Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Зургадугаар сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан байна

Зургадугаар сард  цаг агаар олон жилийн дунджаас дулаан байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 3
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг мэдээллээ. Энэ сард Монгол орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин зарим бүс нутгаар хур тунадас ихтэй байна.
Зүүн хойд хэсэг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын зарим сум, мөн баруун өмнөд хэсэгт орших Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудын зарим сумд хур тунадас олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа бол бусад нутгаар хур тунадас дундаж. Харин агаарын температурын хувьд Дорнодын өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундаж, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Түүнчлэн, Хөвсгөлийн зүүн хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудад хур тунадас харьцангуй их байх бөгөөд Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр ч адил нөхцөл байдалтай байна. Говийн бүс нутагт газар хэт хуурай байгаа учраас гэнэт бороо орвол үер буух эрсдэлтэй тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Томоохон гол мөрний хөндийгөөр хүчтэй бороо орвол усны түвшин нэмэгдэж, үер болох магадлалтай боловч нийт нутгийн хэмжээнд үер усны аюул харьцангуй бага байх хандлагатай байна.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд зургадугаар сарын эхний 10 хоногт дулаан болон сэрүүн өдрүүд ээлжилж, хоёрдугаар 10 хоногийн эхэн болон гуравдугаар 10 хоногийн сүүлчийн үед олон жилийн дунджаас сэрүүн байх бол хоёрдугаар 10 хоногийн сүүлээс гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үед харьцангуй дулаарах төлөвтэй байна. Төв аймгийн нутгаар хур тунадас нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн сүүл, гуравдугаар 10 хоногийн эхэн болон сүүл үед орж болзошгүй байна.
Хүчтэй салхи, аянга, мөндөр зэрэг агаарын түргэн өөрчлөгддөг үзэгдлүүдийг нарийвчлан урьдчилан таамаглах боломжгүй тул иргэд, ялангуяа малчид, тариаланчид цаг агаарын ойрын хугацааны дэлгэрэнгүй мэдээллийг тогтмол авч, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Бэлтгэсэн:У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн