Open iToim app
Ерөнхийлөгч | 14 мин уншина

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын Монгол Улс дахь айлчалын эргэн тойронд

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын Монгол Улс  дахь айлчалын эргэн тойронд
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 2
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад  төрийн айлчлал хийж байгаа билээ. Жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл гэдгийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.
Төрийн тэргүүн нар нэг жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилж байгаа нь  хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо.
Өнгөрсөн онд Ашхабад хотноо харилцан тохиролцсон зүйлс эхнээсээ бодит ажил хэрэг болж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй хамтрахаар тохирч, Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэлээ.
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих механизм бий болгох зорилгоор “Хамтын ажиллагааны Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсныг онцоллоо.
Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгох хүрээнд Автотээврийн хамтарсан хороо, мөн Хөдөө аж ахуй болон мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо байгуулсан нь хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
undefined
Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.
Талууд олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, байгаль орчин, ой мод, усны нөөцийг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.
Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орсонд манай улс талархал илэрхийллээ.
Цаашид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтрахаар боллоо.

 Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

undefined
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа
1. “МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ” 
Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг  онцоллоо.  
2. “ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов Хамтарсан комисс байгуулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, технологи, дээд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарын асуудлаар хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтуудыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.
3. “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ.
4. “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 2026-2028 ОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов 2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Худалдааг өргөжүүлэх зорилгоор харилцан солилцох боломжтой бараа, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг харилцан дэмжих, жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт, барилга, мал эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллана. Бизнес форум тогтмол зохиож, хоёр улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ шат дараатай таниулна.
5. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.
6. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн сайд Нурмухаммет Оразгелдиев Хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Туркменистан Улсад Швейцар, Герман, Итали, Бельги, Япон зэрэг орны өндөр технологи бүхий 80 гаруй төрөл бүрийн томоохон оёдлын цогцолбор үйл  ажиллагаа явуулж байна. 
7. “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах болон судалгаа хийх тэтгэлгийг харилцан олгох, боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл солилцох, зөвшилцөх замаар хамтын ажиллагааны таатай нөхцөл бий болгоно.  
8. “УЛААНБААТАР БОЛОН АШХАБАД ХОТ ХООРОНД АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН АШХАБАД ХОТЫН ЗАХИРГАА ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар, Туркменистан Улсын Шадар сайд Баймырат Аннамаммедов Нийслэл хотууд харилцан итгэлцэл, бие биеийн сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан инновац, худалдаа, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, хотуудын албаны төлөөлөгчид болон аж ахуйн нэгжийн солилцоог дэмжинэ.
9. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
 Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Бүдээбазарын Авид, Туркменистан Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Аллаберды Аширов Шинжлэх ухаан, шинэ технологи, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум, семинар, уулзалт зохион байгуулах замаар хамтран ажиллах боломж бүрдлээ.
10. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
 “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун, Туркменистан Улсын Соёлын сайд Атагелди Шамырадов Үндэсний музейд хадгалагдаж буй эрдэнэсийг сэргээн засварлах, музейн мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулах, хоёр улсын соёл, түүх, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зэргээр хамтран ажиллана.
11. “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ТЕЛЕВИЗ, РАДИО НЭВТРҮҮЛЭГ, КИНО УРЛАГИЙН УЛСЫН ХОРОО ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
 Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх захирал Ганхуягийн Гэрэл, Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн улсын хорооны дарга Мейлис Реджепов Харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарна.  
12. “БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЫРАТ ГАРРЫЕВЫН НЭРЭМЖИТ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,
13. “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев, 
Их, дээд сургуулиуд судалгаа, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтын ажиллагаа өрнүүлнэ. Хамтарсан бага хурал, семинар, эрдэм шинжилгээний уулзалт, дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын тулгамдсан асуудлаар хамтарсан судалгаа хийх, багш, судлаач солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
14. “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН “МОНЦАМЭ” АГЕНТЛАГ БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ “ТДХ” ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн дарга Эрдэнэцогтын Содонтогос, Туркменистан Улсын Мэдээллийн агентлагийн захирал Мердан Газакбаев нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, түүх, соёл, урлаг зэрэг  салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, нийтлэл мэдээллийг өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ. Мөн сэтгүүлч, мэргэжилтнүүдээ солилцох, туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа

undefined
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна. 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Туркменистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Сердар Бердымухамедов та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 10 дугаар сард Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа, Төв Азийн цагаан дагина болсон танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч таны урилгаар төрийн анхны айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.
Энэ айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын хэлэлцээр” болон тээвэр, логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон бусад баримт бичигт гарын үсэг зурсан.
Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны  төрийн айлчлалаар харилцааг худалдаа, эдийн засаг, гааль, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, соёл, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа. 
Тухайлбал, “Хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээр”, “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт 2026-2028 онд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын дунд хугацааны хөтөлбөр”-ийг тус тус байгуулсныг онцлон тэмдэглэе. 
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө, Монгол, Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье. Та бид 2024 онд Ашхабад хотноо манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны механизм бий болгохоор тохирсны дагуу “Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсан. Түүнчлэн “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулсан нь эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.
Тэгвэл энэхүү төрийн айлчлалын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс суурь боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын ноос, ноолуурыг Туркменистаны хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Энэ нь манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес форум” болон туркменистаны хивс, гар урлалын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэх, улс орноо харилцан сурталчлан таниулах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж, Туркменистаны авьяаслаг уран бүтээлчид өөрийн орны соёл, урлагаар монгол анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэлд хоногших сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та бид боловсролын салбарын хамтын ажиллагааг Монгол, Туркменистаны харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэхээр тохирсны дагуу боловсрол, шинжлэх ухааны салбарын цаашдын нягт хамтын ажиллагааны үндэс суурь болох баримт бичгүүд байгууллаа. Оюутан залуусыг хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулснаар харилцаа, хамтын ажиллагааны гүүр болох боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдсэний дагуу Улаанбаатар, Ашхабад хот ах дүү хотын харилцаа тогтоосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо. Энэ дашрамд хэлэхэд НҮБ-аас Туркменистан Улсын байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрсний 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт ойн баярын мэндийг эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон танаар уламжлан Туркменийн найрсаг ард түмэнд хүргэе.
Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орж, бүрэн эрхт гишүүн болсонд талархал илэрхийлье. Энэ байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, эдгээр улс орнуудын байр суурийг нэгтгэх, харилцан туршлага солилцох хамтын үйлсэд Туркменистан Улс идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЕРДАР БЕРДЫМУХАМЕДОВ:
 Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Туркменистан Улс, Монгол Улсын дээд түвшний албан ёсны хэлэлцээ дөнгөж сая өндөрлөлөө. Энэхүү хэлэлцээ нь найрсаг, ажил хэрэгч, итгэмжилсэн уур амьсгалд боллоо. Бид хоёр талын хамтын ажиллагааны голлох чиглэлүүдийн талаар хэлэлцэж, олон улсын нөхцөл байдлын цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бид хэлэлцээний хүрээнд бүхий л асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг тэмдэглэж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэж, эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан Туркмен-Монголын яриа хэлэлцээг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. Манай хоёр улс бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд цаашид нягт хамтран ажиллах болно. Туркменистан Улс, Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжиж, байгаль орчин, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, зам тээврийн салбарт хамтран ажиллах болно.
 Монгол Улс нь олон улсын аюулгүй байдлыг хангах хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэмжилсэн яриа хэлэлцээ, олон улсын санаачилгын хүрээнд Туркменистан Улсын байнга төвийг сахих бодлогыг дэмжиж буйд миний бие Эрхэм хүндэт Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Дэлхийн тавцан дахь Монгол Улсын бүтээлч үүрэг оролцоог Туркменистан Улс өндрөөр үнэлдэг. Бидний хамтын ажиллагаа олон улсын нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрмийг бэхжүүлэхэд бодит, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн терроризм, хэт даврах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаа болон хууль бус бусад үйл ажиллагаа зэрэг дэлхий дахины өмнө тулгарч буй сорилт, олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй аюул заналхийлэлтэй тэмцэхэд цаашид хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллахаар тохирлоо. Яриа, хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өглөө. Талууд зам тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Азиас Европ руу чиглэсэн тив дамнасан тээврийн коридорыг бий болгоход хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллах нөөц боломжийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд Туркменистаны “Их торгоны замыг сэргээх” санаачилгын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах нөөц боломжтойг мөн харилцан тэмдэглэлээ. Хоёр талын худалдааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжит салбар, чиглэлд бид мөн чухал ач холбогдол өглөө. Худалдааг тэлэх, жижиг, дунд бизнесийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тогтож, энэ хүрээнд туркменистаны талаас дэвшүүлсэн санал санаачилгыг монголын тал талархан хүлээн авлаа. Манай хоёр улсын харилцааны нэгэн  чухал тулгуур болох парламент хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Соёл, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухаан, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо. Туркменистаны тал хэлэлцээний үр дүнд сэтгэл нэн хангалуун байна. Хэлэлцээний дүнгээр талууд хоёр талын хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай болж, манай хоёр улсын найрсаг харилцаа, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлд түүхэн ач холбогдолтой боллоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч болон монголын талын хүндэт төлөөлөгчдөд нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээ хийж, хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье. Туркменистан Улс, Монгол Улс нь найрамдалт, эрх тэгш, харилцан ашигтай харилцааг урт хугацаанд, итгэл төгс, тууштай хөгжүүлэх чин сэтгэлийн эрмэлзлээ харилцан нотоллоо.
Энэ ялдамд, найрсаг Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 Анхаарал тавьсанд баярлалаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн