Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: Хэрэв өөрийнхөө орлогод эргэлзэж байсан бол олон галтай сэдэв рүү орохгүй байсан

Л.Оюун-Эрдэнэ: Хэрэв өөрийнхөө орлогод эргэлзэж байсан бол  олон галтай  сэдэв рүү орохгүй байсан
Нийтэлсэн 4 минутын өмнө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.02/ хуралдаан эхэллээ. Тус хуралдаанд нийт 20 гишүүн оролцож байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад “Итгэл үзүүлэх эсэх” тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 18 нь дэмжлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуралдаанд биечлэн оролцож байгаа бөгөөд гишүүд асуулт асууж хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: “Итгэл үзүүлэх эсэх” албан бичигт “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх дэмжлэг шаардлагатай байна” гэсэн байна. Яагаад ингэж бичих болов, ямар улс төрийн нөхцөл байдал үүсэв. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд танаас нээлттэй ярилцлага авах хүсэлтэй байгааг уламжилъя.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: УИХ-аас “Итгэл хүлээлгэх эсэх” тогтоолын төсөлд ямар ч үр дүн гарахаас үл хамааран үйл явдлын дараа хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хэвлэлийн бага хурал хийх боломжтой. 
Монгол Улс парламентын засаглалтай. Бид төлөөллөө том болгож парламент бие даан шийдвэр гаргах эрхийг баталгаажуулсан. Парламентын гишүүд бүгд Монгол Улсын ард түмнийг төлөөлж байгаа. Нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж Итгэл хүлээлгэх эсэх асуудлыг оруулж ирж байна. Парламент өөрөө Засгийн газраа бүрдүүлж, огцруулдаг байх нь Үндсэн хуулийн зарчим. Үүнд хэн ч ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх учиртай. Энэ бол парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. 
undefined
-УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн, парламент ч энэ цаг мөчөөс хэрэгжүүлж эхэлж байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар ямар нэгэн хайрцагласан шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаад Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг яриагүй, шийдвэр ч  гараагүй. Энэ бол эрх зүйт төрийн зарчмаараа парламентын эрх, үүрэг. Надад асуулт байхгүй. 
-УИХ-ын гишүүн О.Номинчимэг:  Ерөнхий сайдын хүүгийн асуудал өнөөдөр гурав орчим долоо хоногийн өмнө дэгдээд “Орлогоо нотол” хөдөлгөөн өрнөсөн. Төд удалгүй энэ нь “Огцрох амархан” хөдөлгөөн болсон.  Энэ нь нээх удалгүй МАН-ын Бага хурлын Хамтарсан засагтай байх уу, үгүй юү гэдэг шийдвэрт хүргэсэн. Харин өнөөдөр УИХ дээр Ерөнхий сайдад бодлогын асуудлаар Итгэл хүлээлгэх эсэх асуудал болоод орж байна. Ард түмэн эрүүлээр тунгаан бодох орон зай, хугацаа өгөөч гэж хүсэж байна. Ялангуяа Ерөнхий сайдаас улстөрчийн манлайлал үзүүлэхийг хүсээд байгаа. Тэгэхээр орлогоо нотлох асуудал яаж явж байгаад ийм асуудал болж хувирав. Орлогоо нотлох асуудал ямар шатанд байна. Үүнийг Ерөнхий сайд ил тодоор ард түмэндээ тайлбарлаасай гэж хүсэж байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Та бүхэн тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт Ганцмод боомтын төмөр замын хил холболтын нээлт болсныг ажигласан байх. Яг тэр үетэй давхцаж ийм мэдээлэл цацагдсан. Нээлтийн үйл ажиллагаанаас ирээд тайлбар өгөөд тэр өдрөө л АТГ бүх материалаа бүрдүүлж өгсөн. Бид бүгд хөрөнгө оруулгын мэдээллээ өгдөг. Хөрөнгө оруулгын мэдүүлэгт үндэслэн орлогоо нотлох ёстой. Ингээд хүүтэйгээ уулзаж юу болсныг асуусан. Манай хүү мөн очиж тайлбар өгсөн. Миний хүү 23 настай. Уулзаад ярихад нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон үнэн байна. Хайртай бүсгүй нь бие давхар болоод бөгж бэлэглэсэн юм билээ. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй. Бас бугуйвч бэлэглэсэн, тэр нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Авсан дэлгүүр гээд бүх материалыг нь АТГ-т өгсөн байгаа. Том үнэтэй машиныг судлаад үзэхэд монголд 10 хүрэхгүй байдаг юм билээ. Тэр бол бүгд худлаа мэдээлэл. Хөрөнгө оруулгын мэдээлэл opendata дээр нээлттэй байгаа. АТГ-аас мэдээлэл нягтлаад 30-60 хоногийн дотор хариу өгдөг юм байна. 23 настай залуу гэдэг бол бие даасан эрх зүйн чадамжтай иргэн. Би 23 настай байхдаа Дэлхийн зөн олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн хэнд хайр сэтгэлтэй болох яаж амьдралаа босгоход хөндлөнгөөс би оролцох нь зохимжгүй. Аль болох хэл ам битгий татлаарай гэдгийг хоёр хүүдээ дандаа хэлдэг. Манай хүү зураг авах сонирхолтой байсан. Сонирхлынхоо дагуу контент хийх дуртай хүүхэд. Цаашдаа ч энэ ажлаа хийгээд өөрийнхөө амьдарна. Хэрэв хөрөнгө оруулгын мэдүүлэг болон өөрийнхөө орлогод эргэлзэж байсан бол ийм олон галтай янз бүрийн сэдэв рүү орохгүй байсан байх. Орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болдог байх Сингапурын зарчим зөв. Үүнийг бид ярьсаар л ирсэн. Миний хувьд бол орлогоо нотлоход ямар ч асуудалгүй. 

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн