Open iToim app
Тэд бидний тухай | 6 мин уншина

Олон улсын хэвлэлүүдийн нүдээр “Огцрох Амархан” жагсаал

Олон улсын хэвлэлүүдийн нүдээр “Огцрох Амархан” жагсаал
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 3
Сүүлийн 21 хоногийн турш Улаанбаатар хотын төв талбайд залуус голлосон эсэргүүцлийн жагсаал тасралтгүй үргэлжилж байгаа билээ. Жагсаал улс төрийн хүрээнд тодорхой хөдөлгөөн үүсгэж, УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоор болоод буй.
Ерөнхий сайд огцорвол Засгийн газрыг огцорсонд тооцдог учир Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар ч мөн адил 10 сар ажиллаад огцорч байна. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдал болон “Огцрох Амархан” жагсаалын талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэж байна.
— CNN мэдээллийн агентлаг
Дизайнерийн цүнхтэй холбоотой эсэргүүцэл Монголыг улс төрийн хямралд хүргэв
Сүүлийн хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд, Засгийн газрын ордны өмнө иргэд бараг өдөр бүр цугларч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс орлогын мэдээллээ ил болгох, албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна.
Ерөнхий сайдын Ажлын албанаас уг санхүүгийн зөрчилтэй холбоотой мэдээллийг “бүрэн үндэслэлгүй” хэмээн мэдэгджээ. “Ерөнхий сайд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ тогтмол гаргадаг” хэмээн CNN-д өгсөн мэдэгдэлд онцолсон байна.
Монгол Улс олон арван жилийн турш гүн суусан авлигатай тэмцсээр ирсэн бөгөөд албан тушаалтнууд, бизнесийн эрхмүүд олон нийтийн хөрөнгөөр хувьдаа ашиг олж байна гэх шүүмжлэл дэгдэх үед олон нийтийн эсэргүүцэл байнга гарч ирдэг. 2022 онд БНХАУ руу экспортлосон нүүрснээс хэдэн тэрбум ам.долларын хэмжээтэй хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэгтэй холбоотойгоор томоохон жагсаал өрнөж байв.
Хэдийгээр шинжээчдийн үзэж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг авлига авсан гэх шууд нотолгоо байхгүй ч түүний хүүгийн тансаг хэрэглээгээ сошиал орчинд түгээсэн нь улстөрчдөд итгэл алдарсан олон нийтийн бухимдлыг улам гүнзгийрүүлжээ.
Иргэдийн бухимдлыг төрүүлж буй бас нэг шалтгаан нь авлигын хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэх явц маш удаашралтай, сунжирдаг бөгөөд үүнээс шалтгаалан шүүх засаглалын хараат бус байдалд эргэлзэх хандлага нэмэгдэж байгаа явдал юм.
2024 оны Freedom House байгууллагын тайланд “шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд авлига, улс төрийн нөлөөлөл байсаар байгаа нь анхаарал татсаар байна” хэмээн дурджээ. “Авлигын индексийг харахад буурсан байгаа. Үүний нэг тайлбар нь Ерөнхий сайд олон авлигын хэргийг ил болгосон ч, бодитой арга хэмжээ авсан зүйл алга. Тиймээс одоо бүхний анхаарал шүүхийн байгууллага руу чиглэж байна” хэмээн улс төр судлаач, шинжээч Болор Лхаажав CNN-д ярилаа.
— БНСУ-ын NBN News 
"Chanel"-ийн цүнхээс үүдсэн уур хилэн…
Тун цэвэр, шударга дүр төрхөөрөө Ерөнхий сайдын албан тушаалд хүрсэн Л.Оюун-Эрдэнэ төрийн албанд авлигыг устгахыг зорьж буйгаа байнга онцолдог байсан ч, энэ удаагийн тансаг хэрэглээтэй холбоотой дуулиан түүний ёс суртахуун, улс төрийн шударга байдалд хүнд цохилт өглөө. Монголын эрх баригчид олон нийтийн шахалтаар Ерөнхий сайдын хүү болон сүйт бүсгүйн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэлжээ.
Улс төрийн хүрээ болон олон нийтийн дунд энэ асуудал зүгээр нэг сошиал сүлжээний маргаан бус, Монголын улс төр, бизнесийн хамаарал, давхаргын ёс суртахууны доройтолд иргэдийн бухимдал дэлбэрсэн явдал боллоо гэж дүгнэж байна.
— AFP агентлаг
Монголын залуус авлигын дуулиантай холбогдуулан Ерөнхий сайдаа огцрохыг шаардлаа
Монгол Улс олон арван жилийн туршид гүнзгий тогтсон авлигатай тэмцэж ирсэн ч, нүүрсний олборлолтын өсөлтөөс олсон ашиг нь цөөн хэдхэн чинээлэг хүмүүст төвлөрч байгаа гэх ойлголт олон нийтийн эсэргүүцэл, тэмцлийг байнга өдөөж иржээ.
2021 оноос хойш эрх барьж буй Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн засаглалын үед Монгол Улс “Транспэрэнси Интернэйшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индексээр эрс ухарсан байна. Харин одоо олон нийтийн уур бухимдлыг улам дэврээгээд буй зүйл бол Ерөнхий сайдын гэр бүл төрийн албан хаагчийн орлогоос хэтэрсэн тансаг хэрэглээтэй байгаа гэх мэдээлэл юм. Уг шүүмжлэл хүүгийнх нь найз бүсгүй цахим сүлжээнд үнэтэй бэлэг авсан зургаа нийтэлснээс үүдэлтэйгээр өрнөжээ.
Ерөнхий сайдын Ажлын албанаас AFP агентлагт өгсөн мэдэгдэлдээ эдгээр шүүмжлэл, зөрчлийн талаарх мэдээллийг “эрс няцааж”, “гүжир гүтгэлэг” хэмээн тодорхойлжээ. Гэсэн хэдий ч сүүлийн найман өдөр дараалан Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд хэдэн зуун иргэн, голчлон залуус цугларч, Ерөнхий сайдын огцрохыг шаардан жагсаал хийсээр байна.
— Associated Press (AP) мэдээллийн агентлаг
Монгол Улсад өрнөж буй Ерөнхий сайдын эсрэг жагсаал засгийн газрын өөрчлөлтөд хүргэж болзошгүй
Монголын 10 сарын настай эвслийн Засгийн газар задарч болзошгүй нөхцөлд орлоо. Ерөнхий сайдын огцрохыг шаардсан жагсаал үргэлжилж буй энэ үед Монголын 10 сарын настай эвслийн Засгийн газар задарч эхэлж байгаа шинж илэрч байна.
Эвсэл байгуулсан гурван намын удирдлагууд пүрэв гарагт уулзаж, эвслийн гэрээгээ дахин хянахаар болсон бөгөөд үүнээс нэг өдрийн өмнө хамгийн том хүчин болох Монгол Ардын Нам хоёр дахь том эвслийн түнш болох Ардчилсан Намыг эвслээс хасахаар шийдвэрлэсэн байна.
Монгол Ардын Намын зүгээс Ардчилсан Намын зарим залуу гишүүд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн огцрохыг дэмжсэн нь эвслийн гэрээг зөрчсөн гэж үзжээ. Ерөнхий сайдын ирээдүй тодорхой бус хэвээр байгаа бөгөөд баасан гарагт болох Улсын Их Хурлын чуулганы өмнө түүнийг огцруулах эсэх асуудал хүлээгдэж байна. Л.Оюун-Эрдэнэ сүүлийн дөрвөн жилийн турш Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ч огцрох шаардлагуудыг давж гарч байсан удаатай.
Энэ удаагийн жагсаал Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсанаас үүдэн эхэлсэн. Жагсаалд оролцож буй залуучуудын хувьд энэ явдал төрийн албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхний авлигын асуудлаас үүдэлтэй олон жилийн бухимдлыг оргил цэгт нь хүргэсэн хэрэг боллоо.
— Японы Асахи сонин
Хүүгийнх нь сүйт бүсгүй Chanel-ийн цүнх барьсан нь “авлигын эсрэг тэмцэгч” Монголын Ерөнхий сайдыг сорьж байна
Ерөнхий сайд авлигатай тэмцэх бодлого баримталж, өөрийгөө цэвэр шударга төрийн төлөөлөгч хэмээн олон нийтэд танилцуулж ирсэн тул энгийн иргэдийн дургүйцэл их байгаа бөгөөд эрх баригчид хүүгийнх нь хөрөнгийн байдалд шалгалт хийхээр болжээ.
Олон залуус гартаа гар цүнх барин жагсаалд оролцож, Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан байна. 16-ны өглөөний байдлаар огцрохыг шаардсан цахим гарын үсэг цуглуулах хөдөлгөөнд 150,000 гаруй хүн нэгдээд байна. Гар цүнх эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон нь Ерөнхий сайдын хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүй “CHANEL” брэндийн өндөр үнэтэй гар цүнх барьсан зургаа сошиал сүлжээнд нийтэлсэнтэй холбоотой юм. 
Түүнчлэн Италийн брэндийн очир эрдэнийн бөгж бэлгэнд авсан байж болзошгүй зураг, тансаг үнэтэй гадаад автомашин унаж буй бичлэг ч нийтлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
— The Guardian сонин
Жагсаалын дундуур Монголын Ерөнхий сайд итгэл хүлээлгэх санал хураалт зарлах төлөвтэй байна
Сүүлийн долоо хоногийн турш Улаанбаатар хотын төв талбайд монгол залуусын жижиг боловч тасралтгүй жагсаал өрнөж байна. Энэхүү жагсаал Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хүү сүйт бүсгүйдээ тансаг бэлэг өгсөн тухай мэдээлэл Инстаграмд тарснаар эхэлжээ. Тэгш бус байдал, ашигт малтмалтай холбоотой авлигын асуудал өмнө нь ч олон удаа иргэдийн эсэргүүцлийн шалтгаан болж байсан ч Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ховор ашигт малтмалын ашиг олдог цөөн хэдэн олигархи бүлэглэлтэй тэмцэж буй шинэчлэгчийн дүр төрхийг хадгалж ирсэн юм.
Гэхдээ Засгийн газрын эх сурвалжуудын хэлж буйгаар, өмнө нь мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч, МАН-ын гишүүн У.Хүрэлсүх дахин зургаан жилийн хугацаатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэж байгаа аж. Тэрээр парламентын эрх мэдлийг бууруулахад бэлэн хүнээр Л.Оюун-Эрдэнийг солих сонирхолтой байж болзошгүй юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн