УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, гишүүдийн асуултад хариулав.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр “Хамтарсан Засгийн газар цаашдаа байгуулагдана. 126 гишүүнтэй парламентын тогтолцоог сонгож авсан нь өөрөө суурь асуудал. Тиймээс өнөөдөр бид бас нэг сургамж дүгнэлтийг хамтдаа хийж байна. Хамтарсан Засгийн газар улс орны хөгжлийг урагшлуулах хамгийн чухал шийдэл гэж би үздэг. Энэ үзэл бодолдоо үнэнч үлдэхийг хүссэн. Сонгодог парламентын засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэхийг тойрч ярилаа. 1991 оны арваннэгдүнгээр сарын 30-нд Ардын их хурлын дептатудын 186 нь парламент, 186 нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж санал тэнцэж байсан. Энэ үед Ерөнхийлөгч П.Очирбат байр сууриа илэрхийлж парламентын засаглалаа авч үлдэж байсан түүхтэй. Өнөөдрийн итгэл үзүүлэх асуудал энэ агуулга дээр сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна гэсэн нь хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалыг цэгцэлж байж олон зүйл ойлгомжтой болно. Үүнийг Ерөнхий сайд бүхэн мэддэг. Харин нээлттэй ярьж чаддаггүй сэдэв. Ерөнхийлөгч ч байр сууриа илэрхийлж байгаа нь парламентын хэлэлцүүлгийн түүхэн порткал болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигатай холбоотой асуудал дээр манлайлж ажиллана. Миний хувьд олон нийтэд эргэлзээ төрүүлсэн асуудалд нэр холбогдсондоо гишүүдээсээ уучлал хүсье. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаад нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Ерөнхий сайд үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргасан. Горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.3 хувь нь дэмжсэн. Ингэснээр "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийн санал хураалтыг нууцаар, цаасаар явуулахаар болов. Ингээд тооллогын комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Тооллогын комисст УИХ-ын гишүүн М.Сарнай, М.Нарантуяа-Нара, О.Батнайрамдал, Э.Болормаа, А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Энхнасан нар орсон бөгөөд тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг сонгосон.
Харин УИХ дахь АН-ын бүлэг "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийн санал хураалтад оролцохгүй байх нэгдсэн байр суурьд хүрсэн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн санал хураалтад оролцоогүй, чуулганы хуралдааныг орхин гарсан.
Ингээд "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийн санал хураалтыг нууцаар цаасаар явуулахад хуралдаанд оролцсон 82 гишүүний 44 нь буюу 53.6 хувь нь тогтоолын төслийг дэмжжээ. Харин 38 гишүүн зөвшөөрөхгүй гэсэн санал өгчээ. УИХ-ын дэгийн тухай хуульд нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх байсан. Тиймээс 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо. Ерөнхий сайд огцорвол Засгийн газрыг огцорсонд тооцно. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 10 сар ажиллаад огцорлоо.
Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилж, тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.