УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: МАН-ын Бага хурал хэр үндэслэлтэй болсон бэ. Хамтарсан Засгийн газар буруу, муухай байсан гэж ярьж байна. “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ байгуулсан. МАН, АН-ын мөрийн хөтөлбөр 86 хувиар нийцэж байсан учраас АН-ын төлөөллийн төв байгууллага хамтрах нь зүйтэй гэж үзсэн.
АН-аас засагт хамтарсан Л.Гантөмөр, Ц.Туваан, О.Алтангэрэл, Ц.Баатархүү, Ж.Батсуурь гал атгаж ажилласан. АН засагт хамтраад сөрөг үр дагавар бий болголоо гэж байгааг та юу гэж үзэж байгаа вэ. Орлогоо нотлохоос өөр ямар тодорхой үндэслэлүүд байсан бэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ажиллахад давуу болон сул тал гардаг юм билээ. Бүх сайд нэг баг болж ажилласан. Том төслүүд 10 сарын дотор хөдөлгөж чадсан. Сул тал нь сайд болоогүй далд гомдол зангирдаг юм байна. Энэ нь том асуудал болж байна. Томилгоо зэрэг нь улс төрийн сөрөг үр дагавар дагуулж байна. Ардчилсан намд хэт хөтлөгдөж байна гэх мэт энэ бүхэн суурь шалтгааны нэг. Сүүлд ганцаардаж, тайлбарлаад тайлбарлаад ойлгохгүй болсон.
Гэхдээ энэ асуудлыг авч үзэхэд 23 настай, тусдаа амьдарч байгаа хүү нь хэн нэгэнд хайр сэтгэлтэй болж, бөгж авч өгсний төлөө Засгийн газрыг огцруулахад цаана нь олон геополитикийн тогтворгүй байдал үүснэ. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй. Ардчилсан намын бүх сайдуудад талархаж байгаа шүү.
Шадар сайд Т.Доржханд: Хамтарсан Засгийн газарт ороод 10 сарын дараа чуулганы микрофоноос асуух гэж байна. Хамтарсан засагт ороход асуудал нь өөр юм билээ. Гүтгүүлдэг, харлуулдаг. Харин өнөөдөр эрх чөлөөгөө эдэлж байна. Шулуухан асууна. "Ерөнхий сайдыг өргөдлөө өгч болохгүй, УИХ-д асуудал оруул, итгэх үү үгүй юү гэдгийг нь асуу гэж шахсан хүн нь би байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламентын засаглалаа хамгаалж үлдэх агуулгаар 126 гишүүнтэй холимог тогтолцоотой болох ёстой гэж үзсэн. Санал гээгддэг учраас мажоритар тогтолцоо дэлхий дээр хумигдаж байгаа юм билээ. 126 парламент бүрдээд дараа дараагийн Засгийн газарт ямар асуудал байх вэ гэдэг дээр бид хариуцлагатай хандах ёстой. 126 гишүүнтэй болоод дордлоо, төрийн ажил гацлаа гэдэг агуулга явбал Т.Доржханд даргын яриад байгаа зүйл рүү явахад ойрхон. Тиймээс бид долоо хэмжиж нэг огтлох ёстой. Ардчиллын том дархлаа бол парламентын засаглал. Бид хоёр том гүрний дунд байгаа. Тиймээс засаглалын тогтворгүй байдал, хэт улстөржилт парламентын засаглалд ноцтой хор хөнөөл авчирч магадгүй. 126 гишүүнтэй парламенттай болсондоо талархах ёстой. Одоо бид хамгаалах ёстой.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Засгийн газар огцрох асуудал хүүхдийн цүнхний асуудал мөн үү. Цаанаа өөр зүйл байна уу. Засгийн газар өнгөрсөн хугацаанд ард иргэд эдийн засагтаа оролцож хэрэггүй дарга нар хөгжүүлнэ, Засгийн газар хөгжүүлнэ та нар зүгээр сууж бай” гээд л явсан. Үүний үр дүнд ядуурал буураагүй, юмны үнэ өссөн, иргэдийн бодит орлого, амьдрал доройтсон. Энэ бүхэн нэг жилийн хугацаанд илэрч гарч ирж байна. Иргэн, бизнесүүд нь оролцдоггүй эдийн засгийн тогтолцоог зөв гэж зурсан.
АН-ын найман сайд ажилласан. Хүнд нөхцөлд ажилласан гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр тултал явна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал парламентын засаглалтай шууд холбоотой. Би Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ. Хамтарсан Засгийн газрын 10 сар хамгийн сайн ажилласан хугацаа байх. Улстөржөөд, эдийн засаг нь унаад. Маш том явцуу эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн асуудал үүссэн. Бүх зүйл хугацаатай. Бид хойч үедээ юу хүлээлгэж өгөх юм бэ. Цаашдаа улстөржсөөр байгаад дуусгах уу.
АН сайн ажилласан. Ер нь МАН гэрээгээ зөрчсөн шүү. Бид түрүүлж шийдвэр гаргасан. Бидэнд эв нэгдэл, бүтээн байгуулалт хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид ашиг сонирхолд хөтлөгдөж олон Засгийн газрыг унагааж олон ажлыг хойш нь тавьсан.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Нийгэмд Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэсэн далд санаархал нь Засгийн газрыг огцруулах шалтгаан болсон гэсэн яриа гараад байна. Энэ бодитой аюул уу. Таны хувьд хамгийн амаргүй байсан бодитой аюул чинь юу вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ухаа худагтай асуудлыг УИХ руу тогтоол болгоод өргөн барьсан. Энэ асуудал том доргилт өгсөн. Яалтчгүй улсын хэмжээний бяртай юм. Өмнө нь Эрдэнэтийн 49 хувь дээр Эрдэнэбилэг гэдэг хүнтэй тулж байсан. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй.
Гашуунсухайт Ганцмодны боомттой холбоотой асуудал дээр хоёр улсын Засгийн газар нэг компанийг оруулахгүйгээр тохиролцсон. Энэ том доргилт болсон. Том юм, хүчтэй юм. Үүн дээр нөлөө бүхий улстөрчид нийлээд блоколчихлоор Төрийн ордонд хүч алдаж байна. Олон нийтийн анхаарал сул, зуны дэлгэр цагт энэ үйл явдал болж байна. Олон жил бугшсан асуудлаа бидний хувьд бүтэн шийдвэрлэж чадахгүй байдал руу улс төрийн зураг орж байна. Харамсалтай байна. Энэ нь өөрөө улс төрийн дарангуйллыг бий болгодог. Гишүүд мэдсэн ч хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй байх. Асуудлыг мэдэж байгаа хэрнээ ард нь тохироо хийх. Ийм л асуудлаас урьдчилсан сэргийлэх гэж парламентыг өргөтгөсөн. Мэдээж энэ нь зөв, бурууг цаг хугацаа харуулна. Буцаад олигарх бүтэц, нэг хоёр хүний тохиураар шийдвэр гаргадаг Монголын төр үүсвэл эд хөрөнгө эрх мэдэл хэт цөөнхөд төвлөрөөд нийгмийн том донсолгоо болж хувирна. Энэ чинь парламентын засаглалыг хүчгүйдүүлнэ. Парламент асуудлаа шийдх хэмжээний бядгүй болно. Гүйцэтгэх засаглал нь хүчгүй болно. Тиймээс эрхэм гишүүд та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, гал авч байгаа ганц хоёр хүнээ зэмлэхэд зэмлэж, дэмжихэд нь дэмжиж ажиллах нь цаашдын Монголын ирээдүйд чухал шүү.
УИХ-ын гишүүн М.Ганхөлөг: Гудамжинд явж байсан хүүхдээс сэтгүүлч ордон дотор хүмүүс юу хийдэг вэ гэж асуухад “Баахан дарга нар хоорондоо хэрэлдээд идэж уугаад суудаг байх” гэж бага ангийн хүүхэд хариулж байсан. Энэ бол өнгөрсөн 30 жил ард түмэнд үзүүлсэн бидний легитим юм. Буцаад л энэ байдал руугаа явах нь уу дээ гэж харамсаж байна. Бид маш их вакумжсан байна. Залуусын жагсаалын мөн чанарыг ойлгохгүй байна. Хэн нэгэн хүнийг огцруулах, аль нэгэн цүнх савтай холбоотой асуудал гэхээс илүүтэй 30 жил бидний үеийн залуусын нийгмээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, өдөр тутам тохиолдож байгаа энэ нийгмийн шударга бус байдлыг өөрсдийнхөөрөө илэрхийлж байгаа байдлыг буруу ойлгоод байна. Илэрхийлж байгаа арга барил, зохион байгуулж байгаа байдал нь өөр байж болно. Үүнийг нь янз бүрийн явцуу байдлаар ашиглаад байгааг үгүйсгэхгүй. Энэ нь эцэстээ нийгмийн хуваагдал руу явчихвий дээ. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлын цаад мөн чанар нь сонгодог парламентын тогтолцоонд аюул учраад байгаа юм уу. Үүний цаана ямар бүлэглэл, ямар хүмүүс байгаа юм бэ, тодорхой яримаар байна?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Залуусын жагсаалыг эергээр ойлгож байгаа. Залуус орлогын тэгш бус байдал үүсчихээд байна. Төр засаг биднийг сонсохгүй байгаад байна. Татварын дарамт их байна, тиймээс дуу хоолойгоор хүргэж байна. Шинэ үеийнхний хүсэл тэмүүлэл өөр болсон байна. Тэрийг төр анхаар байна уу гэдгийг хөндөж байна. Нөгөө төлд тэгш бус байдал, ил тод байдлыг шаардаж байна. Бүгдтэй нь санал нэг байгаа.
Нэг харамсалтай зүйл нь залуусын ойлгогдохгүй хэлээр яриад байгаа. Нэг л том төслүүд ярьсан ч ард иргэдийн амьдралд ямар нөлөөтэйг сайн хүргээгүй.
Монгол Улс Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай орон. Ард түмнээс сонгодог Ерөнхийлөгчтэй, мөрийн хөтөлбөртэй. Парламент Засгийн газар томилдог, бас мөрийн хөтөлбөртэй. Хоорондоо ажил үүрэг нь давхцах, буруу зөрүү ойлголт үүсдэг. Үүнийг бид парламентын засаглалтай бол нэг талд нь гаргах ёстой. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаас сонгодог болох нь зөв гэдгийг би байнга илэрхийлж ирсэн. Хэрвээ цаашдаа парламентын засаглалтай байя гэвэл 2027 оноос энэ асуудлыг парламент ярих хэрэгтэй. Өөх ч биш, булчирхай ч биш байснаас энэ асуудлыг ярих ёстой. Ерөнхийлөгчийн засаглалыг огт буруу гээгүй, байдаг л засаглал. Бүх Ерөнхий сайд, парламентын гишүүд ярихгүй замын голоор яваад байгаа. Бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тулгарч байгаа. Үүнийг парламент олон талаас нь шүүж, аль нэг талдаа гаргах нь ирээдүйд чухал юм. 1991 онд санал хураахад Ерөнхийлөгчийн засаглалтай гэдэг дээр 48 хувь, парламентын гэдэг дээр 48 хувь гэдэг дээр санал тэнцсэн. Зарим нэг чиг үүргийг нь давхцуулаад хийчихсэн. Үүнийг ил тод яриад шийдэх нь зүйтэй. Миний хувьд хоёр том хөрштэй орны хувьд парламентын засаглалтай байх нь зөв гэж боддог. Тогтворгүй байдал үүсвэл парламентын засаглал хүнд байдалд орно. Үүнийг нуух шалтгаан алга. Болзошгүй үр дагаврыг сануулж хэлэх нь Ерөнхий сайдын үүрэг.
УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.