1. Оффисын орчин ба ажлын хэрэглэгдэхүүн
Японы орчин үеийн компаниуд эмх цэгцтэй, хэмнэлтэй, өндөр бүтээмжтэй ажиллах чиглэлд ихээхэн анхаардаг бөгөөд ихэнх оффис нь “open space” буюу нээлттэй төлөвлөлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, хамт олон нэг дор сууж, удирдлагууд ч тусдаа өрөөнд суух нь ховор үзэгдэл болсон. Энэ нь багийн ажиллагаа, шуурхай харилцаанд эерэгээр нөлөөлнө. Бараг бүх ажилтан өөрийн компьютер, гар, хулгана, дугаарласан шүүгээтэй байх нь Монголын оффис соёлд ч түгээмэл үзэгдэх болсон. Зарим оффис "hot desk" буюу өөр суудал дээр ажиллах боломжтой систем ч нэвтрүүлдэг. Харин үзэг, тэмдэглэлийн дэвтэр зэрэг бичгийн хэрэгсэл нь өндөр чанартай, нарийн хийцтэй байдгийн дээр төлөвлөгч дэвтэр хэрэглэх нь Японы оффис ажилтнуудад гүн суусан соёл гэж ойлгож болно. Тэд цагийн менежмент, уулзалтын тэмдэглэл, ойрын зорилтуудаа гар бичмэлээр хөтөлдөг. Сонирхолтой нь принтер, сканнераас гадна одоо ч Японд факс төхөөрөмж хэрэглэдэг байгууллага олон бий. Мэдээж цай, кофены автоматмашин, усны машин, амрах булан (break room) зэрэг нь ихэнх оффист байдаг бол зарим оффист бүр амралтын өрөө, массажны сандал, жижиг гал тогоо ч байршуулдаг.
2. Цагийн хуваарь ба ажил амьдралын тэнцвэр
Япончууд долоо хоногт 40 цаг ажиллах хуваарьтай байдаг ч шударга зүтгэлийг харуулахын тулд илүү цагаар ажиллах нь уламжлалт компанийн соёлд түгээмэл байдаг. Тиймдээ ч орой 21:00 хүртэл ажиллах нь хэвийн үзэгдэл болж, долоо хоногт 80 хүртэлх цаг ажилласан байх тохиолдол ч бий. Улмаар хэт их ажилласнаас үүдэлтэй нас баралт 1990-ээд оноос хойш Японы нийгмийн асуудал болоод байна. Харин 2019 оноос хойш ажил амьдралын тэнцвэрийг хадгалахын тулд Японы төрөөс илүү цагийг хязгаарлах, уян хатан ажиллах боломж олгох, зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэрэг бодлого баримталж байна. Түүнчлэн сар бүрийн сүүлийн баасан гарагт ажилтнууд 15:00 цагаас өмнө тарж, амралт эдлүүлэх уриалга гаргасан ч төдийлөн хэрэгжээгүй. Харин зарим байгууллага ажилтнуудаа архаг стресс ядаргаанд орох, ажлаас халшрах хам шинжид өртөх зэрэг асуудлаас ангид байлгахын тулд хөдөө тосгон руу богино хугацаагаар томилж, ажил, амралт хосолсон хөтөлбөр зохион байгуулж байна. Мөн оффис дотроо стресс бууруулах булан, иогийн өрөө, бясалгалын орчин бүрдүүлдэг.

3. Оффисын орчин дахь гадаад үзэмж ба харагдах байдал
Өмнө нь эрчүүд хар эсвэл хөх өнгийн костюм, цагаан цамц, зангиа өмсөж, эмэгтэйчүүд нь саарал, хар өнгийг хослуулан даруухан хувцаслаж, багахан нүүр будалт хийдэг байсан бол одоо “Business casual” буюу цэвэрхэн, эмх цэгцтэй боловч хувь хүний онцлогт тохирсон хувцаслалтын хэв маяг газар авч байна. Тухайлбал, зангиа зүүх нь албан журам бус сонголт болж, эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй нүүр будалт хийж, үсний хэв маягтаа анхаарч, хөнгөн бөгөөд цэвэрхэн загвартай пүүз өмсөж, даавуун цүнх үүрч, чөлөөтэй боловч мэргэжлийн харагдахыг зорьдог болжээ. Тэр бүү хэл эрчүүдийн дунд арьсаа арчлах тренд хүчтэй дэлгэрч, хөмсгөө засаж, арьсны өө сэвийг далдлах хөнгөн нүүр будалт ч хийдэг болж. Мөн олон байгууллага ЛГБТК хүмүүст найрсгаар хандаж, хүйсээр хязгаарлахгүй хувцаслалт зөвшөөрдөг болсноо илэрхийлж байна.
4. Шинэ үеийн моод ба байгууллагын соёл
COVID-19 цар тахлын улмаас компаниуд “remote work” буюу гэрээс ажиллах арга хэлбэрийг нэвтрүүлэх болсон. Хэдий цар тахал дууссан ч энэ хэв маяг компаниудад улам боловсронгуй байдлаар хэрэгжиж, “work from anywhere” уриан дор кофешопоос, коворкинг оффисоос гээд хүссэн газраасаа ажиллахыг зөвшөөрч, долоо хоногийн 2-3 өдөр оффисоос, үлдсэн өдрүүдэд гэрээсээ ажиллах нэн таатай боломжуудыг бүрдүүлж байна. Мөн цагийн хуваарийн хувьд хяналт бус итгэлцэлд тулгуурласан систем рүү шилжиж, хэн ч санаа дэвшүүлж, санал хэлэх боломжтой багийн соёл тогтож байна. Удирдлагууд ба ажилтнуудын хоорондын зайг багасгах зорилготой "flat management" соёлыг олон компани нэвтрүүлж, 360 градус үнэлгээ, ажилтны дотоод сэтгэл ханамжийн судалгааг тогтмол хийдэг болсон нь авууштай. Мөн компанийн зорилго, гүйцэтгэл, удирдлагын шийдвэрийг ажилтнуудад нээлттэй тайлагнах нь шинэ соёлын нэг хэсэг.
5. Оффис болон үйлчилгээний орчин нэг дор цогцлохын давуу, сул тал
Үйлчилгээний байгууллагуудын оргил цагаар дуу чимээ ихсэж, хүний хөдөлгөөн нэмэгдэх тул оффисын орчинд төвлөрөхөд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Зарим компаниуд аюулгүй байдлын тусгай шаардлага тавьдаг бөгөөд үйлчлүүлэгчид оффисын орчинд ойр байвал аюулгүй байдал, мэдээллийн нууцлалын асуудал ч хөндөгдөж болох юм. Гэхдээ мэдээж ажлын зав зайгаар кафе, дэлгүүр, салон, банкны үйлчилгээ авах боломжтой тул цаг хэмнэж, стресс буурах ач тустай. Нөгөөтээгүүр тухайн үйлчилгээний байгууллага тогтмол хэрэглэгчтэй болох бөгөөд том зургаар нь харвал барилгын ашиглалт, түрээсийн өгөөж нэмэгдэж, тээврийн ачаалал, зорчих цаг буурна. Монголд ижил төрлийн консепцтой оффисын барилга цөөнгүй байдаг боловч япон зэрэглэлийн бизнес тауэр одоохондоо байхгүй. Гэхдээ нэг сайн мэдээ гэвэл, тун удахгүй зэн консепц бүхий бизнес зэрэглэлийн Томо тауэр сүндэрлэх гэж байгаа бөгөөд нийт 18 давхар, долоо хүртэлх давхартаа үйлчилгээний талбайг төлөвлөж байгаа гэнэ. Ирэх оны долоодугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж буй тус барилгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.