Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Э.Санчир: Ашигтай бактериа дэмжсэнээр сэтгэл зүйн байдал сайжирч, сэтгэл гутралд өртөх нь багасдаг

Э.Санчир: Ашигтай бактериа дэмжсэнээр сэтгэл зүйн байдал сайжирч, сэтгэл гутралд өртөх нь багасдаг
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 3
Эрүүл зөв хооллолт гэж юуг хэлэх болон зөв хооллосноор хүний эрүүл мэнд болоод сэтгэл зүйд ямар ашиг тустай талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээний мэргэшсэн хоол зүйч Э.Санчиртай ярилцлаа. 
-Хоолзүйчээс зөвлөгөө авах нь манай улсын хувьд нэмэгдсэн бол уу? Хэр их хүн зөвлөгөө авахаар ирдэг вэ?
-Эрүүл зөв хооллолтын талаар манай улс одоо л мэдээлэлтэй болж эхэлж байна. Хоол шим тэжээл нь амьдралын хэв маяг, эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Жил ирэх тусам л зөв хооллолт нь анхаарах ёстой асуудал болж байна. Магадгүй Монгол Улсын хувьд нэг том орхигдож буй салбар ч байж мэднэ. 
-Таны бодлоор манай улсын эрүүл зөв хооллолтын байдал ямар түвшинд байна вэ?
-Нийтлэгээр нь харах юм бол эрүүл зөв хооллолт гэдэг нь аливаа зүйлийг тэнцвэртэй хэрэглэх ёстой гэх ойлголт юм. Мах идэхэд ч таны нэг өдөрт идэх махны хэмжээ хэдэн грамм байх нь чухал юм. Ямар нэр төрлийн мах байх вэ. Ганц үхрийн мах л байх уу гэдэг нь ч мөн чухал. Өөх тос хэрэглэлээ гэхэд ямар өөх тос хэрэглэх үү. Энэ мэт тэнцвэртэй байдал дээр л эрүүл зөв хооллолт тогтож байдаг. Таны идэж байгаа сахрын хэмжээг нийтлэг удирдамжаар авч үзэхэд 25 граммаас бага сахар хэрэглэж байна уу. Энэ дотор хэрэглэж байвал харьцангуй эрүүл байна гэсэн үг. Монголчуудын нийтлэг хэрэглээг авч үзвэл үр тариан төрлөөс гурил, мах махан бүтээгдэхүүнээс улаан махны хэрэглээ буюу үхэр, амьтны гаралтай өөх тос түлхүү хэрэглэж, жимс хүнсний ногооны хэрэглээ бага байх, чихэрлэг бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь өндөр байгааг харвал манай улсын хувьд хооллолтын байдал тааруу гэж хэлж болно.
Зөв хооллолтын тухай мэдлэг, мэдээллийг бага ангийн болон цэцэрлэгийн боловсролоос эхлээд сурж мэдчихээд нас биед хүрэх хэрэгтэй юм. Энэхүү боловсролын түвшин муу байгаа тохиолдолд хоолоо сонгох байдал нь ч буруу тал руугаа явах болно. Хоол шим тэжээлийн боловсролоос шалтгаалан хоол хүнсийг тэнцвэртэй хэрэглэх гэдэг зүйлийг сурч боловсроогүй өсөж байна. Монголчуудын хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний судалгааг харахад нийтлэг түвшиндээ муу байгаа юм. Үүнийг илтгэж байгаа зүйлс бол дагалдаад үүсэж буй өвчлөлүүд, бүлэг хүмүүс дээр авч үзэхэд хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн шим тэжээлийн дутагдал ч гэдэг юм уу эдгээр зүйлүүдээр хоол, шим тэжээлийн байдлыг үнэлдэг. Үүнд хүүхдүүдийн дунд таргалалт өндөр байгаа нь хоол, шим тэжээлийн байдал муу байна гэдгийг илтгэж байна. Мэдээж сайн бүлэг хүмүүс байгаа ч нийтлэг түвшингээр нь харвал муу байна гэсэн үг. 
-Манай улсад зөв хооллолтын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Нийтлэг ойлголтоор шарсан хуурсан хоол хүнс хэрэглэлгүй, сахрын хэрэглээ нь бага байхыг л зөв хооллолт гэж ойлгодог. Энэ нь зөв үү?
-Нэг зүйлийг л сайн хүнс гээд өдөр тутамдаа байнгын хэрэглээд байвал энэ нь сайн гэсэн үг биш. Харин аль болох олон нэр төрлийн хүнсийг тогтмол хэрэглэх нь хамгийн гол эрүүл хооллолт юм. Монголчууд бид нар байнгын мах, гурил, өөх тосыг нийлүүлж цуйван, бууз, хуушуур гэсэн хоол хийж иддэг. Бидний хэрэглэж буй хүнсний нэр төрөл маш цөөхөн байна. Хүнсний нэр төрөл цөөн байна гэдэг нь эрүүл хооллолт алдагдаж байгаа гол зүйл бөгөөд өвчлөлийн шалтгаан ч гэж хэлж болно. Хүнсийг олон нэр төрлөөр нь хэрэглэнэ гэдэг чухал. Нэг зүйлд нь байгаа шим тэжээл нөгөөд нь байдаггүй. Тиймээс олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байж өөрт хэрэгтэй шим тэжээлээ бүрэн авч чадна гэсэн үг. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн байлаа гэхэд олон өнгийн хүнсний ногоо хэрэглэх, жимс хэрэглэлээ гэхэд олон өнгийн жимс идэх, уураглаг хүнс хэрэглэлээ гэхэд ганц мах бус өндөг, цагаан идээ, шош, буурцаг, дүпү зэргээс уураг авах шаардлагатай юм. Энэ байдал руу л аль болох шилжих нь чухал байна.                                                                                                    
-Хүмүүсийн амьдралын хэв маягт өглөөний цайгаа заавал уугаад гарах гэдэг дадал тийм ч их байдаггүй. Тэгвэл өглөөний цайгаа уухгүй байвал хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Өглөөний цай гэдэг үгний утга бол мацаг тайлах гэсэн утгатай үг юм. Шөнийн турш өлсгөлөн байсан биеийн мацгийг тайлж хамгийн эхний хоол хүнсийг идэж байгааг өглөөний цай гэнэ. Өглөөний цайтай холбоотой маш олон судалгаа бий. Жишээ нь Америкт болон бусад улс орнуудын сургуульд өглөөний цай хөтөлбөр хэрэгждэг. Өглөөний цай ууснаар тухайн хүүхдүүдийн сурлагын түвшин ахиж, анхаарал төвлөрөл сайжирч, шим тэжээлийн дутагдал ч багасдаг байна. 
Өвчлөлтэй холбож тайлбарлавал ходоодны өвчлөл, элэг цөсний өвчлөл үүсдэг. Хамгийн том тулгамдсан асуудал болох цөсний чулуу, ходоодны шархлаа зэрэг өвчлөлүүд хүний биед үүсч байна. Энэ бүгдээс сэргийлэх хамгийн гол арга нь өглөөний цайгаа тогтмол уух гэж хэлж болно. Өглөөний цай уудаггүй хүмүүс таргалалтад өртөх магадлал хоёр дахин их байдаг. Өглөөний цай уух ач холбогдлын талаар маш олон судалгаа бий.
Нийгэмд тулгамддаг олон төрлийн өвчний, талаас илүү хувийг өглөөний цай ууснаар шийдэх боломжтой.
Хүмүүс өглөөний цайгаа заавал уух ёстой. Заавал уух ёстой гэдэг нь та өглөө босоод юу ч идэж болно. Ямар нэгэн зүйл идэж байгаа нь хамгийн эхний гол зүйл. Хоол идэх хамгийн идэвхтэй цаг дээр нь л ямар нэгэн зүйл идэх шаардлагатай. Ходоодны шүүрэл ялгарч, цөс хуримтлагдсан үед ямар нэгэн зүйл идсэнээр ходоод гэмтэх байдлыг багасгадаг. Дараагийн шатанд буюу өглөөний цайгаа ууж хэвшсэн үедээ юу идэх вэ гэдэг зүйл яригдана.
