүнбаяр ажиллаж байна. Бэлтгэл сургуулилтын хувьд Япон улсын дасгалжуулагчтай хамтран ажиллаж байна.
-Монголын 3х3 шигшээ багийн сүүлийн амжилтаас хуваалцана уу?
-2024 оны 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Энэ онд дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцсон нь одоо болох дэлхийн аваргын бэлтгэл болсон.
-Багийн зорилго юу вэ, Финалд шалгарах эсвэл медаль авах боломжоо хэрхэн харж байна вэ?
-Бид 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж шилдэг найман багт үлдэж байсан. Энэ амжилтаа ахиулах зорилготой байна.