Бидний хүнсэнд агуулагддаг таван шимт бодис бий. Үүнд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс гэж байдаг. Энэ таван шимт бодисыг агуулсан хоол хүнсийг хэрэглэх нь чухал юм. Жишээлбэл, та өглөө босоод гурилан бүтээгдэхүүн л хэрэглэдэг бол нүүрс ус л хэрэглэсэн гэсэн үг. Магадгүй өндөг, сүү нэмж хэрэглэлээ гэхэд уураг нэмэгдэж байгаа хэрэг. Үүн дээрээ нэмээд ногоо нэмж хэрэглэхийг хичээвэл таван шимт бодисыг авахад тустай юм. 
-Эрүүл бус хооллолт гэж юу вэ? Гарах хор уршиг нь юу байдаг вэ?
-Эрүүл бус гэдэг нь маш олон цогц ойлголтыг агуулж байгаа юм. Нэгдүгээрт нь таны идэж буй хоол гаднын бохирдол агуулсан эсэх нь чухал. Гаднын бохирдолд үс, хумс зэрэг гаднын биетүүд орно. Мөн бичил биетний бохирдол буюу зөв газар хадгалсан эсэх, зөв хэмд хадгалсан хүнс мөн эсэх нь чухал юм. Эдгээр шаардлагыг хангасан хүнсийг эрүүл гэж ярих бол эрүүл бус хооллолт дээр та өөрийгөө эрүүл зөв хооллолтын зөвлөмжтэй харьцуулж үзэх нь чухал. Та өдөрт хоёр аяга сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, 400 гр жимс иддэг үү? Та магадгүй хэрэглэж чадахгүй байгаа бол шим тэжээлээ бүрэн авч чадаагүй хэрэг юм. Энэ нь эрүүл зөв хооллолт биш гэсэн үг. 
-Дэлгүүрээс шингэн зүйл авахдаа газтай ундаа л авахгүй бол болохгүй санагддаг гэж олон хүнээс сонсож байсан. Газтай ундаа байнга уух нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?
-Газтай ундааг бүтцээр нь авч үзвэл усан дээр их хэмжээний сахар байна. Үүнд хүнсний нэмэлтүүд буюу хадгалах нөөцлөхөд зориулсан нэгдлүүдийг агуулсан шингэнийг ундаа гэж нэрлэдэг. Бүх ундааны төрөл бүгдээрээ л адилхан бүтэцтэй. Газтай ундаа уувал яс сийрэгжинэ гэж ярьдаг. Гэтэл бүх төрлийн ундаанууд яг адилхан. Газтай ундаанд ганц нэмэлт зүйл байгаа нь нүүрсхүчлийн хий байгаагаар л өөр юм. Газтай ундаа уугаад яс сийрэгждэг бол бусад газгүй ундаанууд уусан ч яс сийрэгжинэ гэсэн үг. 
Хүмүүс газтай ундаа уумаар байдаг шалтгаан бол нүүрс хүчлийн хийтэй холбоотой. Дийлэнхдээ хоолны араас уумаар санагддаг шүү дээ. Хоол идэхэд ходоод дүүрч, дүүрсэн байдал дээр газтай ундаа ууснаар ходоодонд зай гарч тайвширч байгаа мэт мэдрэмж төрдөг. Мөн хоол идсэнээр хүний биед цусны эргэлт сайн явагддаг. Энгийнээр хэлбэл дулаан үүсдэг байна. Энэ үед хүйтэн ундаа ууснаар тайвширсан мэдрэмж авдаг. Энэ мэдрэмжтэй холбоотой газтай ундааны хэрэглээ маш өндөр байдаг. Хүмүүсийн газтай ундаа ууж буй давтамжийн асуудал их чухал. Та ундаа уухдаа өдөр болгон ууж байна уу. Уухдаа хэр хэмжээгээр ууж байна гэдэг нь чухал юм. Нэг уухдаа их хэмжээгээр уудаг бол асуудалтай гэсэн үг. Харин нэг уухдаа бага хэмжээгээр нэг аягаас илүү уудаггүй. Мөн чихрийн хэрэглээ нь бага байвал тийм ч их асуудал болохгүй.  
-Хоол идсэний дараа ямар нэгэн зүйл дутуу санагдаж, заавал амттан идмээр санагддаг. Энэ нь хүний биед хэр сөрөг нөлөө үзүүлдэг бол?
-Нийтлэг тохиолдолд хоолны дараа амттан идмээр, оройн хоолны дараа чихэрлэг зүйл идмээр санагддаг гэж ярьдаг. Энэ нь юуг илэрхийлж байна гэвэл өглөө, өдрийн хоол шим тэжээл багатай байсныг илтгэж байгаа юм. Магадгүй эдгээр хүмүүс өглөөний цайгаа уухгүй байна. Мөн өдрийн хоол идэхдээ шим тэжээлийн агууламж багатай хоол худалдаж авч байна гэсэн үг. Тиймээс өглөө, өдрийн хоол идэхдээ дунд нь хэрэглэх хөнгөн зуушнууд дээр анхаарах нь чухал. Иймэрхүү чихэрлэг бүтээгдэхүүн байнга хэрэглэх хандлага удаан үргэлжилбэл хоол шим тэжээлээс шалтгаалсан өвчлөлд өртөх эрсдэлтэй.
Таны идэж буй хүнсний бүтээгдэхүүн шим тэжээлгүй байгаа учраас л чихэрлэг зүйлс идмээр санагдаж байгаа юм. 
-Тэгвэл ямар хүнс сонгож хэрэглэх шаардлагатай вэ, юуг яг зөв хооллолт гэж хэлэх вэ?
-Ойр тойрны хүмүүс болон өөр дээрээ тусгаж харахад хамгийн чухал зүйл бол уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн болон жимс ногоо хэрэглэх нь чухал юм. Уураг сайтай хүнсийг хүмүүс ойлгохдоо мах сайн идэх л гэж боддог. Энэ нь махны асуудал огт биш юм. Уургыг бид нар юу юунаас авч болох вэ гэвэл өндөг болон тахиа, загас, буурцаг, дүпү, шошоос авч болно. Мөн тараг, сүү сүүн бүтээгдэхүүнээс уургаа авч болно. Олон төрлийн уургийн эх үүсвэрээс уураг авах нь чухал юм. Түүнчлэн ногоо, жимс аль болох их хэрэглэх гэж хичээх хэрэгтэй. 
Мах их хэрэглэхэд өөх тосны асуудал дагаад явж байдаг. Өөх тос багатай хоол хүнс хэрэглэхийн тулд хичээх нь чухал юм. Бидний өдөр тутамдаа баримталж болох зарчим гэвэл уураглаг хүнс дээр нэмээд жимс, хүнсний ногоо их хэрэглэх хэрэгтэй. 
Тараг гэж авч үзэхэд чихэртэй, чихэргүй тараг гэж бий. Та сонголтоо хийхдээ аль болох сахаргүй тараг сонгох нь зүйтэй. Сахрын хэрэглээ нэмэгдэх хэрээр таргалалт болон олон төрлийн өвчний суурь болдог. Магадгүй сахартай тараг уух бүлгийн хүмүүс гэвэл бага насны хүүхдэд гоё амтаар нь дамжуулан дотор нь агуулагдах кальци, фосфор зэрэг шимт бодисыг өгч болох юм. Сахартай тараг байлаа гээд сүүнд агуулагдах шимт бодисууд алга болно гэж байхгүй. 
-Зөв хооллолт нь хүний сэтгэлзүйд нөлөөлдөг үү?
-Зөв хооллолт нь хүний сэтгэлзүйд мэдээжийн хэрэг маш их нөлөөлдөг. Байнгын чихэр, сахар агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсээр байвал хүнд донтолт үүсдэг. Энэ нь цаашлаад хүний сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж эхэлдэг юм. Түүнчлэн бидний бие дэх бичил биетэн, ашигтай бактерид сөргөөр нөлөөлдөг. Ашигтай бактери нь хүний сэтгэл зүйтэй холбогддог бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг гаргадаг. Эдгээр бактерийг дэмжиж чадвал хүний сэтгэл зүйн байдал сайжирч, сэтгэл гутралд өртөх нь багасдаг байна. Тэгэхээр ашигтай бактерийг нэмэгдүүлэх арга нь дээр дурдсан эрүүл зөв хооллолт болох хүний биед хэрэгцээтэй шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх нь юм. Та эрүүл зөв хооллосноор сэтгэл зүйн байдлаа бүрэн дэмжих боломжтой. 
-Ярилцсанд баярлалаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн